УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.10.21/-ийн хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан, улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийн мэдээллийг сонсож, улс төрийн шийдвэр гаргаад явна. Эхний удаад Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан.
Газрын тосны үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл, 2019 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэмэлтээр 431 сая ам.доллараар хөрөнгө оруулалт шаардагдах нөхцөл байдал үүссэн талаар салбарын яамнаас танилцууллаа. Цар тахлын дараа дэлхий дахинд тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь нөлөөлсөн гэж үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг танилцуулсан. МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй танилцаад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.