Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Чингис зочид буудлын Тэмүүжин танхимд “Сэтгүүлзүй–104 жил” ёслолын ажиллагаа боллоо.
1913 оны гуравдугаар сарын 06-нд Монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгон жил бүр тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны VII Их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэх болжээ.
Ёслолыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээж үг хэллээ. Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хүндтэй ахмад МУСГЗ Б.Лигдэн, Д.Дорждулам, М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж хүндэтгэл үзүүлэв.
82 настай ахмад сэтгүүлч Д.Дорждулам гуай хэлэхдээ “Би малын эмчээс сэтгүүл зүйн салбар руу орж ОХУ-ын Москвад суралцаж сэтгүүлч болсон. Энэ мэргэжилдээ чин үнэнчээр өнөөг хүртэл 50 гаруй жил зүтгэж явна. Миний бие Москвад хоёр ч удаа сурвалжлагч, Латин Америк болон Куба улсад дөрвөн жил сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Залуу сурвалжлагч, сэтгүүлч та бүхэнд захиж хэлэхэд мэргэжилдээ үнэнч сэтгэлээр хандаж, үг нь үнэн, үзэг нь хурц байх болтугай” гэлээ.
МСНЭ-ийн дээд шагналууд болох Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагналтай зэрэгцэн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Алтан дүрмийн эзэн” мэдээний шагналыг 2016 оноос эхэлж тус агентлаг МСНЭ-тэй хамтарч олгодог болсон.
Уг шагналыг сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн бичдэг шилдэг сурвалжлагчид хүртээдэг.
Мэдээний шилдэг сурвалжлагчдад шагнал гардуулах үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ Б.Ганчимэг, “Юуны өмнө энэ салбарт ажиллаж сайн, муу хэлүүлж байдаг Монголынхоо үе үеийн бүх сэтгүүлчдэд Монголд мэргэжлийн сэтгүүлзүй үндэс сууриа тавьж, үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Монголын сэтгүүлзүйн хувьд түүхэн тэмдэглэлт өдөр. Мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Алтан дүрмийн эзэн”-ээр мэдээний шилдэг гурван сурвалжлагчийг тодруулж шагнаж урамшуулдаг уламжлалтай” гэв.
Энэ жилийн шилдэг мэдээний сурвалжлагчаар 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, iToim сайтын сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зургийн сэтгүүлч Б.Бямба-Очир нар тодорч шагналаа гардан авав.
Мөн МСНЭ-ийн дээд шагналаар зарим сэтгүүлчдийг шагнаж урамшуулав. Зохиолч, нийтлэлч С.Лочинг МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагналаар, доктор, профессор До.Цэнджавыг МСНЭ-ийн дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагналаар, сэтгүүлч Н.Лутбаярыг МСНЭ-ийн нэрэмжит шагналаар тус тус шагнасан бол 2012 оноос хойш уламжлал болон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах ажлын хүрээнд сэтгүүлч Ж.Нэргүйг “Монгол Улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг батламжлав.