Categories
мэдээ цаг-үе

М.Өлзийбат: Улаанбаатарын ойр орчимд зургаан идэвхитэй хагарал буюу эртний газар хөдлөлтөөр үүссэн цууралтын мөр байгаа

Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран манай орны газар нутгийг газрын давхаргаас нь эхлэн дэлхийн цөм хүртэл судалгааны ажлыг эхлээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.


-Газрын гадаргаас дэлхийн цөм хүртэлх судалгааг хийсэн гэсэн. Энэ судалгаа хэзээ эхэлсэн бэ. Хэр явж байгаа вэ?

-2011 оноос хоёр улстай хамтран судалгааны ажил эхэлсэн. Энэ нь Монголын нутаг дэвсгэр дээр болж буй анхны өргөн хүрээтэй, том талбайг хамарсан судалгаа юм. Дэлхийн гүний тогтоц гэдэг нь дөрвөн хэсгээс бүрддэг. Эхнийх нь чулуулаг мандал, хайлмаг буюу манти давхарга, дэлхийн цөм, цөм нь дотор, гадар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бид Монгол орны ихэнх нутгийг хамарсан анхны өргөн хүрээтэй царцдаст давхарга болон чулуулаг мандлын судалгааг хийгээд байна. Эхний судалгаа нь Улаанбаатар хот орчмоос урд хил хүртэлхи талбайг хамарсан. Мөн Монгол орны царцдас мандал, хатуу хэсгийн ерөнхий дүр төрхийг гаргасан. Хэр зузааныг судалсан. Дараа нь Хангайн нуруу, Хөвсгөл орчим Алтайн өвөр хэсгээр судалгаагаа хийсэн. Одоогоор Монгол Алтайд судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөөд урьдчилсан судалгааг хийж байна. Ирэх жилээс Амеркиудтай нарийвчилсан судалгааг хийх зорилго тавиад байна. Гүний тогтцын судалгааг хийдэг олон арга байдаг. Энэ бол зөвхөн нэг л арга нь. Мөн газар хөдлөлтийн станцын судалгаа гэж байна.

-Судалгааг хийхэд боломж нөхцөл нь хэр вэ?

-Манайд үндсэндээ судлах боломж нь нээгдэж байна. Бид хоёр жилийн турш түр станц ажиллуулсан учир энэ хугацааны мэдээлэл бүртгэгдсэн байгаа гэсэн үг. Судалгааг хийх анхны нөхцөл бүрдсэн болохоос дэлхийн цөмийн судалгааг хийсэн зүйл биш. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн судалсан гэсэн ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнийг зөвхөн Монголчууд хийгээд байгаа юм биш. Бүх л орон хийдэг.

-Газар хөдлөлтийг судлах үндсэн арга нь юу вэ?

-Тухайн газар нутаг дахь газар хөдлөлт бүртгэх станц нь ямар байна гэдгээсээ шалтгаална. Хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн долгион нь дэлхийг чичрүүлдэг. Өөрөөр хэлбэл Дундговьд газар хөдлөхөд Улаанбаатар хот чичирхийлдэг нь үүнийг харуулж байгаа юм. Тэр газар хөдлөлтөөс үүссэн долгион нь дэлхийн гүнээр тал тал тийшээ нэвт тархдаг. Түүнээс тархаж байгаа долгионы тархалтын зам, хурд, хугацаагаар нь дэлхийн гүнийг судалдаг. Үүнийг бичдэг багаж нь үнэтэй. Ялангуяа өргөн зурвасын гурван байгуулагчтай станц нь. Өргөн зурвасаар судалдаг багаж нь дэлхийн янз бүрийн давхаргаас орж ирсэн долгионыг бүртгэж авах чадвартай. Бидний хэлдэг богино зурвасын станц нь ойрын газар хөдлөлт, тэр орчмын хэсгийг гаргах боломжтой. Өргөн зурвасын станц нь дэлхийд болж буй хүчтэй газар хөдлөлөөс тархсан долгионыг бүрэн бүртгэх чадалтай гэсэн үг. Түүгээрээ илүү давуу талтай.

-Монголд ийм станц байгаа юу, хэд байдаг вэ?

-Уржнан жил бид Монголынхоо хуучин байсан 10 станц, дээрээс нь гурав, дахиад дөрвөн станц нэмж, тархааж байршуулсан. Эдгээр бүх станцаа өргөн зурвасынх болгож чадсан. Дараа нь Америк, Хятадтай хамтарч нүүдлийн станцыг хоёр жилийн турш ажиллуулаад өргөн хэмжээний мэдээлэл цуглуулсан. Энэ нь хаана ч болсон хүчтэй газар хөдлөлтөөр тарж ирж байгаа чичирхийлэл нь дэлхийн цөмийг нэвтлэн Монголд ирж нарийвчилж судлах боломжийг бүрдүүлж өгч буй хэрэг.

-Энэ ойж ирж байгаа долгионы тусламжтай Улаанбаатарт хэзээ газар хөдлөхийг мэдэх боломжтой гэсэн үг үү?

-Үгүй өөр. Жишээ нь хүнийг рентгенд оруулахад нэвт зургийг нь авдаг. Эсвэл нэвт дууны долгион нэвтрүүлж байгаа хэрэг. Тэр дууны долгион хүний элэг, бөөр, зүрх дотор эрхтэн дээр чинь очиж ойгоод нөгөө талд очихдоо хэлбэр дүрсээ гаргадаг. Дэлхий үүнтэй л адилхан. Газар хөдлөөд, тэр чичирхийлэл нь дэлхийн дотуур гүйж, манай станцуудад бүртгэгдэж байгаа юм. Түүгээр нь бид цөмийг судалдаг. Дэлхийн цөм дээрээс ойсон, хугарсан долгионыг ялгаж аваад долгионы бүртгэгдсэн хугацаагаар цөмийг судалж байна гэсэн үг.

-Чичирхийллийн нөлөөгөөр дэлхийн доторх цөмийг судална гэдэг нь хэр үр өгөөжтэй арга байдаг юм бол?

-Рентгений долгионоор хүний гэдэс дотрыг зурдаг гэдэг шиг газар хөдлөлтийн чичирхийллийн долгионыг ашиглаж дэлхийн доторхыг зурж байна гэсэн үг. Дэлхийн аль нэг газар томоохон газар хөдлөлөө гэж бодъё. Тэр газар хөдлөлтийн чичирхийлэл бусад газар долгионоороо тархана. Ойрхон газруудад хүчтэй хурдан хугацаанд долгион хүрэх бол хол зайтай газруудад сул хугацаа нь удааширч ирнэ. Тэр долгионыг байршуулсан станцууд бүртгэж байдаг. Түүнийг бид тооцоолж, цөм ийм хэмжээтэй юм байна, энд шингэн хэсэг байгаа юм байна, энд нь царцдас байна гэдгийг гаргадаг. Дэлхийн дотоод бүтэц гэдэг ойлголт яаж гарж ирсэн гэвэл геологийн үзэгдлүүдээр гарч ирдэг. Жишээ нь галт уул дэлбэрнэ гэдэг нь дэлхийн гүнээс халуун хайлмаг дээшээ гарч ирдэг. Энэ нь юуг хэлээд байна гэхээр халуун хайлмаг гэж байдаг юм байна. Гарч ирсэн хайлмаг нь царцангуутаатөмөр маягын хүнд болдог юм байна гэх мэтээр дэлхийн дотоод бүтцийг судалдаг.

-Одоо судалгааны ажил яг аль хэсэгтээ явж байгаа вэ?

-Доошоо бид царцдас мандлынхаа хэмжээг бүрэн хэмжээд гаргачихсан. Зүүн тал руугаа бид детальны сайн хийж чадаагүй байгаа. Баруун талруугаа Алтай нурууны хажуугаар 12-13 станц ажиллуулаад урьдчилсан судалгааг хийж байна. Ирэх жилээс 70-80 станц байршуулж нарийн судлахаар төлөвлөж байна. Хангай, Хөвсгөлийг гаргаад ирчихсэн. Улаанбаатараас урагш Өмнөговь, Дорноговийн нутгуудыг гаргачихсан. Түүгээрээ царцас давхаргын зузааныг тогтоогоод байна. Дэлхийн царцдас давхарга нь Монгол орны төв хэсгээр Хангайн нуруу, Хөвсгөль Алтайн өвөр хэсэгт 41-59 км, Улаанбаатар орчим 42-45 км, урагшаа говь уруугаа багасаж 35 км зузаантай болж байгааг тогтоогоод байна.

-Улаанбаатар газар хөдлөлтийн хэр идэвхитэй бүсэд байдаг вэ?

-2005 оноос Улаанбаатар орчим газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй өссөн. Энэ идэвхжил одоо хүртэл буураагүй. 2005 оноос өмнө жилдээ 100-200 удаагийн газар хөдлөлт бичигддэг байсан бол үүнээс хойш хамгийн оргил үедээ 2300 хүрсэн. Урьд нь Улаанбаатарын ойр орчимд хүчтэй газар хөдөлж байсан зургаан голомтыг тогтоосон.Энэхүү голомтуудыг яаж тогтоох вэ гэвэл хүчтэй газар хөдлөлтөөр газрын гадаргууд томоохон хэмжээний цууралт үүсдэг. Жишээ нь Говь-Алтайд газар хөдлөхөд 8 м хүртэл газар зөрж шилжсэн байдаг. Босоогоор бол 3 м хүрсэн шилжсэн. Энэ нь хүчтэй газар хөдлөлт нь газарт заавал нэг ул мөр үлдээдэг гэсэн үг. Өмнө нь үүссэн зургаан хагарал нь 2005 оноос дахиад идэвхжээд эхэлсэн. Газар хөдлөлтийн идэвхжилт нь хагарлын дагуу тогтмол явагддаг шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орох өөрөөр хэлбэл чөлөөт хөдөлгөөн нь саарч эхэлбэл эвдрэл эрчимтэй ядагдаж байдагтай холбоотой. Дэлхийн радиус нь 6400 км үүнээс хайлмаг хэсэг буюу манти нь 2800 гаруй км-ийн зузаантай. Гадуурх чулуулаг мандал нь 30-70 км-ийн зузаантай. Энэ өндөгний хальс шиг нимгэн давхарга нь харьцангуй шингэн хэсэг дээр байнгын хөдөлгөөнд оршидог. Хөвж явахдаа нимгэн давхарга нь урьд нь хагарсан, цуурсан байдаг. Тэр цууралын дагуу байнгын газрын шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг.

-Улаанбаатарт яг хэдийд газар хөдлөхийг урьдчилж мэдэх боломж бий юу?

-Энэ нь өөр сэдэв болно. Газар хөдлөлт гэдгийг илүү өргөн хүрээгээр ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Дэлхий өөрөө урьдны газар хөдлөлтөөр энд тэндээ цуурчихсан байдаг. Тэр цууралтын дагуу байнга газар хөдлөлт, хөдөлгөөн шилжилт явагдаж байдаг. Хэзээ шилжилт хөдөлгөөн явагдахаа больж, хөдөлгөөн хийж чадахаа больхоор барьцалдсан хатуу биеэ эвдээд эхэлнэ. Царцас мандал, уул нуруудаа эвдээд эхэлнэ. Чөлөөтэй хөдөлж байснаа хөдөлж чадахаа болин эвдрэлүүд үүсч, түүнээс тархсан долгион нь газрын гадарга дээр мэдрэгдэж байгаа үйл явцыг л газар хөдлөлт гээд байгаа юм. Хөдөлгөөн хаана явагдаж байна, хаана хоригдож байна тэр хэсэгт газар хөдлөлт идэвхтэй байдаг. Газар хөдлөлт тэдийд болно гэсэн урьдчилж хэлэх боломж байгаа л байх. Гэхдээ өнөөдрийн шинжлэх ухааны түвшин хүрээгүй байна. Нарийн судалгаа хийх боломж байхгүй. Маш өндөр өртөг гарна. Дэлхийн бүх мөнгийг нийлүүлж байж Монголыг бүрхсэн нэг метр, метрийн зайтай багаж тавьчих юм бол яахав магадгүй тэдийд газар хөдлөх юм байна аа гэж хэлж магадгүй.

-Хамгийн сүүлд Улаанбаатарын ойр орчимд хэзээ хүчтэй газар хөдөлсөн бэ?

-1000-аад жилийн өмнө Улаанбаатарын баруун болон өмнөд хэсгүүдэд хүчтэй газар хөдөлж байсан гэдгийг судалсан. Бусад газруудад нь 2000-3000 жилийн өмнө хөдөлж байсан юм байна лээ. Тайван байсан газар дахиад гэнэт идэвхжээд ирнэ гэдэг нь тэнд хөдөлгөөн нь хоригдчихсон энерги хуримтлагдчихсан одоо эвдрээд эхэлж байна гэсэн үг.

-Газар хөдлөлт яг хаана болохыг харин хэлж болох нь ээ?

-Газар хөдлөлт хаана хамаагүй газар болдоггүй. Урьд нь газар хөдлөөд хагарсан, цуурсан ан цав үүссэн газруудад л болдог. Түүнээс эрүүл газруудад болох нь харьцангуй бага. Тэгэхээр бидний хийдэг ажил бол урьд нь цуурсан газруудыг нарийвчлан тогтоож, тодорхойлдог. Тогтоосон газруудын хөдөлгөөнийг барихаар судалгааны станцуудыг Улаанбаатарыг тойруулаад барьчихсан судалгаагаа байнга хийж, хянаж байдаг.

-Зарим үед маш хүчтэй газар хөдлөлт болж, заримдаа мэдрэгдэх төдий чичиргээ болдог. Энэ юутай холбоотой вэ?

-Хүн хүний ааш зан хоорондоо өөр байдаг. Зарим нь ууртай дүрс хийсэн ааштай, зарим нь дөлгөөн даруу. Газар хөдлөлт яг л тийм. Урьд нь үүссэн цуурал хэр гүнзгий, тектоник хөдөлгөөн нь хэр түлхэж байна гэдгээсээ хамаараад нэг үзүүлэлт, нэг параметр гэж байхгүй. Түүнээс газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн тохиолдолууд байдаг. Жишээлбэл: Хятдад болсон Хайчингийн газар хөдлөлт. Сарын өмнө хотоо нүүлгээд хор хохирол нь харьцангуй бага гарч байсан.

-Байгалийн баялаг нүүрс алт ухаж олборлох нь газар хөдлөлтөд нөлөөлдөг үү?

-Байгалийн баялаг өөрөө идэвхтэй бүс нутгуудаараа үүсдэг. Газар хөдлөлийн гүн нь өөрөө 15-25 км. Бидний ашиглаж байгаа байгалийн баялаг нь хэдхэн километрийн гүнд л байгаа. Түүнээс газрын 20-30 км-ийн гүнд байгаа үйл явцад хамаагүй наана байгаа ганцхан км юм нөлөөлөхгүй. Гарнаас өргөс авч байгаатай л адил мэдэгдэхгүй. Ашигт малтмал яаж үүсдэг үү гэхээр магми газрын гүнээс хөөрч орчноо өөрчилдөг. Тэр нөлөөгөөр нь алт, мөнгө, зэс гэх мэт байгалийн баялгууд үүсч байдаг.

-Хүний буруутай үйл ажиллагаанаас болж газар хөдлөлт болох боломж бий юу?

-Зөндөө бий. Жишээн дээр ярьвал энд нэг хагарал байна гэж бодъё. Энэ хагаралын эвдрэх хугацаа нь болоогүй байна. Гэтэл хүмүүс тэнд очоод хажууд нь уурхай газар ухаад, ус шахна. Тэгэхээр тэр хагаралыг идэвхжүүлчихдэг. Тэгээд нэг зуун жилийн дараа хөдлөх гэж байсан хагаралыг өнөө маргааш аваад ирдэг. Америк мэтийн хөгжсөн орнууд хаягдал усаа бүр км-ийн гүнд шахдаг. Тийм гүнд шахна гэдэг нь хүнд нөлөөлөхгүй. Тэр орчиндоо тархдаг. Гэтэл км гүнд байсан хагарал руу ус шахаад идэвхжлийг хөдөлгөөд эхэлдэг. Тэгээд арав хорин жил шахахаар нөгөө хагаралыг хүчээр хөдөлгөөд эхэлж байгаа юм. Хүчээр хөдөлсөн хагарал нэг л өдөр хөдөлнө. Тийм маягаар хүчтэй газар хөдөлж байсан тохиолдлууд байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *