Categories
мэдээ цаг-үе

Мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд робот ашигладаг болжээ

“Хэвтэрт орсон хүнийг босоод алхдаг болтол нь зургаан сарын турш тусалж дэмждэг робот Австралид 300 мянган доллар байлаа гэхэд Хятадад 50 мянган доллар болсон байна. Одоогоор монголчууд иймэрхүү үнэтэй технологиудыг ашиглах боломж багатай ч ирээдүйд өртөг нь багасахад нэвтрүүлэх боломжтой” гэж саяхан болсон Монголын Мэдрэлийн сэргээн засахын олон улсын хурлын үеэр Дэлхийн Мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн тэргүүн, доктор Leonard S W Li ярьсан юм. Уг хуралд “Сэргээн засах эмчилгээнд роботын хэрэглээ” сэдвээр илтгэл тавьсан түүнтэй ярилцлаа.


-Эдийн засгийн хямралаас шалтгаалаад, Монголд сэргээн засах төвүүд байгуулахад хүндрэлтэй байгаа. Олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу?

-Мэдрэлийн сэргээн засах төв гэхээр хоёр чухал асуудал бий. Тэнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, барилгын асуудал болон боловсон хүчнийг сургах тухай яригдана. Энэ талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудаас дэмжлэг авч болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Дэлхийн мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгээс Нигери улсад хандиваар Мэдрэлийн сэргээн засах төвийг байгуулж өгсөн. Энэ шугамаар мөн хүмүүсээ гадаадад сургаад авах боломжтой. Мэдрэлийн сэргээн засах төв байгуулж, боловсон хүчнээ бэлтгэх ажлыг нэг өдөр хийчихгүй. Үе шаттайгаар явж байж үр дүнд хүрнэ.

-Улс орнуудад судалгаа хийсэн гэсэн. Мэдрэлийн эмгэг ихсэхэд нийгмийн стресс, эдийн засгийн байдал нөлөөлдөг үү?

-Нийгмийн нөхцөл байдлаас илүү дэлхийн хүн ам насжиж байгаа нь нөлөөлж байна. Насжилтыг дагаад гурван том мэдрэлийн эмгэг тохиолдож байна. Нэгдүгээрт, тархины цус харвалт, дараа нь зөнөгрөл, дэмийрэл, Паркинсоны эмгэг гэсэн гурван өвчлөл насжилтаа дагаад өсч байна. Энэ нь улс орнууд халамжийн систем, сэргээн засах эмчилгээнд зарцуулдаг мөнгөө ихсгэх шаардлага бий болгож байгаа юм.

-Монголын мэдрэлийн сэргээн засах салбарын нөхцөл байдалтай танилцсан байх. Эхний ээлжинд ямар зөвлөгөө өгөх вэ?

-ДЭМБ-аас 2030 он хүртэл сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлийн асуудлаар зөвлөмж гаргаад, стратеги хэрэгжүүлж байгаа. Монгол Улс сонгогдсон хэдэн орны нэг. Энэ дагуу сонгогдсон орнуудын сэргээн засахын нөхцөл болон бусад асуудлууд эхний ээлжинд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Сэргээн засахын нөхцөл байдал сайжрахад тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс, улсын бодлого чухал. Яг одоогийн нөхцөл байдалдаа тохируулаад, зорилгоо сонгох ёстой. Нэгдүгээрт, өртөг багатай хөдөлгөөн засал болон хөдөлмөр засал бусад сэргээн засах эмчилгээнүүдээ хийгээд, технологи бага ашиглаад явж болно. Нөгөө нэг зам нь маш өндөр үнэтэй роботуудыг ашиглаад эмчилгээ хийж болно. Монголын нөхцөлд мэдээж эхнийх нь тохиромжтой болов уу. Технологи хөгжихийн хэрээр өрсөлдөөн бий болж сэргээн засахын роботуудын үнэ хямдарч эхэлж байна. Мэдрэлийн эмгэгүүд төв мэдрэлийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Жишээлбэл, харвалт өгсний дараа саажилт үүсдэг. Эрүүл мэндийн технологи хөгжиж, үр дүнд нь бид булчин, үений ЭХО хийж байна. Харвалтын дараа мөрний сүлжээний саатай болсон хүн байлаа гэхэд булчин үений ЭХО-гоор хараад, ботулин токсин тарьдаг болсон нь үр дүнтэй байна.

-Хэвтрийн өвчтэй, настай хүмүүсийг үр хүүхэд нь удаан хугацаагаар асрахад бэрхшээлтэй болсон. Тийм хүмүүс Хонгконгт бол хаана очдог бол?

-Хонгконгт сувилахуй, асрамжийн газруудыг олноор байгуулж, ийм асуудлуудыг шийдэж байна. Ийм сувилгааны газруудаас гадна асаргаа сувилгаа шаардлагатай настануудыг гэр бүлийн гишүүд нь харж асардаг тохиолдол бас олон. Ийм нөхцөлд харвалтын дараа асаргаа хийхэд гэр бүлийн гишүүдэд сургалт хийдэг. Сувилалд үзүүлэх үйлчилгээг гэр бүлийн гишүүд нь үзүүлэх боломжийг олгодог. Ингэж сэргээн засах багийн ажлын дүнд өвчтөний амьдрах чадвар дээшилж, эдгэрэлт хурдан байдаг гэлээ.

Энэтхэгээс ирсэн Нирмал Суряа ярихдаа “Дэлхийд нөхөн сэргээлт шаардлагатай хувь хүмүүсийн зөвхөн гурван хувь нь уг үйлчилгээг авдаг” гэж онцолсон. Бага орлоготой орнуудын 60 хувьд нь мэдрэлийн нөхөн сэргээх үйлчилгээ байдаггүй гэлээ. Хөгжиж буй орнуудад нас баралтын хоёр дахь түгээмэл шалтгаан харвалт болж байна. Залуу хүмүүст ч харвалт ихээр тохиолдож, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

“Монголын Мэдрэлийн сэргээн засахын өнөөгийн байдал” сэдвээр илтгэсэн М.Үүрийнтуяа эмчтэй энэ сэдвээр ярилцлаа. Тэрбээр “Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн Мэдрэлийн сэргээн засах төвүүдийг бий болгох шаардлагатай” хэмээн илтгэлдээ онцолсон. М.Үүрийнтуяа нь Монголын Мэдрэл сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн тэргүүн юм. Тэрбээр ярихдаа: -Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаар байрт мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь 2013 онд 6,8 хувь байсан бол 2017 онд 7,6 хувь болж өссөн. Мэдрэлийн өвчлөл дотроо тэргүүлэх өвчлөл нь тархины судасны өвчин, мэдрэлийн сүлжээ, нуруу нугасны эмгэг байна. Манай оронд мэдрэлийн өвчлөл дэлхийн дундаж түвшинд байна. Хүн мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаад, өмнө нь хийж байсан ажлаа хийж чадахаа больдог. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг магадлах комиссын тайланд дурдсанаар сүүлийн гурван жилд мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдах нь жил ирэх тусам нэмэгджээ. Манай оронд 2017 оны эцсийн байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 67,4 хувь нь орон нутагт амьдарч байна. Мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусийн халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой. Манай нийгэмлэг байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэх, гадаад дотоод харилцаагаа бэхжүүлэх, дэлхийн чиг хандлагатай танилцах зорилгоор маш олон удаагийн олон улсын уулзалт хуралд оролцож, Ази, номхон далайн орнуудын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн гишүүн болсон. Мөн Дэлхийн мэдрэлийн сэргээн засах холбооны гишүүн болсон. Тэдэнд Монголын байдлыг танилцуулж, олон улсын хурал хийх санал тавьсан юм. Энэ хуралд Өмнөд Солонгос, Итали, Филиппин, Тайланд, Хонгконг, Энэтхэг зэрэг орны мэдрэлийн сэргээн засахын дэлхийн нэртэй долоон эрдэмтэн ирж, оношилгоо эмчилгээний ололт амжилт, судалгааны үр дүнгээ бидэнтэй хуваалцаж байна. Энэ хурлыг Эрүүл мэндийн яам, Монголын Мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хуралд 21 аймаг, есөн дүүргийн 150 гаруй мэдрэлийн эмч, сэргээн засалч эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар хамрагдаж байна.

Энэ удаа бид голдуу тархины харвалтын сэргээн засалтын тухай ярьж байгаа. Цаашдаа Монголын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэг ийм хурлыг жил болгон хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд хөдөлгөөн засалч, сэргээн засалчид хэр олон байдаг вэ?

-Зуу гаруй хөдөлгөөн засалч байна. Монголд анх удаа зургаан хөдөлмөр засалч саяхан бэлтгэгдсэн. Мэдрэлийн сэргээн засах эмчилгээг дандаа багаар хийх ёстой. Мэдрэлийн эмч, сэргээн засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дээр нь сэтгэл зүйч эмч байх ёстой.

-Монголд цус харвалтын тохиолдол их байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасагт хэд хоног хэвтээд, дараа нь өвчтөн хаана очих нь тодорхойгүй байдаг. Дараа нь яах вэ?

-Ер нь энэ бодлогын том асуудал юм. Дүүрэг, улсын эмнэлэгт хаана ч очсон хурц харвалтын үед 10-14 хоног л хэвтэж байгаа. Хурц харвалтын дараа сэргээн засах эмчилгээ хийх ёстой. Түүний дараа манайхан дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэгт хандаж байна, уламжлалт эмчилгээ хийлгэж байна. Гол мөн чанарын эмчилгээ мэдрэлийн сэргээн засах эмчилгээ гэдэг маань эмийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээг хослуулах учиртай. Хувийн хэвшлийн байгууллагуудаас “Эпимон” мэдрэлийн эмнэлэг энэ чиглэлээр дагнаж ажилладаг.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ чиглэлийн эмчилгээг хэр хөнгөлдөг вэ. Тэр тусмаа нөхөн сэргээх эмчилгээ урт хугацаа шаарддаг шүү дээ?

-Манайх Эмнэлэгийн тусламж үйлчилгээний хуулиндаа сэргээн засахын урт хугацааны эмчилгээ байх ёстой гэж тусгасан болохоор удахгүй Эрүүл мэндийн даатгалын асуудал шийдэгдэх байх.

-Монголын мэдрэлийн сэргээх засах эмчилгээнд шинэ технологи нэвтэрч байгаа юу?

-Бид булчин, үений ЭХО хийж байна. Харвасан хүний шагай нь эргэж, мөр нь гэмтсэн эсэхийг булчин үений ЭХО-гоор харна. Харвалттай хүний гар хөлний чангарсан булчинг сулруулах эмчилгээ хийж байна. Харвасан хүнд робот эмчилгээ хийж байна. Энэ эмчилгээ хараахан манайд нэвтрээгүй байгаа. Сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх нь багийн ажил. Засгийн газар, ЭМЯ, иргэн, төрийн бус байгууллага, санхүүжилт бүгд холбоотой.

-Хэвтрийн өвчтэй, хөдөлгөх боломж муутай өвчтөнтэй гэр бүлийн хувьд дуудлагын сувилагч, сэргээн засалчийн үйлчилгээ шаардлагатай. Ийм үйлчилгээ байдаг уу?

-Цогц үйлчилгээ шаардлагатай. 1900-2000 тусгай дугаараар дуудлага хүлээн авч, гэрийн асаргаа үзүүлдэг үйлчилгээ бий болоод нэг жил болж байна. Харвасан хүний гэрт очиж, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Мэдрэлийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зөвлөгөө өгнө, үйлчилгээ үзүүлнэ. Гэрийн асаргаа нэг өдөр, гурван өдөр, цагаар хийх үйлчилгээ ч байна.

-Харвалт залуужиж байна гэдэг. Харвахаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын ямар хэв маягтай байх учиртай вэ?

-Харвалтын талаар Мянганы сорилтын сангийн маш өндөр төлбөртэй төсөл хэрэгжиж байсан. Тэр үед манай иргэд энэ төрлийн мэдээлэл хараахан хүлээж авах болоогүй байсан юм болов уу гэж боддог. Одоо тийм сургалт сурталчилгаа явбал хүмүүс сайн ойлгож хүлээж авна даа.

Би энэ хуралд илтгэл тавихын тулд маш их юм уншиж судаллаа. Хүнийг тахир дутуу болсны дараа эмчлэх тухай ярих биш, урьдчилан сэргийлэх ёстой юм байна. Согтуугаар машин барихгүй бол зам тээврийн осол буурна. Өөрийгөө болон өрөөлийг тахир дутуу болгохгүй. Биедээ анхаардаг, дасгал хөдөлгөөн хийдэг, архи тамхи хэрэглэхгүй, зөв хооллож, зөв амьдрах юм бол харвахдаа тулахгүй. Эрсдэлт хүчин зүйлээс сайтар урьдчилан сэргийлж, сургалт хийж чадвал олон хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадна. 2017 онд 15 мянган хүн шинээр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Энэ тоог багасгаж болох байсан.

-Харвах эрсдэлтэй байна гэдгээ мэдэхийн тулд ЭХО-д харуулах уу?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлсэн шүү дээ. 2017 онд 40, 45, 50, 55, 60, 65 насны хүмүүст халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, үзлэг шинжилгээг даатгалаар хийсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдсанаар энэ үйлчилгээг тогтмол үзүүлж байна гэлээ.

Нуруу нугасны эмгэг, толгой өвдөх, уналт таталт, нойргүйдэл зэрэг нь мэдрэлийн өвчлөлд багтдаг байна. Чихрийн шижин зэрэг архаг өвчний улмаас мэдрэлийн системд хүндрэл өгч байгаа тохиолдлууд ч мөн мэдрэлийн эмгэгт ордог гэнэ шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *