Зарим УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ялгаварласан сурталчилгааг үе үе хийх юм. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилсан эхний өдрөө “Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт яг ижил түвшинд очлоо. Та нар Монголд хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компанитай адил нэг эрх, нэг үүргийн хүрээнд ажиллах боломж нь бүрдсэн” гэж мэдэгдэж байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ийн хэлж дуусаагүй шахам байхад гадна, дотны хөрөнгө оруулалтыг ялгаварласан сурталчилгааг УИХ-ын гишүүн хүн хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудастаа Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт утсаараа оролдож буй зургаа нийтэлж “Би Скайтелийн 3G-тэй учир интернетийн сүлжээтэй. Ккккк. Аварга юутай гэлээ дээ. Сүлжээгүй” хэмээн бичжээ. Энэ нь “Скайтел” компанийг илтэд сурталчилж байгаа хэрэг. Хүн хэдийбээр үгээ хэлэх эрхтэй ч төрийн чухал албанд оччихоод, төрийн нэрээр аль нэг байгууллагыг сурталчлах нь хэр зохимжтой байдаг юм бол.
“Скайтел” нь дотоодын буюу УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү нарын хөрөнгө оруулалттай компани. М.Зоригт гишүүнээс өмнө төрийн бас л нэг чухал албан тушаалтан “Скайтел бол Мобикомоос илүү” гэсэн утгатай үгийг твиттертээ жиргэж байсан санагдана. Энэ мэтээр төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа УИХ-ын гишүүд найз нарынхаа, УИХ-ын гишүүдийнхээ хөрөнгө оруулалттай компанийг илтэд сайшаан магтдаг нь нууц биш. Энэ бол эмзэглэх асуудал. Төрийн түшээд нь гадаадын хөрөнгө оруулалтыг энэ мэтээр ад үзээд байвал Монгол Улсад хэн итгэж мөнгөө оруулах юм бэ. Эдийн засаг яаж сэргэх юм. Шударга өрсөлдөөний зарчим яаж хэрэгжих юм гэх мэтээр араасаа олон асуултыг дагуулна.
УИХ-ын гишүүд нэг компанийн нүүр царай болж байгаа нь Шударга өрсөлдөөний зарчим, энэ тухай хуулийг зөрчсөн хэрэг болох болов уу. Үүнийг О.Магнай дарга анхааралдаа авч шалгах хэрэгтэй юм. Мөн Үндсэн хуульд энэ асуудал харшлах эсэхийг Цэцээр шалгуулбал зохилтой. Хэрэв УИХ-ын гишүүн хүн ийм хэлбэрээр хууль зөрчиж дотоодын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлдэг бол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээг авдаг болъё.
Л.МӨÍÕÒӨÐ