Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдалайтай уулзаж ярилцлаа. Тэрээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа юм. М.Саруулдалай нь Улаанбаатар хотноо 1972 онд төрсөн. Хэвлэл мэдээлэл, кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч-зохиолч мэргэжлээр, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Тэрээр 2006-2009 онд МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж, 2013 оноос МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг эрхэлж байсан юм. “Эгээрэхүйн анир”, “Цаг хугацааны ирмэлт”, “Цас навчны шүлгүүд”, “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” зэрэг яруу найргийн түүврээ уншигчдад өргөн барьжээ. “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоороо оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шагналын эзнээр тодорч байв.
-Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг хаших боллоо гэв үү?
-МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг маань Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлэн нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Говь нутгийн ард түмнээ төлөөлж төрийн эрхийг барилцах болсонд баяртай байгаа. Манай Зохиолчдын эвлэлийн гишүүн, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Ж.Мөнхбат бас Архангай аймгаасаа УИХ-д сонгогдлоо. Их Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын бичгийн их мэргэдийн гал голомтыг асаасан МЗЭ-ийн байгууллагаас хоёрын хоёр зохиолч УИХ-д сонгогдлоо. Г.Мөнхцэцэг найрагч УИХ-д сонгогдоод явсан учраас МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдан зуун хувийн саналаар намайг МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Зохиолчдын эвлэлийн гал тогоонд бүтэн долоон жил ажилласан Г.Мөнхцэцэг, яруу найрагч Ж.Мөнхбат нар маань зохиолчдын байгууллагаа анхааралдаа авч ажиллах байх гэж найдаж байгаа.
-Г.Мөнхцэцэг захирлын сонгуульт хугацаа хэзээ дуусах байлаа?
-МЗЭ-ийн ээлжит чуулган хуралдахад ганцхан жилийн хугацаа үлдээд байгаа. Зохиолчдын эвлэлийнхээ гал тогоон дотор ажиллаж байсан хүний хувьд манай байгууллагад ямар асуудал тулгарч байгааг би харьцангуй мэднэ. Гүйцэтгэх захирлын албанд томилсонд баярлахаасаа илүү ямар их хариуцлага нуруун дээр ирж байгааг мэдэрч байна. Үндсэн ажлын маань дал, наян хувь нь аж ахуйн чанартай ажлууд байдаг. Мөнхцэцэг захирлын хийнэ гэж төлөвлөсөн ажлыг хийж гүйцээнэ. Эхний ээлжинд байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд түрээсийн тал дээр анхаарлаа хандуулна.
-Нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Гүйцэтгэх захирлын албан тушаал гэдэг байгууллагын өдөр тутмын ажлыг эрхэлдэг менежер маягийн ажил. МЗЭ-ийн дээд удирдлага нь МЗЭ-ийн Удирдах зөвлөл. Удирдах зөвлөлийн дарга нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа. Удирдах зөвлөлөөр байгууллагын гадаад, дотоод харилцаа, төсөв бүхнийг баталдаг. Манай зохиолчдын эвлэлийн байрны дээвэр бороо ороход дусаал их гоожно. Засвар үйлчилгээ ч их хийх шаардлагатай. Тиймээс аж ахуйн чанартай нэлээд ажил хийгдэх учиртай. Түүнээс гадна ахмад настай зохиолч, уран бүтээлчдээ хүлээж авч уулзах, залуу үеийнхнийхээ санаа бодлыг сонсож ажиллах гэх мэт олон ажил хүлээж байна.
-“Цог” сэтгүүлээ цаашид гаргаад явах уу?
-“Цог” сэтгүүл маань хэдэн жил гарахгүй завсарлаж байгаад саяхан эхний дугаарыг Г.Мөнхцэцэг захирал тэргүүтэй улс хариуцан гаргасан. Энэ сэтгүүлийн хувь заяа надтай холбогдох байх. Ө.Үлэмжтөгс, Ядамсүрэнгийн Баяраа нарын чадвартай залуустайгаа хамтран энэ сэтгүүлээ өнгө зүс сайтайгаар гаргаад явна.
-Зохиолчдын эвлэлийн байр маань нэлээд хуучирсан байх шүү?
-Манай эргэн тойронд өндөр байшингууд нэлээд олширлоо. Энэ байраа учиргүй өндөрлүүлж сүндэрлүүлэх нь ч хаашаа юм бэ. Хамгийн гол нь үүд хаалганаасаа өгсүүлээд өөд нь татаж, түүхийн дурсгалт эд өлгийн жагсаалтад оруулах шаардлага байна. Тэгвэл төр засгаас ч жаахан дэмжлэг өгөх байх. Миний нэг сайхан мөрөөдөл байдаг юм. Зохиолчдын эвлэлийнхээ үүдээр ороод ирэхэд алдар суутай зохиолчдын маань танхим байдаг, цэцэг өргөсөн цээж баримал нь байж байвал сайхан. Хятадын утга зохиолын музей, Хемингуэйн музейг үзэж явахад Монголын зохиолчдынхоо тийм сайхан танхимуудыг бий болгохсон гэж их хорхой хүрсэн.
-Ажил хэр бүтэмжтэй байх бол?
-Миний хувьд уйгагүй бөгөөд чимээгүй ажиллана. Ажлын үр дүн маань л бүхнийг харуулна.
-МЗЭ-ийн гадаад харилцаа гэж нэг чухал зүйл байна даа?
-Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэнчлэн гадаад харилцаа нэн чухал байлгүй яахав. 2013 онд МЗЭ-ийн хорин хоёр дахь салбар буюу Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийг байгуулаад ирсэн. Тэнд тодорхой хүмүүс ажил эрхэлж байгаа. Зохиолч, орчуулагч Ононгийн Чинбаяр маань ОХУ-ын Москва хотод суралцангаа утга зохиолын тодорхой ажлуудыг эхлүүлж байна. Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман англи хэлнээ гарч, гадаадад овоо амжилттай явж байна. Монголын зохиолчид маань аль болохоор л дэлхийд гарах эрмэлзэлтэй байгаа. Яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо ах маань Монгол төрийн дээд шагнал Чингисийн одонгоор шагнагдаж, Нобелийн шагналд дэвшихээр яригдаж байна. Тиймээс хэл ус сайтай, боловсрол өндөртэй, авьяас билигт зохиолчдоо хөгшин залуу гэхгүйгээр уулзаж учран, хамтарч ажиллая гэж бодож байна даа.
-Өмнөх захирлын төлөвлөсөн зүйлсээс үргэлжлүүлээд хийх ямар ажил байна?
-МЗЭ-ийн Бага чуулган саяхан болж, гурван жилийн ажлын тайланг авч хэлэлцсэн. МЗЭ-ийн дүрмэнд улирал буюу жил жилээр ажлаа тайлагнана гэчихсэн байгаа. Тиймээс сүүлийн нэг жилийн гэрээ хийгдээгүй учраас шинээр төлөвлөгөө гаргаж, Удирдах зөвлөлөөр батлуулаад ажиллах юм.
-Мартсанаас мал мэнд үү гэгчээр уран бүтээл өндөр үү?
-“Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоосоо хойш нэлээд шүлэг бичсэн. Ном болох хэмжээний юмнууд байгаа ч хэвлүүлэх гэж яарахгүй л байна. Миний хувьд үргэлжилсэн үгээр зохиол бичихгүй. Яруу найргаараа л дагнаж бичнэ. Данзангийн Нямсүрэн ах хүүрнэл зохиол огт бичээгүй юм шүү дээ.
-Богино өгүүллэгийн наадмаа хэзээ хийх гэж байна?
-Наадам өнгөрөөгөөд Удирдах зөвлөлөөр ажлын төлөвлөгөөгөө батлуулж байж л яг тодорхой хариу хэлье. “Болор цом”-оо хүн олны хардлага сэрдлэг төрүүлээд байхааргүй шинэлэг маягаар зохион байгуулна гэж яруу найргийн зөвлөлийнхөндөө хэлнэ. Хамаг хэл ам “Болор цом”-той холбогдож гардаг шүү дээ.