Европын Зөвлөлийн цахим хуудсанд тус холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Борреллийн нэрийн өмнөөс “Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөл(CNE)-ийн мэдээлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд “Энэ бол Европын Холбооны байр суурь юм” гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Европын Холбоо Венесуэлийн сонгуулийн хуудсуудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан байгууллагаар шалгуулахыг уриалж, CNE-ийг ядаж санал хураалтын дүнг нотлох баримт бүрдүүлэхийг шаардсан байна. Брюссель ийнхүү хоёр дахь удаагаа Мадурог хууль ёсных гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Тус улсад өмнөх ерөнхийлөгчйн сонгууль үүнтэй төстэй хувилбараар явагдсан бөгөөд уг сонгуулийн дараа Мадурогийн дэглэм сөрөг хүчнийхнийг мөрдөн хавчиж, тус улсад урт удаан хугацааны улс төрийн хямрал үүссэн билээ. Тэгвэл The Wall Street Journal “Цагаан ордон нууц хэлэлцээ хийж Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаа сайн дураараа өгвөл өршөөл үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна” хэмээн мэдээлэв. Тус сэтгүүл мөн “АНУ Мадуро болон түүний өндөр албан тушаалтнууд хар тамхины наймаа, ялангуяа АНУ-д кокаин импортолсон хэрэгт буруутгагдаж байгаа юм” гэж бичжээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сарын 28-нд болж тус улсын засгийн газрын хяналтад байдаг Сонгуулийн Хорооноос өмнө нь тус улсыг хоёр удаа ерөнхийлөгчөөр удирдсан Николас Мадуро нийт сонгогчдын 51.2 хувийн дэмжлэг авсан гэж мэдэгдсэн билээ. Харин хөндлөнгийн ажиглагчид сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес Уррутиа 67 орчим хувийн санал авч сонгуульд ялсан гэж дүгнэсэн юм. Сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал Венесуэлийн Каракас болон бусад хотод эхэлсэн. Жагсагчдын эсрэг цагдаа, цэргийнхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, жагсаалын үеэр наад зах нь хоёр хүн нас барсан гэж мэдээлсэн бөгөөд АНУ болон Европын Холбоо Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалесыг сонгуульд ялсан гэж албан ёсоор зарлаж байсан.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Венесуэлийн засгийн газарт хандан “Венесуэлийн сонгуулийн хууль тогтоомж болон ард түмний хүсэлд нийцүүлэн засгийн эрхийг хүндэтгэн, тайван замаар шилжүүлэх талаар ярилцаж эхлэхийг уриалж байна” гэж мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ Вашингтон болон Брюссель Мадурог хууль бус ерөнхийлөгч гэж албан ёсоор зарлаад байгаа билээ.
Дашрамд дурдахад, судлаачид Украины дайны үр дүнд дэлхий нийтэд дарангуйллын дэглэм нуран унаж, хэн ч байсан улс төрийн албан тушаалд хоёроос дээш удаа ажиллахгүй болно” гэж дүгнэж байгаа билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА