Шинэхэн цахилгаан автомашинаа худалдаанд гаргаад буй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани дараагийн бүрэн цахилгаан загвараа танилцууллаа.
Седан ангиллын “EQE” загвар нь илүү том салонтой, нэг цэнэглэлтээр 660 км зам туулах боломжтой аж. Мөн тус компанийн анхны бүрэн цахилгаан загвар болох “EQS”-ээс үнийн хувьд хямд байх юм байна. Шинэ загвараа энэ долоо хоногт Германы Мюнхен хотноо болох авто шоунд танилцуулах товтой байгаа юм. “EQE” загвар “Mercedes-Benz” компанийн борлуулалтыг дэмжинэ гэж “Metzler Bank”-ийн шинжээч үзэж байна.
Үүнээс гадна “Mercedes-Benz”-ийн толгой “Daimler” компани “Mercedes-Benz”-ийн 2021 оны борлуулалтын төсөөллийг бууруулаад байгаа юм.
Хагас дамжуулагчийн хомсдол 2023 он хүртэл үргэлжлэхээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ола Каллениус мэдэгджээ.