Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын зүй бус хорогдол 535.3 мянгаар нэмэгджээ DNN.mn

Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 535.3 мянгаар нэмэгджээ.

Хорогдлын 64.4 хувь нь зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох, 34.3 хувь нь аюулт үзэгдлийн улмаас, 1.4 хувь нь өвчний шалтгаантай байв. Түүнчлэн, ямаа 259.6 мянга, хонь 221.3 мянга, үхэр 56.1 мянга, адуу 30.1 мянга, тэмээ 475 толгойгоор хорогдсон байна. Нийт хорогдсон малын 45.7 хувь нь ямаа, 39 хувь нь хонь байгааг Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2023 оны эхний 2 сарын байдлаар Увс аймагт 94.3 (16.6 хувь) мянга, Архангай аймагт 80.5 (14.2 хувь) мянга, Завхан аймагт 72.2 (12.7 хувь) мянга, Сүхбаатар аймагт 70.2 (12.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 33.5 (5.9 хувь) мянга, Хэнтий аймагт 32.6 (5.8 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 67.5 хувийг эзэлж байв. Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоолсон 30.9 сая эх малын 97.2 мянга (0.3 хувь) нь энэ оны эхний 2 сард хорогдлоо. Ховд, Архангай, Увс, Сүхбаатар, Хэнтий аймагт хээлтэгч мал 7.1-23.3 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 58.9 хувийг эзэлж байна. Харин 6.5 мянган толгой хээлтүүлэгч хорогдсон байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар 7.7 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 (5 дахин их) мянган толгойгоор өсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *