Categories
мэдээ улс-төр

МАН Таван толгойн асуудлыг хэлэлцэхийг дэмжинэ

МАН-ын бүлэг “Тавантолгойн гэрээний төслийн хэлэлцэхийгдэмжээд, дараа засч, залруулах зүйл байвал ажиллаад явах ёстой” гэсэн байр суурь барьж буйгаа УИХ дахв МАН-ын бүлгийн дарга тайлбарлав. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

МАН Засгийн газарт хамтрахдаа улсаа бодлоготой хөгжүүлье гэж Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Мөн УИХ намрын чуулганаараа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Түүнд хөрөнгө оруулалт татъя, Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулъя, ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлж, төслөө хөдөлгөе, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоё, зарим импортын бараанд татвар ногдуулъя гэх мэтчлэн эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон зүйлийг тусгасан. Гэвч энэ чиглэлийн ажил урагштай биш, нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаар далайлгах замаар дарамт багасахгүй байгаа тул бодлогоо эргэж харах шаардлага байна гэж бүлэг үзсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Сүүлийн хоёр жилд татварын орлого төвлөрүүлэлт 1 их наядаар тасарчээ. Тодруулбал, 2013 онд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр, 2014 онд 1.3 их наяд төгрөгөөр тасарсан. Улсын хэмжээнд 54 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 24 мянга нь үйл ажиллагаа эрхэлж, 27 мянга нь хаалгаа барьсан. Гэтэл чадан ядан үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудаас 11.200 нь татварын давхар хяналт шалгалтад орсон байгаа нь УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт заасан ажлууд ажил хэрэг болохгүй, хоёр намын Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээнд заасан заалт хэрэгжиж байна гэж үзэх үндэслэл харагдахгүй байгаа” гэв. Тиймээс бүлэг энэ чиглэлээр шаардлагаа тавих шийдэлд хүрсэн байна.

Бүлгээр мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдтэй танилцаж, гол үзүүлэлтүүд ямар байгааг ярилцжээ.

Энэ хүрээнд төсвийн зарлагыг 116.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн нь бодитой хэмээн үзсэн байна. Гэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт үлдээх заалт оруулж ирсэн нь оновчгүй. Уг хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө гарын салаагаар урсах замыг нээж өгнө. Нөгөө талдаа Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зөв гарцыг одоо хэр нь олоогүй байна. Тиймээс гадаад, дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарах. Алдааг засч, залруулахад хамтраад ажиллах гарц хайх ёстой хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тодотголоо. Ийм учраас Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар татаж аваач ээ хэмээн Сангийн сайдаас хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *