Монгол улс жил бүрийн зургаадугаар сарын 28-ны өдрийг “Тамирчдын өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ жил уламжлал ёсоор ЭМСЯ, тус яамны
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу
“Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч,
тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын
салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс
баримталж буй бодлогын хэрэгжилт, түүний үр өгөөжийг олон нийтэд
сурталчлан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг аж.
Монголын “Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв
ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон
төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд
цэцэг өргөх юм байна.
Энэ үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба
тэргүүтэй албаныхан үе үеийн тамирчдад хандан үг хэлж, баяр хүргэнэ. Энэ
үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 053 тоот зарлигийн хэрэгжилтийг дүгнэж
аймаг, дүүргийг шагнаж урамшуулах юм. Мөн тус салбарт амжилт бүтээл
гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах юм байна.
Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг,
хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото
спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолт зэрэг олон
төрлийн сонирхолтой үзүүлбэрийг тоглож сонирхуулах юм байна.