Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан ард түмнээ бус намаа бодож, 2016 оны сонгуулийг харж байжээ

Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан нь, саяхан. Тэд ард түмний төлөө бус Ардын намынхаа эрх ашгийн төлөө байснаа хэдхэн хоногийн дотор нотоллоо. Н.Алтанхуяг засгаа тэргүүлж, монгол төр тогтвортой байхад буюу хагас сарын өмнө М.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар гээд цааш үргэлжлэх МАН-ын гэсэн тодотголтой УИХ-ын гишүүд “Н.Алтанхуягийн Засгийн газар л солигдвол бүх гацаа арилна” гэж амаа цангатал ярьж байв. Гэтэл тэд өнгөрсөнд хэлж ярьж байснаа өнөөдөрт умартан улс төрийн давамгай байдлын төлөө санхүүгийн эрх мэдлийн төлөө улайрч шинэ Засгийн газрыг эмхлэх шинжгүй байна. МАН-ынхны нүдэнд зөвхөн 2016 оны сонгууль л харагдаж байгаа бололтой. Ирэх сонгуульд ороход АН-ын тэргүүлсэн Засгийн газар хийсэн ажил, хэлэх үггүй зогсч байвал МАН илүү оноо авна. Улс орон уруудан доройтож, эдийн засаг ойрын арван жилдээ сэхэл авахааргүй болох аваас иргэд МАН-ыг сонгоно. Ийм л шалтгааныг зорилгоо болгож байжээ гэдэг нь энэ өдрүүдэд харагдаж байна. Тиймдээ ч МАН-ынхан улс төрийн энэ тогтворгүй байдлыг хэдэн өдөр, сараар ч хамаагүй уяж ард иргэдийг туйлдуулан, тэвчээрийг нь барах цаад санаатай байгаа бололтой. Энэ бодлогоо хэрэгжүүлж ард түмнийг туйлдуулах ту­сам МАН хүчирхэгжинэ гэ­сэн ганцхан логик үйлчилж эхэлжээ.

Үнэн хэрэгтээ Засгийн газрыг огцруулснаар юу ч дээрд­сэнгүй. Бүх зүйл эс­рэ­гээрээ төрийн ажил цалгар­даж, төрийн албан хаагчид назгайрч сууна. Засгийн газар түүний харьяа агентлаг, УИХ дээр сүүлийн сар илүү хугацаанд ямар ч ажил хийгдсэнгүй. Саарал ордонд өрнөх зөвшилцөл нь үл ойлголцол болж, улс төрийн энэ нөхцөл байдал удах тусам МАН-ынхны хүслээр болох өнгөтэй. Товчхондоо шинэ засаг бүрдэхээс эхлээд улс оронд хийгдэх бүх ажилд МАН тээг тавьж байна. Ерөнхий сайдыг огцруулах гэж яарсан шигээ одоо томилох гэж яарахгүй байгаа нь энэ бүхний нотолгоо юм.

Ер нь МАН-ынхан Засгийн газрыг огцрохын өмнө “Улс орон, ард түмнээ” хэмээн юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн саная . МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ар­ваннэгдүгээр сарын 4-нд “Иргэд жижиглэнгээс жижиглэсэн байдлаар худалдан авалт хийж байна. Хонины тал элэг эсвэл хоёр хавирга ч юм уу, ийм байдлаар худалдан авалт хийдэг болчихож. Энэ байдлыг засах талаар эрх баригчид тодорхой арга хэмжээ авах ёстой. Бид Засгийн газарт орох гээд ч юм уу эсвэл Засгийн газарт оруулаагүй учраас өс өвөрлөж асуудалд хандаж байгаа юм биш. Нийт сонгогчдын 40 орчим хувь нь МАН-ыг сонгосон. Бид хяналтын үүргээ бүр илүү гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа” гэж ярьсан байдаг бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт аравдугаар сарын 20-нд “МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаахын тулд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирлээ гэж эрх баригчид мушгиж байна. 100 хоногийн хугацаанд алдаагаа засч, бүтцийн өөрчлөлтөөрөө давхар дээлээ тайлчих юм болов уу, 2015 оны төсвийн хуулиараа цалин тэтгэврээ нэмж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих юм болов уу гэж хангалттай харлаа. Гэтэл юу болов. 100 хоногийн дотор эдийн засаг улам хүндэрлээ. Өнгөрсөн зун ямар ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Долларын ханшаа тавиад туучихлаа. Төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Цалинтай иргэдийн 40 хувь, тэтгэврийн насныхны 80 хувь нь зээлтэй байна. Монгол Улсын иргэн бүрт таван сая төгрөгийн өр оногддог болсон. Гадуур яваад үзээрэй. Орон сууцны худалдаалалт тэг болж зогссон. Өргөн хэрэглээний барааны үнэ 30-40 хувиар өссөн. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй болж байна уу. Цаашдаа цалин, тэтгэврээ тавьж чадах нь уу гэдэгт хүрэх нь. Тиймээс энэ байдлаар яваад байж болохгүй. Ажил хийж чадах хүнээр нь Засгийн газраа удирдуулах нь зөв. Н.Алтанхуягаас илүү сайн удирдагч АН-д олон бий. Энэ хүн улс орныг бүх салбарт нь унагалаа. Тиймээс илүү сайн хүнээр удирдуулаасай, эдийн засгийн хүндрэлээсээ салаасай гэж бид хүсч байна. Дараагийн Засгийн газар нь ойлголцож зөвшилцөөд сөрөг хүчнээ сонсч, асуудал нь үнэхээр зөв байвал бид дэмжээд л явна” гэж байжээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 5-нд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн засгийн үед Д.Зоригт сайдыг огцруул гэж дөрвөн удаа оруулж ирж байсан. Ажлаа хийж чадахгүй хэнийг ч бид огцруул гэж шаардах эрхтэй. Хэрэв чадаж байгаа юм бол энэ Ерөнхий сайдынхаа асуудлыг яагаад УИХ-аар хэлэлцэхгүй хууль зөрчөөд байгаа юм бэ. Баахан завсарлага аваад засаг ч үгүй, төр ч үгүй яваад байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн арваннэгдүгээр сарын 3-нд “Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал асуудал биш. Бодлогын алдаагаа л засчих. МАН-ынхан бүх хүнд тааруулж ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Ардын нам тэмцэж чаддаггүй, АН засаглаж чаддаггүй гэсэн хэлц үг хүртэл гарчихаад байгаа биз дээ. Эрх баригчид эдийн засгийн тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа эдийн засаг улам л хүндэрнэ” гэсэн байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч гэлээ аравдугаар сарын 31-нд “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хуулиа зөрчөөд хоёр хонолоо. Өмнө нь хэний ч үзүүлж байгаагүй зүйлийг энэ Их хурал, байнгын хороо харуулж байна. Одоо хууль зөрчилгүй, хугацаа алдалгүй Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Түүний цаана өвөлжилтийн бэлтгэл, төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын гээд шил шилээ дарсан асуудлууд бий. АН-ынхны дотоод маргаанаас болж бид долоо хоног ажилгүй сууж байна. Засгийн газрын тэргүүний асуудал шийдээгүйгээс болж кабинетын гишүүдийг сонгох ажил таг зогсчихлоо” гэж ярилцлага өгсөн удаатай.

Тухайн үед МАН-ынхныг ингэж хэлэхэд үнэний ортой мэт сонсогдсон байж магадгүй. Гэхдээ өнөөдрөөс эргээд харахад төрөө бусниулж, түмэн олноо туйлдуулах зорилгыг өвөрлөж байсан нь харамсалтай. Үнэхээр улс орны эдийн засаг, өвөлжилт, төсөв мөнгө, ард түмний хоногийн хоол, орон сууц, өр зээлэн гээд Монголын Улсын хэтэд санаа зовниж байсан нь үнэн бол Засгийн газрыг байгуулахын эсрэг ажиллахгүй л байсан байх. МАН-ынхан “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх”-ийг шаардаж хэлэлцэхэд нь дуун дээр дэмжсэн шигээ “Ерөнхий сайдаа хуулийн хугацаанд нь томил” гэж шаардаж бас дэмжиж чадвал ард түмнээ бодсон хэрэг болох биз.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *