Categories
мэдээ спорт

“Мазала дээд лиг”-ийн техникийн зөвөлгөөн боллоо

Нэг жилд 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохиохоор болсон “Мазала” үндэсний дээд лигийн анхны улирлын техникийн зөвлөгөөн Монголын Хөл Бөмбөгийн Холбооны байранд боллоо.

“Мазала” үндэсний дээд лиг “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Арвис”, “Жипро” гэсэн шилдэг 10 клубийн хооронд дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн 10-р сарын долооыг хүртэл үргэлжлэнэ. Шагналын сан өссөнтэй холбоотойгоор багуудын өрсөлдөөн улам ширүүсэх нь дамжиггүй. “Цэвэр тоглолтын зарчим”-ыг сайтар баримтлаж тоглох ёстойг техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн багууд дуу нэгтэйгээр зөвшөөрлөө.

Энэ жилээс эхлэн үндэсний дээд лигийн нэг тоглолтод гурван гадаад иргэншилтэй тоглогч тоглож болно. Өмнөх жилүүдэд талбайд дөрвөн легионер тоглогч тоглож байсан нь шинэ залуу Монгол тоглогчид төрөн гарч ирэхэд сөрөг нөлөөтэй хэмээн МХБХ-ны Зөвлөл үзэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр MNB Sport суваг ажиллаж, “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулна. Үзэгчид MNB Sport суваг, mycujoo.tv-ээр тоглолтуудыг шууд хүлээн авч үзэхээс гадна оройн цагаар МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж багаа дэмжих боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *