Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа үл хайрлан зүтгэсэн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй удирдах зөвлөлийнхөн, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлагын төлөөлөл оролцов. Тэд Чойбалсан хотод орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө болон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэж байсан ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт түүхэн ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Монгол Ардын Намын ч баяр” гэж онцлов.