Categories
мэдээ улс-төр

Макаотой ялтан шилжүүлэх гэрээг үзэглэв

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр үзэглэсэн байна. Мөн Хонконгийн Хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар тогтжээ.

Монгол Улс, Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хооронд 2010 онд “Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулагдсанаар эрх зүйн салбарын хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын айлчлалын хүрээнд Ялтан шилжүүлэх тухай, Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрт үзэглэлээ. Өнөөдрийн байдлаар Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаод МУ-ын ял эдэлж буй 1 иргэн, гэмт хэрэгт холбогдсон 19 иргэн байгаа юм. Тэгвэл тус хэлэлцээрийг байгуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл дээрх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Хууль зүйн нарийн бичгийн дарга хатагтай Чан Хой Фантай уулзах үеэрээ мэдэгдлээ. Хатагтай Чан Хой Фан ч сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд хууль сахиулагчдыг бэлтгэх , давтан сургах чиглэлээр хамтран ажиллах асуудал нээлттэй гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн өдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Хууль зүйн нарийн бичгийн дарга Римски Юэньтэй уулзлаа. Уулзалтын үеэр ноён Римски Юэнь Монгол Хонконгийн хооронд эрх зүйн туслалцааны хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллахад анхаарна гэдгээ тэмдэглэлээ. Мөн Хонконгийн Хууль зүйн хороо эвлэрүүлэн зуучлал болон арбитрын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах өргөн боломжтойг мэдэгдэв. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хонконгтой хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэхэд Эрх зүйн туслалцааны гэрээ чухал үүрэгтэйг онцлоод энэ ондоо багтан тус гэрээ байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн сүүлийн үед Хонконгоос хар тамхи тээвэрлэх, борлуулах, зуучлах ,хэрэглэх хэрэг нэмэгдэж байгааг онцлоод энэ асуудалд талууд гол анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг мэдэгдсэн юм. Мөн МУ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа шинэчилж байгааг дуулгаад төрийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдан авах, татвараа нуун дарагдуулах, авлига албан тушаалын замаар олсон хөрөнгө мөнгөө оффшор бүсэд байршуулахыг хуульчлан хориглож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай хатуу тэмцэх болсныг мэдэгдээд дээрх чиглэлээр мэдээлэл солилцох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцааны гэрээ чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ. Талууд энэ ондоо багтан дээрх гэрээг байгуулахаар тохиролцсоны дээр хууль сахиулагчдыг давтан сургах, чадавхжуулах, харилцан туршлага судлах, авлига албан тушаалын болон татвараа нуун дарагдуулсан, мөнгө угаасан хэргийн талаар шаардлагатай бүхий л мэдээллийг харилцан солилцож байхаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *