Categories
мэдээ цаг-үе

М.Золбаяр: Мэдээллийн технологид бага ангиасаа суралцах, кодинг боловсрол эзэмших боломж нээгдлээ

Монголын анхны кодинг сургалтын “Codercub” төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа.


-Хөл хорионы үеэр хүүхдүүд гар утас, зурагт, компьютертэй нэлээд ойр байх шиг байна. Үүнийг ажигласан зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ кодингийн зуны сургалтад суулгаж байна. Танайх ч бас зуны сургалт явуулсан уу?

-Манайх зуны нийт таван ээлж сургалтыг Улаанбаатар инновацийн төв дээр амжилттай явуулж дууслаа. Хүүхдүүд маань удаан амарсан учир эцэг эхчүүд ч сургалтад суулгах сонирхол өндөр байгаа. Хамгийн гол нь үүссэн нөхцөл байдалтай холбоотой аюулгүй байдлын журмуудыг дагаж явуулсан.

-Код бичиж сурснаар, кодын сургалтад сууснаар хүүхэд багачуудад хамгийн түрүүнд ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-Маш олон өөрчлөлтүүд гардаг. Хамгийн түрүүнд гардаг өөрчлөлт бол анхаарал болон нухацтай байдал. Код бичих гэдэг нь компьютертэй машины хэлээр харьцаа үүсгэж буй явдал. Тиймээс программчлалын хэлний нарийн дүрмүүдийг барихгүй бол компьютер нь ойлгохгүй буюу алдаа гарна. Энэ үед хүүхэд алдаагаа засаж алдаан дээрээ суралцаж байж цааш явах хэрэг гарна. Энэ процесс давтагдаад эхлэхээр хүүхэд маш амархан суралцаж эхэлдэг, мөн алдаа бол сургалтын нэг хэсэг гэдэг ойлголтыг авдаг.

-Хүүхэд хэдэн наснаасаа эхэлж кодинг сургалтад суувал зүйтэй вэ?

-Аль болох багаасаа байх тусам хүүхдийн оюуны чадамжид нөлөөлөх эерэг өөрчлөлтүүд их гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Австрали улсад гэхэд цэцэрлэгийн хөтөлбөрт кодинг боловсролыг заавал үзэх хэлбэрээр оруулах шийдвэр гараад хоёр жил болж байна.

-Сурагчдыг багаас нь код бичих чадвартай болгох тал дээр дэлхийн хөгжингүй орон гэлтгүй нийтээрээ анхаарал хандуулж байгаагийн цаад учир шалтгаан юу вэ?

-Мэдээллийн эрин зуунд компьютертэй холбогдолгүй ажил гэж үгүй болох төлөвтэй байна. Энэ ч утгаараа мэдлэгийн эдийн засгийн үед мэргэжилтэн бүр энэ чиглэлээр суурьтай байх шаардлага тулгарч байна. Тиймээс АНУ тэргүүтэй улсууд компьютерийн шинжлэх ухааныг бусад байгалийн ухааны хичээлүүдтэй адил ерөнхий эрдэм гэж үзэх боллоо. Тухайн улс орны ирээдүй, хөгжлийн түвшин нь иргэдийнх нь хувь хүний хөгжил, сэтгэн бодох чадвартай нь шууд хамааралтай болохоор энэ тал дээр анхаарч байгаа нь ойлгомжтой байх.

-Код бичиж сурсан, кодинг сургалтад суугаа хүүхэд аав ээждээ, эргэн тойрныхондоо компьютерийн программын тал дээр ямар туслалцаа үзүүлэх чадвартай болдог вэ?

-Код бичиж сурах, хэрэглээний программ сурах хоёр хоорондоо ялгаатай л даа. Гэхдээ мэдээж технологийн суурь мэдлэг авч байгаагийн хувьд хүүхдийн компьютерийг харах өнцөг өөрчлөгдөнө. Дээр хэлсэнчлэн алдаагаа залруулж юманд нухацтай хандах хандлага сайжирдаг тул компьютерийн ямар нэг асуудлыг өөрөө trouble­shoot хийж болгох бүтээх талаас нь үздэг болдог нь ч ажиглагддаг.

-Танай сургалтын төв мэдээллийн технологийн боловсролын дэлхийд тэргүүлэх байгууллага болох Code.org-ын “Компьютерийн шинжлэх ухааны үндэс”бага ангийн хөтөлбөрийг албан ёсоор Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэ хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?

-Энэ хөтөлбөрийн тухайд бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд сургуулиудад нэвтэрч байгаа жишиг хөтөлбөр юм. Бид Code.org байгууллагын түншээр ажилладгийн хувьд ноднин болсон CSEdCon 2019 дэлхийн компьютерийн шинжлэх ухааны боловсролын анхдугаар чуулганд оролцож энэ талаар дэлгэрэнгүй сургалт семинарт хамрагдсан. АНУ-аас гадна Итали, Швед, Турк, Япон, Тайвань, Малайз, Энэтхэг, Өмнөд Африк гээд маш олон оронд уг хөтөлбөрийг дунд сургуульд үзэж байгаа. Code.org байгууллага Am­azon, Google, Microsoft компаниудын инженерүүдийн хамтаар зохиосон жил бүр шинэчлэн сайжруулж явдаг хөтөлбөр байгаа. Уг хөтөлбөрт цэцэрлэгт нэг жил, сургуульд арван хоёр жил үзэх өндөр чанартай, хүүхдийн насны онцлогт нийцсэн компьютер ашиглан хийх болон компьютер шаардлагагүй дасгал ажлууд багтсан юм. Сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн талаар сүүлд хийсэн хоёр ч судалгаа байна. АНУ-ын Флорида мужид уг хөтөлбөрөөр суралцсан бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахад “Achieve3000” уншиж ойлгох тест дээр энэ хөтөлбөр үзээгүй хүүхдүүдээс тогтмол өндөр оноо авсан байна. Мөн математик, байгалийн ухаан, англи хэл зэрэг хичээлүүдийн оноо нь илүү байсан судалгаа гарсан. Мөн Итали улсад хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн байна. Үүнд таван өөр сургуулиас нэгдүгээр ангийн нийт 179 хүүхдийг уг хөтөлбөрөөр дөрвөн долоо хоног явуулахад тэдгээр хүүхдүүдийн executive func­tioning буюу гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээс төлөвлөлт, төвлөрөл гэсэн хоёр үзүүлэлт эрс сайжирсан үр дүн гарчээ. Мэдээж асуудал шийдвэрлэх чадвар бас сайжирсан байна. Үүнээс харахад код багаасаа үзсэнээрээ дан технологийн бичиг үсэг төдийгүй бусад чадвар, оюуны чадамжид онцгой нөлөөлөл үзүүлж байдаг болох нь тодорхой болж байна.

-Танай сургууль хичнээн ангид элсэлт авах вэ. Элсэлтийнхээ талаар мэдээлэл өгвөл?

-Энэ хичээлийн жилээс “Кириллица” сургууль дээр энэ хөтөлбөр Монголд анх удаа хэрэгжихэд бэлэн болоод байна. Бид шинээр нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа энэ хөтөлбөрөөр ганцхан нэгдүгээр анги буюу хорин дөрвөн сурагчийг элсүүлнэ. Эцэг эхчүүд РЦНК дээр байрлах Кириллица сургууль дээр хүүхэдтэйгээ ирж ярилцлаганд орж бүртгүүлж байгаа. Манай 99253307 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Код бичих сургалтын төв үйл ажиллагаагаа тэлж, ийнхүү албан ёсоор элсэлт авч байгааг харахад манай нийгэмд энэ төрлийн боловсрол эрэлттэй байна гэж ойлгож болох уу?

-Манай эрчимжүүлсэн сургалт бол дандаа дундаас дээш ангийн хүүхдүүд хамрагддаг. Бага ангийн хүүхдүүдийн хувьд энгийн сургалтад хамруулаад байх төдийлөн оновчтой биш санагддаг. Тэдэнд технологийн боловсрол олгох оновчтой арга нь бага ангийн хөтөлбөрт нь энэ агуулгыг оруулж өгөх юм. Тэр ч утгаараа бид Монголдоо анх удаа дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй, танигдсан, өндөр үр дүнтэй шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.

-Анх төвөө нээж байх үе, өнөөдөр хоёрыг харьцуулахад эцэг, эхчүүд код бичих талаар илүү мэдээлэлтэй болсон гэж үзэж болох уу?

-Эцэг эхчүүдийн хувьд маш өөр болж байна. Анх би төслөө эхлүүлж байхдаа ямар ач холбогдолтой юу хийх гэж байгаагаа ойлгуулах гэж зөндөө тайлбарлах хэрэгтэй болдог байлаа. Одоо бол эцэг эхчүүд технологийн боловсролын үнэ цэнийг сайн мэддэг болсон байна.

-Сургуулийнхаа орчин нөхцөл, багш боловсон хүчний талаар танилцуулбал?

-Энэхүү шинэ хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа сургууль бол орос бага сургууль бөгөөд 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын ууган хувийн сургуулиудын нэг юм. Сургалтын чанар, сурган хүмүүжүүлэх арга барил гээд олон талаар төлөвшсөн боловсролын институт гэж хэлж болно. Тиймдээ ч энэхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөнгөж байгуулагдсан сургуулийг бодвол хүүхдэд чанартай боловсрол олгох нөү-хау, уламжлал нь байж байна.

“Компьютерийн шинжлэх ухааны үндэс” хөтөлбөрийг code.org байгууллагын зөвлөгөө зааварчилгаан дор албан ёсоор хэрэгжүүлж байгаагийн хувьд бид тохилог лабораторийг байгуулж, сургалтын орчин үеийн технологийг нэвтрүүлж байна. Мөн англи хэл заах гадаад багш болон гадаадад төгссөн сургалтын менежерээр багаа бүрдүүлсэн. Кодинг хичээлээ би өөрөө заана.

-Гар утас оролдоод суучихдаг, дэлгэцийн хамааралтай хүүхэд код бичиж сурснаар тэр буруу зуршлаасаа салах боломжтой юу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдийн технологийн сонирхлыг бүтээлч тал руу нь чиглүүлэхэд харьцангуй амархан. Манай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт digital citizenship буюу цахим иргэншил гээд энэ талаар боловсрол олгох бүхэл бүтэн хичээл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *