Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль санал авах хэлэлцүүлэг дээрээ явж байна. Энэ хавар батлагдах нь нэн тодорхой боллоо. “Шүгэл үлээгч” гэж яг хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолт дээр бол судлаачдын зүгээс “Үйл явдалд оролцсон гэрч байна” гэсэн томъёолол хэлсэн. Энэ нь авлига өөрийгөө барьж өгнө гэсэн утгаар биш. Жишээ нь Г.Доржзовод шиг “60 тэрбумын схем”-ийг хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн гэдэг шиг. Авлига авч өгөлцсөн тухайд бол Г.Доржзоводыг оролцуулахгүй, өөр шугамаар явсан зүйл шүү дээ. Гэхдээ Г.Доржзовод бол бодит гэрч. Яагаад гэвэл түүнд схемийг компьютер дээр зурж, самбар дээр танилцуулж байгаа бичлэг бий. Үүнийгээ л Г.Доржзовод нийгэмд зарласан. Түүнийг нь судлаачид жинхэнэ утгаараа “Шүгэл үлээсэн” гэж үздэг юм байна. Нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөө тэднийг зарласан, өөрийгөө эрсдэлд оруулсан гэж.
Нөгөө талаасаа бодит гэрч биш, үйл явдалд оролцоогүй, дунд нь зогсож байгаагүй, тэгсэн хэрнээ хэн нэгний өгсөн баримтаар, яриагаар, баталгаагаар, сурагаар шуугиан тарьж, олны анхаарлыг татаж шүгэл үлээхийг хууль эрх зүйн чадамжгүй, жинхэнэ “Шүгэл үлээгч” гэж үзэхэд эргэлзээтэй гэж тодорхойлох бололтой. Ингэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид хэрхэн эрх зүйн чадамжтай “Шүгэл үлээгч” болох тухайд сайн бодох асуудал. Хуулийн талаарх ерөнхий ойлголт ийм байна.
Ер нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа, философи, мөн чанар нь яг юу юм бэ. Тогтож бодох ёстой чухал сэдэв. Эцсийн үр дүн, муу үр дагавар нь юу юм. Цаг хугацааны уртад тус хууль гуйвах уу. Хуулиа дагасан биш, хуулиа давсан дүрэм журам гарч завхрах вий. Туйлшрал, хэнээрхэл, хэлмэгдүүлэлт, өшөө авалт… үгүй ээ ер нь юунд ч хүргэж мэдэх талаар судлаачид бичих, сэрэмжүүлэх боллоо.
Зарим судлаачдын үзэж байгаагаар бол “Шүгэл үлээгч” гэдэг хуучин нийгмийн матаасчид гэж тодорхойлж байна. Соц нийгмийн үед хоёр хүн тутмын нэг нь мэдээлэгч байсан гэх систем рүү орж байна гэж үзэх хуульчид, түүхчид байна. Бүр матсаных нь төлөө төлбөр төлдөг, урамшуулдаг схемийг энэ хуулиараа бий болгоно гэж байна. Шүгэл үлээгчийн хуулийн зүйл заалт нь тун чиг амаргүй. Матаасаар шууд 90 хоног шоронд суулгах боломжтой. Эхлээд 30 хоног баривчилна. Үргэлжлүүлээд 30 хоногоор хоёр удаа сунгаж болно. Шоронд 90 хонох байтугай 14 хоноод л ихэнх хүн нугардаг. Сэтгэл санааны хохирол амсаж “Энэ төмөр хаалганы цаана гарч, наранд алхаж л байвал бусад нь дүүрч” хэмээн ханддаг. Үүний төлөө юу гэж хэлж, яаж ч гүтгэж, зохиож, хэнийг ч золиослодог нь үнэндээ хүн төрлөхтний түүх юм. Тэр бүү хэл Монголын 1937 оны түүх юм. Ийнхүү 90 хоногийн дараа махны машин санасандаа хүрдэг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд… 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө 110 хүний нэрс Дотоод явдлын яаманд ирж, шөнө дундаас баривчилгаа эхэлсэн байдаг. Баривчилсан бүгдэд хатууг үзүүлсэн. Их удалгүй, 10 ч хонолгүй баривчлагдсан иргэдийн зүгээс тэр тэрийг би эсэргүү бүлэгт, Японы тагнуулаар элсүүлсэн хэмээн мэдүүлж эхэлжээ. Энэ бол үнэндээ матаас байв. Шоронгоос ч, гудамжнаас ч… ерөөсөө л бие биенээ матаж эхэлсэн. Матаас нь хоромхон зуурт гүтгэлэг болж хувирсан. Эхний өргөн баривчилгаа болох 110 хүний дийлэнх нь тус бүрдээ таван хүнийг матаж, гүтгэж баривчлуулсан. Баригдсан хүмүүс тус бүрдээ дахиад тав, арваар нь хүмүүс матсан, гүтгэсэн. Тэдгээр баригдсан бүгд нь бас матсан. Ингээд матаас нь геометрийн прогрессоор өсч, жил хагасын дотор 22 мянган монгол иргэн биесээ матаж, хэлмэгдүүлж, буудан хороогдсон юм. Тэр үед Монголын хүн ам нэг саяд ч хүрээгүй байсан гэж бодохоор аймшигтай их тоо. Ийм л өчигдрийн түүх бидэнд байна. Матаас гэдэг эцэстээ ямар аймаар завхрал авчирдгийн бодит баримт олон. Сүүлдээ эхнэрийг нь булааж суухын тулд аймгийн Дотоод хамгаалахын хэлтсийн дарга нөхөр, нөхрийг нь матаж шоронд суулгаад
байна
санасандаа хүрч байсныг хэнтийчүүд мэднэ. 1940 оны хүн амын тооллогоор Хэнтийн Дадал сумын буриад зон олон хэлмэгдэл, матаасын золиосонд бүрэн сөхөрч, тэр суманд эрэгтэй хүйстнийг тоолоход найман настай эрэгтэй хүүхдээс 80 настай өвгөнийг оруулаад таван эр хүйстэн амьд үлдсэн, бусад бүх эрэгтэйчүүд дууссан байлаа.
