Categories
мэдээ цаг-үе

Манай төрийг аглуу алав

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн гэдэг нь мэдэгддэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Со-г алах шалтгаантай байсан гэдэг байгаа.

Гэтэл Со ямар сайн хүн гэж санана! Баян, гэхдээ хамаг хөрөнгө мөнгөө ард түмэндээ зориулдаг эрхэм хүн. Хүмүүс түүнд хайртай, бүгд л дараагийн ээлжинд тараах зүйлийг нь сэтгэл догдлон хүлээж байдаг. Эмнэлэг, сургуулийг үнэгүй болгосон, гэрэл цахилгааныг төлбөргүй болгосон, авьяас чадвартай хүмүүсийг олж мэргэжилд сурган ард түмний төлөө үйлчлүүлдэг. Тэр байтугай сайхан театр байгуулаад хүмүүст үзүүлэн зардлыг нь өөрөө даадаг. Энэ театрт л гэхэд сардаа 100 мянган доллар гаргаад шидчихэж байгаа юм. Сосорбарам асар том нээлт хийжээ. Ямар юм нээснийг нь ойлгосонгүй, лав л тэр нь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх, хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх хувьсгалт том нээлт юм байна. Миний ойлгосноор Таван толгой ч юм уу, Оюу толгой хавьцаа л юм уу даа.

Со шинэ нээлтээ ард түмэндээ бэлэглэхээр шийд¬жээ. 100 хувь ард түмэн­дээ өгнө гэв. Ямар ч үнэ төлбөргүй. Хичнээн их хөрөнгө мөнгө, цаг зав, хөдөлмөр, оюун орсон тэр гайхамшигт бүтээлээ 100 хувь ард түмэндээ сохор зоос авалгүйгээр үнэгүй өгнө гэдэг ямар аугаа сайхан сэтгэл вэ! Ийм буянг бурхан ч үйлдэхгүй. Иймээс Сосорбарам бол дээдийн дээд Бурхан. Ийм сайхан хүний дээдийг икс түцийнхэн алчихаж байгаа юм даа! Гэтэл Со тэдэнд бүгдэд нь тусалсан, аварсан, шагнасан, халамжилсан… Төөгийгийн эхнэр нас бараад тахир дутуу өнчин хүүхэдтэй хоцроход нь хүүг нь өргөж авсан байна. Аглууг туслахаараа авч эрдэмтэн болгож. Баттөмөрийг ажилтай болгож хүүхдийнхээ гэрийн багш болгож. Тэмүүжинг бүх зардлыг нь дааж мундаг мэс засалч болгосон байна. Эхнэртээ зориулж эдлэн бүхий том байшин бариулж бүх дизайныг нь өөрөө шийдээд гар нүүрийн саванг нь хүртэл бэлдээд бэлэглэж байгаа юм даа. Эмэгтэй Ононг театрын жүжигчин болгон бүхний танил супер од болгосон гээд бод доо. Гэтэл үхчихээр нь энэ өөдгүй амьтад цөмөөрөө баярлаж байгааг нь ээ! Сосорбарамыг алах шалтгаан бүгдэд нь байсан болж таарлаа. Шүүхэд очоод хэргээ хүлээхэд ч бэлэн гэцгээнэ. Харин яг алсан хүн нь олддоггүй ээ.

Ийм сайн хүнийг үхчихээр тэд яагаад баярлаад байгаа юм бэ? Бархүү мөрдөн байцаагчаар томилогдоод Сосорбарамыг хэн алсныг тодруулахаар байцаалт явууллаа. Төөгийгийн хувьд ядарч явахад нь өнчин, өрөөл татуу хүүхдийг нь өргөж авч хүн болгосон Сосорбарамыг үзэн яддаг юм байна. Учир нь хүү нь шинжлэх ухаан арай баталгаа гаргаж чадаагүй байгаа шинэ аргаар эмчлүүлэх гэхэд Со үүнийг аюултай гэж үзээд хориод байгаа аж. Хүү болохоор эсвэл босъя, эсвэл үхье гээд энэ эрсдэлийн төлөө амиа золиход бэлэн. Нарансолонго гоё байшинтай болохыг мөрөөддөг, бүх дизайныг нь өөрөө зохиож өөрийн гэсэн бүтээлтэй, тэн­дээ жаргалтай амьдармаар байтал Со гар нүүрийн саванг нь хүртэл бэлдчихсэн бэлэн байшин бэлэглэжээ. Тэмүүжин хөгжимчин болох үнэн хорхойтой, насны мөрөөдөл нь атал Со хурууг нь хараад сайн мэс засалч болох юм байна хэмээн сургуульд оруулж мундаг эмч болгочихжээ. Эмэгтэй Онон бүр өрөвдмөөр. Тэр жүжигчин болгоны мөрөөдөөд хүрдэггүй од болсон ч гэсэн ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд дандаа гэгээлэг сайхан дүр бүтээдэг үйлтэй. Ингэж байхаар бүтэл­гүйтээд гудамжны янхан болсон ч яадаг юм гэсэн бодолтой аж.

Нэг л үгэндээ Сосорбарам бүгдэд нь үнэгүй сайхан амьдрал хайрласан бо-ловч хүсэл мөрөөдлийг нь булаагаад авчихсан юм байна. Муу явах, архичин тамхичин болох, бүтэлгүйтэх, өлсөж даарах эрхийг нь хүртэл булааж авчээ. Мөрөөдөлгүй хүн мөн үү? Амьдрал гэдэг өлсөж даарахгүй л байвал болчихдог эд үү? Тийм бол хүний амьдрал тэжээвэр гахайныхаас юугаараа ялгаатай юм бэ? Хүн алдахгүй юм бол онохын жаргалыг мэдэрнэ гэж үү? Жаргал гэж ерөөсөө юу юм бэ? Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий. Тэгэхээр заримдаа зовох нь өөрөө жаргал юм биш үү? Жамын юм жамаараа ч гэж үг бий. Жам ёсны урсгалыг хэн нэг сайхан сэтгэлтэй хүн таслан зогсоож нийтийн эрх ашиг, нийтийн ашиг тус, нийтийн сайн сайхан руу урсгахаар хорвоогийн мөн чанар юу болж хувирах вэ?

Английн нэрт философич Бантам гэж байлаа. Хор¬воогийн жаргал зовлон тэнцэл барьж байдаг гэж сургасан юм. Нэг нь хэт их жаргаад эхэлбэл нөгөө талд нь хэн нэг нь хэт их зовоод эхэлдэг аж. Тэгээд түүний онолоор жаргал зовлон заавал хосолдог аж. Яг л манай цагаан сарын ул боовны өрөлт шиг. Бантамаас хоёр мянган жилийн өмнө Сиддахарта ч ингэж сургасан. Одоо түүнийг бид Будда гэх болсон. Харин бүх хүнийг тэгш жаргааж болно гэж Германы философич Маркс сургажээ. Энэ номлолыг амьдралд хэрэгжүүлэх гэж хүн төрөлхтөн зуун жил зүтгээд эцэст нь хэмжээлшгүй зовлонд бүх хүнийг аваачсан даа. Хүн болгон өөр өөрийн хүсэл эрмэлзэл таашаалтай байдаг. Харин марксизмыг хэрэгжүүлэгчид хүний энэхүү хувьлаг шинжийг огоорч хүчээр жаргуулах гэж зүтгэсэн юм. Жаргах дургүй нэгнийг нь буудсаар байтал Орост 40 сая, Хятадад 75 сая, Монголд насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь диваажин руу одсон. Бүх ард түмнээ жаргуулах гэсэн чинь улс орноо тэр чигээр нь шорон болгосон гэсэн үг. Аймшигт дарангуйлагч махчин ороолон чухам энэ нийгэмд л төрсөн. Өнөөгийн философичид марксизмыг хүний сэтгэлгээнд гарсан хамгийн том алдаа гээд үүгээр алдааны дээд хэмжүүр хийх саналтай байдаг. Баримжаа авч байгаа нь тэр.

Ингэхээр Сосорбарам бол тийм сайн хүн биш бололтой. Жаргалын түлхүүрийг атгасан түүнд ард түмэн өртэй. Өртэйн хэрээр түүнээс хамааралтай. Хамааралтайн хэрээр тэжээвэр гахайтай төстэй. Гахайрхуу болохын чинээгээр сэтгэлгээгүй болно. Сэтгэдэггүй бол хүн биш. Ийм хүн бишүүд эцэст нь Сосорбарамд л хэрэгтэй. Ингэхээр Сосорбарам бол хамгийн адгийн дарангуйлагч, хууран мэхлэгч, ороолон, чөтгөр шулам.

Аглуу бол ярианы өнгөнөөсөө өөдгүй нөхөр. Дандаа мөнгө, ашиг хонжоо ярина. Амиа бодно. Ард түмнээ хайрладаггүй. Нөгөө олсон Оюу толгой, Таван толгойнуудыг чинь зарна, тэгээд өөртөө мөнгө олно гэж солиорно. Дотроо зовж шаналж яваа хөөрхий эмэгтэй Ононг даапаална. Хүний зовлонгоор жаргагч. Тэр л Сосорбарамыг алсан байх. Мэдээж бүх сэжиг Аглуу дээр тусаж таарна аа даа. Харин мөрдөгч Бархүү их ухаантай. Логик гаргалгаа л сайтай юм даа. “Бүх хүн мөнгөнд дуртай, Аглуу бол тэрийгээ ил илэрхийлдэг нэгэн. Харин мөнгийг жигшээд ард түмнээ хайрлаад байгаа хүн л хамгийн сэжигтэй” гэсэн үнэн гоё, үнэн логик хэлж байгаа юм даа.

Айн Рэндийн “Сайтар тунгаа” нэртэй жүжиг ийм л юм байна. Үүнийг ард түмнээ боддоггүй Алтан тариагийн Цэнгүүн санаачлан зохиолын эзэмшигчээс эрхийг нь худалдан авч, жүжгийн хөрөнгө мөнгийг нь даажээ. Философийн багш Батчулуун гээд бас нэг ард түмнээ боддоггүй нөхөр жүжгийг орчуулсан байна. Тайзан дээр л ард түмэн гээд үхчих гээд байгаа болохоос амьдрал дээр ард түмнээ боддоггүй Сосорбарам жүжгийг найруулжээ. Улсын драмынхаа театрт ямар ч ашиг завшаан бодолгүйгээр ард түмэндээ үйлчлээд төрийн албан хаагч – жүжигчин болохын оронд амин хувиа бодон мөнгө хөөдөг ард түмний дайсан гэмээр Х – ТҮЦ хамтлагийнхан уг жүжигт тоглож билетээ 15 мянгаар худалдаж байна. Жүжиг дууссаны дараа болсон яриан дунд эдгээр амиа бодогчид тоглолтоо улсын их хурлынхан болон Засгийн газрынханд үзүүлье гэсэн эх оронч санаачилга гаргаж байна. Жүжгийн уг нэр нь Think twice. Давхар бод гэсэн үг юм уу даа. Тэгэж чадах юм болов уу! Ард түмнээ бодоод завгүй байгаа шүү дээ, тэд чинь. Зуун хувь зуун хувь, үнэ төлбөргүй үнэ төлбөргүй… шилооий шилооий…

2011.04.18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *