Аргентин улсын шилдэг хөлбөмбөгч Лионель Месси ДАШТ ид өрнөж буй үеэр нутгийнхаа OLE сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлагыг өгчээ.
-Лео ингэхэд яг одоо таны дотоод бодол, үзэл ямархуу түвшинд байна вэ?
-Хором бүрийг бие сэтгэлээрээ мэдэрч аз жаргалдаа умбаж байна гэх үү дээ. Үнэн шүү. Талбайд гарах бүрдээ энэ хөлбөмбөгийг үзэх гээд ирсэн мянга мянган хүмүүсээс цацарч буй тэр сайхан эрч хүчийг амталж мэдэрнэ гэдэг жаргал биш гэж үү. Гэр бүлийнхнийгээ, үр хүүхдүүдээ тэдэн дунд байгаа, надтай хамт чичирч, гомдож баярлаж байгаа, багтай минь хамт ялалтыг маань хуваалцаж байгаа гэдгийг мэдрэх тун сайхан. Тэд маань Copas America-д түрүүлэхэд хамт байсан ч гэлээ ДАШТ бол шал өөр, энд тоглолт бүр амин чухал гэдгийг анзаарсан байх. Чичрүүлж л байна шүү.
-Хүүхдүүд чинь тун тайван сууж байгаа харагдсан. Тэдэнтэйгээ тоглолтын талаар ярилцдаг уу?
-Бид ДАШТ гэж ер нь юу юм бэ, ажил төрөл маань хэрхэн өрнөж байна, тоглолт яагаад ийм тийм болов, бид хэрхэн тоглов гэдэг талаар тогтмол ярилцдаг. Боломжийнхоо хэрээр дотоод мөн чанарыг нь тайлбарлахаар тун нухацтай сонсоно гээч.
-Дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байгаа шүү гэх дарамт тун хэцүү байх даа?
-Би ер нь ДАШТ-д оролцох бүрдээ энд байх мөч бүхнийг алдалгүй амсаж, мэдэрч, ой тойндоо тогтоож үлдэхийг хичээдэг. Өнөөдөр ч гэлээ ялгаагүй. Харин нас яваад туршлага зузаараад ирж буй өнөө цагт зарим нэгэн зүйлс арай өөрөөр харагддаг болжээ. Залуус хэрхэн ялагдал, хожигдлоо даван туулахыг харах таалагдлаа. Энд байгаа нутаг нэгтнүүд, Аргентинд байгаа зон олон маань ямар ч лут хөгжөөн дэмжигчид юм бэ гэдгийг мэдрэх гайхамшиг биш гэж үү.
-Одоо Нидерланд өмнө чинь зогсож байна?
-Солиотой гоё тоглолт болно гэж найднам. Чанга баг, авьяаслаг хөлбөмбөгчид, ухаантай дасгалжуулагчтай хамт олон шүү дээ. Маш хэцүү байх болно гэдгийг хэлж чадна.
-Хасагдах шатны эхний тоглолтын талаар дурсаач?
-Шүүгчийн шүгэл дууссан дохиог өгөхөд л сэтгэл амарлаа шүү дээ. Тэгж зовох ёсгүй байлаа. Өөрсдийнхөө тайвшрал, хайнга байдлаас тийм нөхцөлд унаж байгаа юм. Тоглолтын хэмнэлийг хяначихсан, 2:0-ээр хожиж явсан хүмүүс зүгээр л хоосон газраас гоол алдаад. Тэгээд бөмбөгөө хадгалж, тогтоож чадахгүй зорилгогүй цөлөөд эхэлж байгаа юм. Үнэн гэвэл бас ийм мөчүүдийг мэдэрч, давж чаддаг байх, тэсвэрлээд өнгөрөх нь цааш ахих үйлдэлд хэрэгтэй. Тэд биднийг чичрүүлээд нэмэлт цаг руу чирээгүй үлдсэнд баярлахаас өөр яах билээ.
-Аргентин дахиад л шилдэг наймын эгнээнд багтлаа. Энэ нь гавьяа мөн үү?
-Бид энд ирэхээсээ өмнө цомын эзэн байж болох магадлалтай улсуудын нэгд тооцогдож байсан шүү дээ. Одоо ч хэвээрээ. Эндээ зогсож үлдэхгүй цаашлаад ахихын төлөө л тоглоно.
-Тийм шүү. Тэр гоолын төлөө, тэр тоглолтын төлөө үргэлжлүүлээд шилдэг наймд багтсаны төлөө танд баяр хүргэе. Одоо жаахан амраад авах нь ээ дээ?
– Тэгэлгүй яахав, амралтын энэ хэдэн өдөр сэргэлт авахад тун хэрэгтэй. Польшийн эсрэг тоглоход цуцаж гурав хонолгүй дараачийн чанга тоглолтоо хийсэн хүмүүст энэ амралтын өдрүүд ус агаар мэт чухал гээч.
-Ингэхэд бусад багуудын тоглолтыг үзэж чадаж байна уу?
-ДАШТ-ий эргэн тойронд өрнөж буй үйл явдлаас боломжийн хэрээр хоцролгүй анхаарал тавьж байх гэж хичээж л байна. Цаг зав нь гарвал зарим нэг тоглолтуудыг үзэж байгаа. Тэмцээн эхлэхээс өмнө би Бразилийн шигшээ багийг онцолж байсныг санаж байна уу. Тэд гойд сайн байна. Хэдийгээр Камерунд хожигдсон ч гэлээ тэд зүй ёсоор эхний эгнээнд бичигдэнэ. Франц мөн адил. Испаничуудыг бас онцолмоор байна. Хэсгээсээ гарахдаа жаахан бүдэрсэн ч гэлээ испаничуудын тоглолтын философи яг хэвээрээ. Бөмбөг авсан л бол хяналтаа өрсөлдөгчдөө өгөхгүй, удаан хугацааны бөмбөг эзэмшилт, богино дамжуулалт, зөв байрлал гээд тэдний залуучууд гоё байна аа.
-Германы шигшээ баг хэсгээсээ гарч чадалгүй гэртээ харих болоход гайхсан уу, та?
-Аймаар гайхсан. Тэнд чинь авьяаслаг залуучууд, туршлагатай хөлбөмбөгчдийн цогц байсан юм шүү дээ. Герман мөнхөд шилдгүүдийн эгнээнд байсан. Урьдах ДАШТ-ий хэсгээс гарч чадаагүй тул энэ удаа баталгаатай цааш ахина гэж бодтол. Нөгөө талаас нь дүгнэвэл, хөлбөмбөг жигд хөгжиж буйг хэлээд байгаа юм биш үү. ДАШТ гэдэг бол тун хэцүү тэмцээн. Багууд бусдаасаа гойд ялгараад байх боломжгүй болж аль ч баг хожиж дээшлэх чадвартай болсныг харуулж байна. Том нэр, өнгөрсөн түүх ялалтын замыг чиглүүлдэг цаг өнгөрчээ. Жил өнгөрөх тусам багуудын хоорон дахь ялгаа улам багасаад л байна даа.
Бэлтгэсэн:
Д.Бат-Эрдэнэ