Монголын түүхэнд матаас гэдэг юмыг албан ёсжуулбал, төрийн механизм болговол, бүр хуульчилбал ямар аймшигт хүрдгийн жишээ энэ. Соц нийгэм ч ялгаагүй, хамт байнга явдаг байсан, хамгийн сайн найз нь цаг үргэлж түүний алхсан гишгэсэн бүрийг мэдээлж, матаж байсныг ерэн оны дараа аймгийнхаа прокурорын газрын архиваас олж үзээд ямар их гуртарснаа цэргийн дэд хурандаа Цагаач гэж хүн ноднин надад ярьж билээ. Хурандаа цол авч, анги салбар захирах хэмжээнд хүртлээ төрдөө зүтгэсэн ч, яагаад ч юм болохгүй шүүх, цагдаагаар явсаар эцэстээ дэд хурандаа цолтой буусан тэр буурал бол матаасчдын золиос юм. Матах гэдэг нь монголчуудыг ийм л болгодог, монголчууд өөрсдийгөө ийм юманд хүргэдэг, өчүүхэн амьтад болдог гэдгээ үргэлж санаж явах ёстой. Бид бахархах түүхтэй боловч бас болгоомжлох зан чанартай ард түмэн гэдгээ санаж явцгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр нам засгийн удирдагчдаас Х.Чойбалсан, Бумцэнд хоёр л амьд, шоронгүй үлдсэн. Бусад нь бүгд муугаа үзсэн, бусдынхаа мууг үзсэн. Тэдгээр хэдэн зуун төр засгийн удирдагчид, цэргийн томчууд дотроос бараг ганцаархнаа шахуу хэнийг ч маталгүй, мах цусаараа яргалалыг туулж, хамгийн сүүлд буудуулсан хүн бол Ерөнхий сайд Агданбуугийн Амар байв. Үүнийг Монголын бараг бүх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өнөөдөр А.Амар шиг нь хэд байх юм. Байгаа юм уу. Их эргэлзээтэй. Энэ бүх матаас, хэлмэгдүүлэлтийн
эцэст монголчуудын оюун санаанд юу үлдсэн гэхээр хэн нэгнийг далдуур матаж, мууг нь үзэж, гүтгэж байгаа хүнд яс махнаасаа дургүй болсон явдал юм. Энэ нь магадгүй бүр монголчуудын өв уламжлал, соёл болсон. Өнөөдөр удам судар нь тодорхой, гэр бүлийн сайн хүмүүжилтэй залуус дотор “Байхгүй нэгнийхээ талаар энд ярихгүй шүү” гээд нөхдийнхөө дэргэдээс босоод явдаг залуус байна. Хэн нэг найз нь, хэн нэгний талаар сөрөг юм ярих гэвэл “Би сонсмооргүй байна” гээд шулуухан холдох бүсгүй байна. Энэ бол монголчуудын уламжлалт ёс суртахуун, зан заншил, өв соёлын үргэлжлэл юм.
Тэгвэл өнөөдрийн монголчуудын ийм л өв уламжлал, соёл, мөн чанар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлийн эсрэг наад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа чинь сөрөн зогсож байна. Энэ хууль дан ганц төр засгийн үйл ажиллагаан дээр тогтож хэрэгжинэ, үүнээс халихгүй, давж гишгэхгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Бид түүхэндээ матах, гүтгэх, түүгээр хоол олж идэх, ашиг хонжоо хайхыг чадварлаг хийж ирсэн практиктай. Хөрс суурь нь сэргэхэд бэлэн байна. Бодит үнэн ийм болохоор хууль санаачлагчдаас асуумаар байгаа юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хийхдээ хэр судалсан бэ. Хожмын үр дагаврыг тултал тооцсон уу, олж харж чадсан уу, түүнээс сэрэмжлэх үзэл баримтлалыг нь наад хуульдаа хийсэн үү. Ер нь ямар эрдэмтэн судлаач, хуульчид наад хуулийн төсөл дээр чинь ажилласан юм бэ. Эргэж харах их зүйл энэ хуульд чинь байгаа юм биш үү. Энэ бүгдийг судалж, тооцохгүйгээр наад хууль чинь эцэстээ матаачдыг мандан бадраадаг, тэжээдэг хууль болчих вий. “Матаачид манддаг цаг ирдэг л юм байна” гэж зарим судлаачдын бичээд байгаа нь тийм ч оргүй сонсогдохгүй байгаа шүү…