Categories
мэдээ нийгэм

Маргааш “Хүүхдээ сонсох өдөр”

Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудаас Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 29, 30 болон зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Эдгээр өдрүүдэд ямар ямар ажлууд зохиогдох талаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл сонсгосон юм.

НИТХ-ын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг Улаанбаатар хот “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан. Энэ жилээс энэ арга хэмжээг илүү өргөтгөж байгаа аж. Хүүхдийг зөвхөн хүүхдийн баяраар эсвэл нэг өдөр л сонсоод өнгөрөх биш тогтмол сонсдог байя гэж эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ уриалах нь өдөрлөгийн гол зорилго ажээ.

Нийслэлээс энэ жилийг эцэг, эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах жил болгоод зорилт, хөтөлбөрүүдээ ийш нь чиглүүлсэн байгаа аж. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн эрхийг зөрвсөн асуудлууд арилна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Харин тавдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хүүхдийн төлөөх зөвлөл хуралдах юм байна. Энд өмнөх хурлаар гарсан шийдвэр, түүний хэрэгжилт болон энэ жилийн анхаарвал зохих ажлуудыг ярилцах гэнэ.

хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зурган илэрцүүд

Зургадугаар сарын нэгэнд уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ болно. Нийслэлийн соёл, урлагийн газар энэхүү арга хэмжээний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Сүүлийн хоёр жил энэхүү нэгдсэн арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн дор зохион байгуулж ирсэн. Энэ жил ч мөн энэ сэдвээр хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа юм байгаа бөгөөд Монголын хүүхэлдэйн театртай хамтарч ажиллаж байгаа. Нийт 1500 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл ажлаа хийгээд явж байна хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн мэдээллийн үеэр хэлж байв.

Харин Нийслэлийн цагдаагийн газраас хүүхдийн баяын арга хэмжээний үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эхнээс нь авахуулаад дуусан дуустал 24 цагийн хамгаалалт авч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Мөн бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруул, гараас нь байнга хөтөлж яваарай хэмээн анхааруулсан юм. Энэ үеэр аав, ээж асран хамгаалагчийнх нь гар утасны дугаарыг бичсэн гарын бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгөх юм байна.

хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зурган илэрцүүд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн хүүхдийн баярын өдөрлөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Энэ жилийн хувьд 18 эмч, эмнэлгийн ажилтан хүүхдийн баяраар ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд яаралтай тусламжийн хоёр цэгийг Сүхбаатарын талбайд байрлуулах аж. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эмч нар ажиллах юм байна. Тухайн өдөр +22 градусын дулаантай байх урьдчилсан мэдээ гарсан. Тиймээс хүүхдээ наршихаас хамгаалах болон баталгаагүй хүнс идүүлэхээс сэргийлээрэй хэмээн анхааруулж байлаа.

Түүнчлэн хүүхэд төөрсөн тохиолдолд асран хамгаалагчтайгаа уулзтал байлгах түр хамгаалах байрыг Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 189 байцаагчаар хүүхдийн паркийн тоглоомуудыг шалгах ажил зохион байгуулжээ.

Баярын өдөр хүүхдүүд гол дээр очиж тоглож, сэрүүцэх дуртай байдаг. Энэ үеэр эцэг эхийн хараа хяналт суларснаар хүүхдүүд амь насаа алдах тохиолдол гардаг. Иймээс энэ дээр анхаарч ажиллана хэмээн Нийслэлийн онцгой байдлаас мэдэгдсэн.

Холбоотой Зураг

Нийслэлийн тээврийн цагдаагийн газраас иргэдийг хүүхдийн баярын өдөр аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөсөн юм. Энэ нь түгжрэл гацааг багасгах, цаашлаад хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх сайн талтай гэж онцолж байлаа. Учир нь энэ өдөр хүүхэд, тээврийн хэрэгсэл нь холилдоод зам ачааллаа даахаа больдог. Яг ийм үзэр аваар осол их гардаг, хохирогчид нь бага насны хүүхдүүд байдаг гэнэ. Хувийн машинаа зайлшгүй унах шаардлагатай бол жирийн үеийнхээс 10-20 км цагаар хурдаа багасгаж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцоорой гэж анхаарууллаа.

Хүүхдийн баяр нь нэг өдөр хүслээр нь байлгаж, хоол бус хор болох амттан авч өгөх өдөр биш. Харин хүүхэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрхээ эдэлж, эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах өдөр. Хүүхдэдээ өгөх бэлгэндээ ч эрүүл хүнс, тэднийг хөгжүүлэх зүйлсийг сонгоорой хэмээн холбогдох албаныхан зөвлөж байсан юм.

А.МӨНХЗУЛ

Б.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *