Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим Тусгаар Тогтнолын ордноо хуралдаж байна. Хурлаар Монгол Ардын Нам шинэ байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар хэлэлцэнэ.
УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимын гишүүд болох МАН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байсан, түүнчлэн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хажиж, намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар санал солилцож байна.
Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бүрэлдээгүйгээс болж төрийн ажил цалгардаж буй энэ үед Монгол Ардын Нам олон жил төр барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд үүнд ихээхэн анхаарал тавьж буй юм. Тодруулбал, энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд МАН Засагт хамтах уу үгүй юу гэдэг асуудлаар шат шатандаа хэлэлцэж, ойрын өдрүүдэд санал бодлоо солилцож байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонссон бол өнөөдөр Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төрд ажилласан туршлагатай хүмүүсээ хүлээн авч уулзан саналыг нь сонсож байна.
Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн хүмүүс багтаж буй юм.
Зөвлөхүүдийн танхим нь улс төрийн үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго, улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Монгол Ардын Намын даргын харьяа бүтцийн байгууллага юм.