Манай улс өнгөрсөн онд 60 сая гаруй тонн нүүрс экспортод гаргажээ. Үүний 60 гаруй хувь буюу 36.5 сая тонныг Гашуунсухайт боомтоор дангаар экспортолсон байна. Энэ талаар Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр мэдээллээ.
Тэрбээр, Гашуун сухайт боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэлэв. Бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаад ковид цар тахлын үе болон боомтын цаг уурын нөхцөл байдал, байгалийн гамшигт үзэгдэл голлон нөлөөлж ирсэн гэв.
Бүтээн байгуулалтыг 2024 онд хэрэгжүүлж дуусгана. Ингэснээр Гашуунсухайт боомт бүрэн хүчин чадлаар ажиллана. Нүүрс тээврийн 10 эгнээ гарцтай, зорчигчийн явах 3 гарцтай, орж ирэх нүүрсний мөн 6 эгнээ гарцтай болж шинэчлэгдэн, гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлтйг сайжруулна. Цаашдаа Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нүүрсний экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн итгэлтэй ажиллаж байна гэв.
Тус боомтоор өнгөрсөн онд 860 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргасан бол 2024 онд хамгийн багадаа 40 сая гаруй тонн нүүрс, 960 мянган тонн зэсийн баяжмал экспортлох үүрэг амлалт аваад буйг Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдэгдлээ.