Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолын төслийг засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын эхээр боловсруулж эхэлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсны дараа албан ёсоор өргөн барьсан гэх мэдээллийг өгч буй. Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар тус хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүдийн зүгээс “Гаднаас зээл авах, бусад улстөрийн чанартай томоохон асуудлыг хуралдааны үеэр яриагүй. Бодлогын чанартай ерөнхий асуудлаа ярьсан” гэх мэдээлэл өгч байна.
Тогтоолын төслийн танилцуулгад “Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.
Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.
Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарна” гэж дурдсан байна.