Categories
гадаад мэдээ

Маяачуудын хоёр дахь том хот олдов DNN.mn

Ширэнгэн ойд амьдарч байсан Маяачуудын бас нэгэн асар том хот олон зууны дараа Мексикийн ширэнгэн ойгоос “санамсаргүй” байдлаар олджээ. Уг хотыг нээж олсон археологичдын нэг АНУ-ын Тулейн их сургуулийн төгсөх ангийн оюутан Лук Олд-Томас интернэтээс мэдээлэл хайж байхдаа Google-ийн хуудсанд байсан Мексикийн байгаль орчны хяналтын байгууллагын хийсэн лазерын судалгааг олж харсан байна. Энэ бол LiDAR ашиглан хийсэн судалгаа байсан аж. Li­DAR нь хэдэн мянган лазер импульсийг онгоцноос илгээж, эдгээр импульсийн буцаж ирж буй хурдыг ашиглан тухайн орчны дүрслэлийн зураг гаргадаг арга юм байна. Иймээс Томас археологичдын ашигладаг аргыг ашиглан уг өгөгдлүүдийг дахин боловсруулж МЭ 750-850 оны хооронд 30.000-аас 50.000 хүртэл хүн амьдардаг байсан асар том эртний хот ширэнгэн ойд байгааг илрүүлжээ. Энэ нь өнөөдөр тус бүс нутагт амьдарч буй хүмүүсийн тооноос ч их байгаа ажээ. Уг хотыг нээсэн Томас болон түүний хамтрагчид хотыг ойролцоох нуурын нэрээр нь Валериана гэж нэрлэжээ. Энэхүү судалгаанд оролцсон профессор Марселло Кануто “Бидний олдвор нь энд соёл иргэншил халуун оронд мөхөх гэж ирсэн гэсэн үзлийг үгүйсгэж байна. Бодит байдал дээр дэлхийн энэ хэсэг баялаг, нарийн төвөгтэй соёлын өлгий байсан. Хотыг сүйрүүлж, эцэст нь орхиход юу нөлөөлснийг бид тодорхой хэлж чадахгүй ч археологичид уур амьсгалын өөрчлөлт үүнд голлон нөлөөлсөн гэж үзэж байна” гэж тайлбарлажээ. Археологичдын үзэж байгаагаар энэхүү хот барилга байгууламжийн хувьд Майяачуудын хамгийн том хот гэж тооцогддог, эндээс 100 км-ийн зайд орших тансаг Калакмул хотын дараа орох бөгөөд эндээс пирамид, бөмбөгний талбай, далан, амфитеатруудыг олж илрүүлжээ.

Томас, Кануто нар ширэнгэн ойн хотын янз бүрийн хэмжээтэй нийт 6474 барилга байгууламж олж, эдгээрээс гурван цогцолборыг судалжээ. Харин уг судалгаанд оролцоогүй Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Элизабет Грэм “Энэхүү нээлт нь Майяачууд тусдаа жижиг тосгонуудад бус хөгжингүй хотуудад амьдардаг байсан гэсэн онолыг баталж байна. Уг хот гарцаагүй олон хүн амтай, өөрөөр хэлбэл өмнө нь оршин суучидтай байсан нь тодорхой харагдаж байна. Энэ нь уг хотыг өөрийн нүдээр харсан хэнд ч ойлгомжтой байна. LiDAR технологи нь халуун орны ширэнгэн ойн газар нутгийг судалж буй археологичдын хувьд хувьсгал болж, алдагдсан соёл иргэншлийн бүхэл бүтэн ертөнцийг нээж байна. Энэ аргыг Өмнөд Америкийн бүс нутагт ашиглаж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд археологичид өмнөх зуун жилээс 10 дахин олон нээлт хийсэн” гэж хэлжээ.

Судалгаагаар Маяачуудын соёл иргэншил МЭ 800 онд мөхөж эхэлсэн. Энэ нь тэд маш нягт амьдарч байсан учир уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ургац алдагдлыг даван туулж чадаагүй гэж үздэг байна. Иймээс Олд-Томас “Энэ олдвор ган гачиг болох үед энэ хотод шигүү суурьшсан хүн ам нь өөр газар нүүхээс өөр сонголтгүй болсныг харуулж байна. Хүмүүс тухайн бүс нутгийг орхин явах болсон нь байгаль орчны эрс өөрчлөлттэй холбоотой байх өндөр магадлалтай байж магадгүй. XVI зуунд Испанийн түрэмгийлэгчид энэ бүс нутгийг байлдан дагуулж байсан нь Майяачуудын хот-улсуудыг устахад мэдээж нөлөөлсөн. Би хэзээ нэгэн цагт Валериана руу очих нь гарцаагүй. Хот хурдны замтай маш ойрхон, энэ нь мэдээж давуу тал. Гэхдээ бид тэнд төсөл хэрэгжүүлнэ гэж би хэлж чадахгүй. Учир нь LiDAR-ын технолгийг археологичид хэрэглэх болсноор аль хэдийнэ маш олон археологийн дурсгалууд олдсон тул эрдэмтэд бүгдийг нь судална гэж найдах аргагүй” гэжээ.

Энэхүү судалгааны дүн эрдэм шинжилгээний “An­tiquity” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *