Categories
мэдээ спорт

Мазала дээд лигийн анхны тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын хооронд боллоо.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяраар удирдуулсан “Сэлэнгэпресс” ,Орхон аймгийн нэр төр болсон “Хангарьд”-ын эсрэг тун хянамгай тоглолт үзүүлэв. Тодруулбал тоглолтын үндсэн цаг гоолгүй тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн сунгасан нэмэлт найман минутад хоёр гоол орлоо.

Хоёрдугаар үеийн дундуур их хэмжээний цас орж, шүүгч тоглолтын түр зогсоосон учраас найман минутыг сунгасан юм. Шүүгчийн мэдлийн минут эхлээд удаагүй байхад “Хангарьд” багийн ахлагч А.Эрдэнэбаяр торгуулийн талбайн гаднаас алсын цохилт гүйцэтгэн гоол оруулж, 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн анхны гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв.

Гэвч А.Эрдэнэбаярын гоол багтаа гурван оноо авч ирж чадсангүй. Шүүгчийн сунгасан найман минут дуусахтай зэрэгцэн “Сэлэнгэпресс”-ийн 20 дугаартай тоглогч Ч.Отгонбаяр гоол оруулав. Ингэснээр “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *