–НАМЫН ДОТООД ШИЙДВЭРҮҮДИЙГ УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ГАРГААД ЯВНА –
АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.
-АН-ын Зөвлөхүүдийн танхим гэж байгуулагджээ. Танхим ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-АН-ын Үндсэн дүрмийн 7.2-т намын даргын дэргэд “Зөвлөхүүдийн танхим” ажиллах зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Намын уламжлал-шинэчлэлийн уялдааг хангах, ахмад лидерүүдийн мэдлэг, туршлага, хүн холбоог ашиглах, үзэл баримтлал, улс төрийн болон хүний нөөцийн бодлого дээр зөвлөгөө, дэмжлэг авах зорилготой.
-Намын жирийн гишүүдийн хувьд энэ танхимыг хэр дэмжиж байгаа бол?
-Намын нийт гишүүдээр хэлэлцэгдэж, 2018 оны арванхоёрдугаар сарын их хурлаар шинэчлэн батлагдсан Үндсэн дүрмийн дагуу байгуулж байгаа танхим л даа. Тиймээс танхимыг дэмжих эсэх гэхээс илүү, түүн дотор ямар, ямар хүмүүс орсон байна гэдгийг сонирхож, хэлэлцэж байгаа харагдсан.
-АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд Зөвлөхүүдийн танхимд багтжээ. “АН-д буг болсон өвгөчүүд” гэсэн шүүмжлэлийг байнга дагуулдаг эдгээр хүмүүс намыг эвлэрүүлж чадна гэдэгт та итгэлтэй байна уу. Энэ хүмүүсийн тулааны золиосонд нам хоёр хуваагдчихаагүй юм уу?
-Угаасаа Үндсэн дүрэмд “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын даргаар ажиллаж байсан хүмүүс багтана” гэж заасан байдаг учир тэр дагуу бүрдүүлсэн. Гэхдээ заавал тийм хүмүүсийг авна гэсэн үг биш, намд нөлөө бүхий, намын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байсан, холын хараа, ноён нуруутай гэдгээ өөрийн ажил амьдралаараа харуулсан тийм хүмүүсийг авах нь нээлттэй байдаг.
Зөвлөхүүдийн танхим бол зөвлөж ажиллана, намын дотоод шийдвэрүүдийг Улс төрийн зөвлөл, Бодлогын зөвлөл гаргаад явна. Ер нь аливаа юм зөв байрлал, үүрэг ролио олсноор эв эе үүсч, үр дүнгээ өгдөг. Улс төрийн намд олон хүний эрх ашиг холилдож байдаг ч, эцсийн дүндээ гол бүтээгдэхүүн нь хөгжлийн бодлого, асуудалд хандах байр суурь, түүний шийдэл юм. Хэдийгээр АН сөрөг хүчин боловч, АН-ын байр суурь, хөгжлийн бодлого бол Монгол төрийн бодлогын нэг хэсэг гэж хэлж болно. Үүнд хууччуулын мэдлэг, арвин туршлага зайлшгүй хэрэгтэй. Нам гэхээр хэдэн хүний зодоон гэж, хов жив, кино драмын байдлаар хардаг сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Намын бодлого явсаар төрийн бодлого болно.
-Бусад намуудтай эвсэж эрс шинэчлэл хийнэ гэж та мэдэгдсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юү?
-Монгол Улсад өнөөдөр улс төрийн 36 нам албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас, үзэл баримтлал, үнэт зүйлийн хувьд АН-д ойролцоо, төстэй намуудтай хамтран ажиллах, цаашлаад хэрэв цаг хугацаа нь болсон гэж үзвэл нэгдэх талын санал санаачилгыг эхлүүлээд явж байгаа. Ер нь бусад улс төрийн намууд гэлтгүй, АН-ын суурь үнэт зүйлийг сэтгэлдээ дэмжиж явдаг боловч, АН-ын гадна байдаг маш олон иргэд бий. Тиймээс АН өөрийнхөө үзэл баримтлал, улс төрийн бодлогын онцлог, байр суурийг маш тодорхой, мөн гуйвж дайвахгүйгээр тууштай илэрхийлдэг болох ёстой. Тэгж байж нийгэм доторх үндсэн дэмжигч массынхаа итгэлийг олж авч, хөл дээрээ бат зогсож чадна. Энэ бол намын шинэлчлэлийн нэг чухал хэсэг.
-Намын дотоод эв нэгдлийг хангуулахын тулд онц их хурал хуралдуулах тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Одоогоор онц их хурал хуралдуулах албан ёсны төлөвлөгөө, тов байхгүй.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар намын гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж онц их хурал зарлана гэж мэдээлсэн. Нөгөө талд хэсэг залуу бас хэвлэлийн бага хурал зохион байгуулж харагдсан. Хэрэв хоёр талд онц хурал хуралдвал шүүх хүлээж авах юм уу?
-Хэсэг хүн гарч ирээд “Бид онц их хурал хуралдуулна, биднийг бүртгэж ав” гэдэг, түүнийг нь тэр болгонд нь шүүх авч үзээд, асуудал болгоод байдаг бол Монгол Улсад хууль гэж байгаад хэрэггүй юм. Тухайн улс төрийн намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд хэн бэ гэдгийг ном журмын дагуу нягталж, тэрхүү эрх бүхий этгээдээс зохион байгуулсан хурал хуй, ирүүлсэн хүсэлт юу байдаг юм, түүнийг хүлээж авах, шаардлагатай процедурыг хийх нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Харин намын гишүүд, дэмжигчид “онц” гэж нэрлэнэ үү, “яаралтай” гэж нэрлэнэ үү янз бүрийн хурал, чуулга уулзалт зохион байгуулах, санал солилцох нь нээлттэй юм. Асуудал байгаа бол цуглаж хэлэлцэж байж л шийдлээ олно шүү дээ.
-Уг нь шүүхийн байгууллага танай намыг дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн шаардлага тавиад байгаа шүү дээ. Нөгөө тал нь эвлэлдэхгүй гэвэл намын жирийн гишүүдийн гарын үсэг цуглуулаад онц хурал хуралдуулаад үр дүнгүй юм биш үү?
-Хамгийн сүүлд бүртгэлтэй холбоотой манай хүсэлтийг тавдугаар сарын 24-ний дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх байтал, ерөнхий шүүгч юмуу илтгэгч шүүгч нь “дотоод маргаанаа шийдээгүй” гээд хуралд оруулалгүй буцаасан байна лээ. Ганц хоёр хүн бол улс төрийн захиалгаар нөлөөнд орохдоо амархан, тийм эрсдэл бий.
-Танай нам эвлэрэх зайгүй болчихсон юм биш байгаа гэсэн болгоомж бас жирийн гишүүдийн дунд байх шиг байна лээ?
-АН-ын хуваагдлын асуудал шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Харин нэг зүйл хэлэхэд өнөөдрийн асуудал бол гэнэтийн юмуу, саяхны асуудал биш, хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш, олон жил бугшсан, хуримтлагдсан асуудал тэсэрч гарсан зүйл. Тиймээс бид шийдэхдээ нягт нямбай, хариуцлагатай хандах ёстой гэж бодож байна. Асуудлыг үндсээр шийдэх, мөн алсын хараатай, углуургаар нь сайн шийдэх ёстой.
-Сая Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялах бүрэн боломжтой байсан ч дотоод хагарлаас болж маш муу оролцлоо гэж улс төр судлаачид ярьж байна. Сошиалаар бичигдээд байгаа шиг тохиролцооны сонгууль болчихов уу гэсэн хардлага ч нийгэмд байна. Харин таны хувьд ямар дүгнэлттэй байгаа вэ?
-АН-ын гишүүд, дэмжигчдийн санал 3-4 хуваагдсан. Нэг хэсэг нь нэр дэвшигчдээ санал өгсөн бол ойролцоо тооны хүмүүс цагаан сонголт өгсөн. Намынхаа нэр дэвшигчийг дэмжихгүй, цагаан сонголт хийнэ шүү гэж уриалж, зохион байгуулсан хүмүүс тодорхой байгаа. Энэ хоёрын дунд итгэл алдраад очиж саналаа өгөөгүй хүмүүс ч нэлээд байлаа. Мөн гуравдагч хүчний нэр дэвшигчид ч тодорхой хэсэг нь өгсөн болов уу.
Тохиролцооны нэр дэвшигч гэдэг хардлага яваад л байсан. Бидний хувьд эрвийх дэрвийхээрээ л ажиллалаа. Нэр дэвшигч маань ч гэсэн 30 жил тэмцсэн, явсан үйл хэргээ үгүйсгэх, өөрийн итгэл үнэмшлийг уландаа гишгэж, өрсөлдөгч пост-коммунист намтай тохиролцоно гэдэг ухаан санаанд яагаад ч бууж өгөхгүй байна.
-Ингэхэд танай нам нөхөн сонгуульд яаж оролцох вэ?
-Ач холбогдол өгч оролцоно.
–Байгаль орчны сайд болон Соёлын сайдыг огцруулах асуудал сонсогдох болсон. АН-ыг МАН-ын захиалгаар дуугарч байгаа тухай улс төрийн хүрээнд яригдах юм. Энэ үнэн үү?
-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар манай намаас албан ёсоор байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргаагүй байна. Мэдээж Засгийн газрын үйл ажиллагааны алдаа, арчаагүй байдалд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Улс төрийн хүрээнд элдэв таамаг, хардлага явдаг нь байдаг л зүйл. Эрх баригчид ковидын үеийн менежмэнтийг хийж чадсангүй, дэлхий дээр хамгийн олон сараар карантин тогтоож, төсвийнхөө хэр чинээг давсан хамгийн их үрэлгэн зардал гаргасан хэр нь хяналтаас алдаж, дэлхий дээр халдварын тоогоор тэргүүллээ. 1.4 тэрбум хүн амтай урд хөршөөс олон хүн нэрвэгдлээ. Дотооддоо алдаагүй байхад жил орчим хамаг хаалга үүдээ хааж, эдийн засгаа боомилж, ард түмний амьдралаар тоглолоо. Энэ бүхний буруутан бол эрх баригч МАН, тэдний Засгийн газар. Тийм байтал бид захиалгаар юу дуугарна гэсэн үг вэ?! Байж боломгүй асуудал.