Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад хонины ястай махны үнэ 16000 мянган төгрөг, хонины цул мах 17-18 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин үхрийн ястай мах 21000 төгрөг, цул нь 22.500 мянган төгрөгийн ханштай. Түүнчлэн адууны мах кг нь 12000 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин “Сансар”, “Миний Сүлжээ” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн цул мах 20000-25000 төгрөгөөр зарагдаж байлаа. Харин хонины цул мах үндсэндээ 16 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн Эмээлт захад нас гүйцсэн эр хонины үнэ 370 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн хооронд ханштай байгаа юм. Хагас сая төгрөг халааслаад Эмээлт ороход дүүрэн хонь худалдаж авах боломжтой байна. Нийслэл хот дахь махны үнийг тоймлоход ийм байна.
Харин малчны хотноос ямар үнээр гарч байгаа талаар хангай болон говийн бүс нутгийн малчидтай холбогдож тодрууллаа. Хэнтий аймгийн Дадал сумын нэгдүгээр багийн малчин Д.Хувьтайтай ярилцлаа.
-Дадал суманд махны ханш ямар байна вэ?
-Дадал сумын малчид гол төлөв үхэртэй. Энэ жилийн тухайд цаг хатуу байлаа. Одоо л дөнгөж ногоо зууж байна. Зарахаар мал бараг алга. Үхрийн мах малчдын гар дээрээс кг –ыг нь 15000 төгрөгөөр зарагдаж байна. Сумын төвийн дэлгүүрт ч ийм л ханштай байна. Харин бог мал хонины мах кг нь 11000 мянган төгрөгөөр зарагддаг. Энэ жилийн тухайд ч мөн ялгаагүй, энэ үнээрээ л зарагдаж байна. Харьцангуй хямдхан гэж зарагддаг гэж ойлгож байгаа. Зургадугаар сар цухуйхад хонины махны үнэ бага зэрэг нэмэгдэх байх.
-Та бүхэн малаа махлахдаа сумандаа зарж байна уу, хот руу тээвэрлэж байна уу?
-Ийм үнээр малаа зарах хүн ч энд ховор байна даа. Хот руу зөөх нь түгээмэл. 500 орчим км явж очоод л хэдхэн мянган төгрөгөөр махаа борлуулах урамгүй шүү.
Бид хадлан бордоо бэлтгэхээс эхлээд асар их хөдөлмөрлөж малаа өсгөж, үржүүлдэг. Малын тэжээлийн үнэ тэнгэрт хадсан. Зарим малчид банкнаас зээл аваад тэжээл авах юм. Мал нь хоргодоод өрнөөс өрний хооронд л амьдарч байна.
-Хот суурингийн иргэдийн зүгээс мах үнэтэй байна гэх байр суурь илэрхийлдэг шүү дээ.
-Бусад улс орнуудад мах ямар ханштай байгааг эхлээд харах хэрэгтэй. Ердөө хилийн цаахна Өмнөд Монголд кг мах 35000-40000 төгрөгөөр зарагддаг. Манайхтай ижил бэлчээрийн хонь. Энд 10-аад мянган төгрөгөөр махаа зарж байгаадаа зэвүү хүрдэг юм. Манайхан 20 мянган төгрөгийн махыг үнэтэй байна гэх юм. Бид мал өсгөхийн тулд хүйтэнд хөрнө, халуунд хална. Өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадсан байна. Бид хотын зарим улс шиг халамж нэхээд, жагсаад байдаг хүмүүс биш. Бидэнд тийм зав байхгүй. Цаг тутам малынхаа араас л явдаг. Хот суурингийн та нар ер нь төвийн хүмүүс махны үнэ шүүмжилж байхын оронд ажил хийх хэрэгтэй. Малчид бид хэдэн малаа онд оруулахаар амсхийх завгүй хөдөлж байна шүү.
-Малчны амьжиргааг дэмжих, махны үнэ өсгөх боломжийг та яаж харж байна вэ?
-Махны үнийг л өсгөмөөр байна. Махаа залхуугийн туйл болсо нийслэлчүүдэд биш гадагш нь гаргаж зармаар байна. Тийм боломжийг л нээж өгмөөр байна. Мөн ченж, хэдхэн шуналтай хүмүүсийн гараар мах орохдоо үнэ нь хэтэрхий өсдөг. Малчдын гараас шууд хэрэглэгчийн хөргөгч рүү л оруулдаг тогтолцоо хэрэгтэй санагддаг.
Хэнтийн Дадалын малчин залуу ингэж ярьж байна. Бид Өмнөговийн Цогтцэций сумын малчин М.Амартүвшинтэй ярилцлаа.
-Цогтцэцийд малчдын гар дээр мах ямар үнэтэй байна вэ?
-Энд цаг тааруу, мал туранхай байна. Малаа зарж байгаа айл бараг алга. Сая сум орж цөөхөн хонь зараад ирсэн. Хонины кг мах 15 мянган төгрөгийн ханштай байна. 20 кг-тай хонь зарахад 300 мянган төгрөг болж байна. Ямааны мах малчны гараас 12000 мянгаар гарч байгаа. Яг одоогоор бол мах гэхээс илүү ноолуураа л зарж байна даа. Гэхдээ Цогтцэций олны хөлийн газар. Махны эрэлт их.
-Малчдын амьжиргаа ямар байна вэ?
-Байгаа бүх юмаа малдаа зарцуулж байна. Боодол өвс 20 мянган төгрөгийн ханштай байлаа. Малчид хэдэн малаа онд оруулахаар банкнаас зээл аваад боодол өвс авч байна. Зарим нь ч цаг хатууд үрэгдээд цөөрлөө. Үрэгдэхээс нь өмнө хэдэн төгрөгөөр ч хамаагүй заръя гэсэн хүмүүс ч байна. Ер нь малчдын амьжиргаа тааруу байна шүү.
-Мах үнэтэй байна гэх шүүмжлэл их гарах юм. Энэ тухайд та ямар байр суурь хэлэх вэ?
-Мах хямдхан байгаа. Бэлчээрийн даацаас авахуулаад олон асуудал малчдад тулгардаг болсон. Мал маллахад асар өндөр зардал ч гардаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Суурин газрын улсыг анзаарахад утасны цаанаас л юм шүүмжилж байгаа харагддаг. Сав л хийвэл цалин нэм гэж жагсчихна. Бүх юмыг шүүмжлээд харлуулаад л сууж байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй.
-Малчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Жилийн дөрвөн улиралд малынхаа араас явдаг хөдөлмөрөө үнэлүүлмээр байна. Таван төгрөгийн ашиг харсан ченж гэх шуналтай улсын аманд орж хэлсэн үнээр нь махаа тушаадгаа болимоор байна. Махаа урагш нь гаргая. Ажил хийдэггүй залхуу монголчууддаа мах зараад бид хөгжихгүй юм байна. Нэг хонь муулаад хоёр долоо хоногийн хүнсээ ч базааж хүрэхээ больсон.
Цогтцэций сумын малчин ийм байр суурь хэлж байна. Цаг хатууд муудсан малаа зарим малчид нүд аниагүй дээр нь зарахаар яарч байна гэнэ. Түүнчлэн орон нутгийн уурхайнуудад малчдын хотноос мах нийлүүлдэг тогтолцоо хэрэгтэй байгааг хэлж байна.