Categories
мэдээ улс-төр

М.Тулгат: Ардчилсан намын хямрал сая эхэлсэн асуудал биш

АН-ын ҮБХны гишүүн, НИТХын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.


-Таны хувьд АН нь ямар үнэ цэнэтэй, ямар утга учиртай зүйл болох вэ?

-1990-ээд оны эхэн үед би дунд сургуулийн 3-4 дүгээр ангийн сурагч байлаа. Тухайн үед өрнөж байсан ардчилсан хувьсгалын үйл явцад манай гэр бүл ойр байсан. Хэдийгээр хүүхэд байсан ч, ардчилалтай хамт сайхан ирээдүй ирж байна гэж гэгээлгээр хүлээж авч байсан маань ой тоонд тод үлджээ. Монгол Улс аль нэг орноос хараат бус байх, чөлөөт зах зээлийн харилцаа руу шилжин дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэх,монгол хүн үндэсний өв соёлоороо бахархах эрхтэй байх зэрэг ардчиллынхны хүсч, зорьж байсан зүйлс тэр чигээрээ миний амьдралын үнэт зүйл болсон.

Ардчилсан хүчний намууд 2000 онд нэгдэж, Ардчилсан намыг байгуулж, тэр үзэл санааг цааш тээгээд явахад ч, мэдээж сэтгэлээрээ хамт байсан. Монгол орны цаашдын хөгжлийг энэ намгүйгээр тодорхойлох боломжгүй. Ерөнхий сайд асан С.Баяр гуай “Монгол төрийн хоёр баганы нэг нь Ардчилсан нам юм. Аль нэг багана нь доройтож, эсвэл хэврэг сул болох юм бол Монгол гэдэг айл гэр оршин тогтноход амаргүй болно” гэж хэлсэн байдаг шүү дээ. Улс төрийн нам бол нэг хүн биш, олон мянган хүний нэгдэл. АН-ыг алдаа оноогүй нам гэж хэлэхгүй. Алдаа гаргалаа гэж хаяж орхиж чадахгүй, харин ч алдааг нь засаж залруулж, унавал босгохын төлөө явах нь миний үүрэг гэж би боддог. Миний хувьд АН ийм л үнэ цэнэтэй.

-Таныг ардчилал, Ардчилсан нам хоёр салшгүй холбоотой гэж үздэг юм байна гэж ойлголоо. Ардчилал, Ардчилсан нам хоёр ялгаатай юу?

-1992 онд баталсан Үндсэн хуулиар нийгмийн тогтолцооны хувьд Монгол орон эргэлт буцалтгүйгээр ардчилсан нийгэмд шилжсэн. Тиймээс бусад нам бол ардчиллын төлөө биш гэх зүйл байхгүй. Хэдий тийм ч, ардчилал өөрөө хэврэг.Тордож, хамгаалж байхгүй бол нэг мэдэхэд үгүй болж,дарангуйлал руу орох аюултай. Тиймээс ардчиллын дуу хоолой болж, ардчиллын төлөө зогсож байх улс төрийн хүчин зайлшгүй шаардлагатай. Тэрхүү манаачийн үүргийг Ардчилсан нам гүйцэтгэх ёстой гэж боддог.

-Өөрөө АН-ын удирдах дээд байгууллага ҮБХны гишүүн. Бас орон нутгийн сонгуульд нийслэлийн ИТХсонгогсдсон иргэдийн хурлын төлөөлөгч. Үндсэндээ АН-ын анхан шатны байгууллагаас эхэлж шат ахиж яваа идэвхтэй гишүүдийн нэг. Ардчилсан намын явуулж буй үйл ажиллагаа таны сэтгэлд хүрч байгаа юу?

-Ардчилсан нэртэй намын маань өөрийнх нь дотоод ардчилал хангалтгүй явж ирсэн. Ардчиллын үнэт зүйлсийг манай сонгуульт гишүүд, лидерүүд тээж, хамгаалж, байр сууриндаа бат зогсож чадсан уу гэвэл би “үгүй” гэж хариулна. Улс төрийн байгууллага бол үзэл баримтлалаараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Гэтэл үзэл баримтлалаа дагаж биш, эрх мэдэл, албан тушаалын шат гишгүүр гэж орж ирсэн хүн цөөнгүй байна. Үнэт зүйл, үзэл санаа, зарчмаасаа хазайж,ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялахыг гол болгох хүмүүс байна. Бүр бугшсан байгаа нь харамсалтай.

Мөн 2000 онд намууд нэгдэхдээ тухайн үеийн дангаар ноёрхогч МАХН-ын эсрэг хүчээ нийлүүлэх үүднээс баруун, зүүнгүй нэгдчихсэн. Түүнээс болоод хөгжлийн бодлого ярих болохоор үзэл баримтлалын ялгаа үүсээд байдаг. Байр суурь нь нааш цааш ганхаад байдаг. Цэнхэр өнгөтэй нам юмуу, улаан өнгөтэй нам юмуу ойлгомжгүй болчихдог. Уул нь АН-ыг дэмжигч сонгогчид бизнесийг, хувийн хэвшлийг дэмждэг, хүний эрх чөлөөг эн тэргүүнд тавьдаг гэдэг талаас нь хүлээлттэй байдаг.

-Та бодит жишээ татаж ярьж болох уу?

-АН засгийн эрх барьж байсан жилүүдэд хувийн хэвшилд ээлтэй хандаж чадаагүй. Үнэ тогтворжуулна гэх мэт чөлөөт зах зээлийн эдийн засаг руу гар дүрж байсан. АН-аас нэр дэвшиж сонгогдсон МУын Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх, мөнгө тараах тухайл ярилаа. Хүний эрхийн төлөө нэг ч удаа дуугарсангүй. Хувийн хэвшил, бизнесийг хамгаалах, том төрөөс татгалзах санал, санаачлага манайхнаас ойрд гарсангүй. Ковидын үеэр бүр ч тод харагдаж, үгүйлэгдлээ.

-АН сүүлийн хоёр удаагийн сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдлын шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?

-2016 оны хувьд АН яг ямар нам болох нь ойлгомжгүй байснаас дэмжигчдийн суурь массаа алдсан. Фракцуудын зодоон, дотоод хагарал нь муухай харагдсан. Их хэмжээний өр, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт хар пиар бас их явсан. 2020 оны сонгуулийн тухайд дотоод ардчилалгүй, мөнгөний нам болчихож гэдэг сөрөг имиж хүчтэй явсан. Намын лидерүүд нийгэмд муухай харагдах болж, нэр хүнд нь унасан байсан нь бас нөлөөллөө. Намын даргадан өөрийн үзэмжээр асуудалд ханддаг болж, хамтын удирдлагын зарчим алдагдсан. Хэрэв чухал шийдвэрүүд гаргахдаа, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ хамтын шийдвэрийг баримталж байсан бол алдаа мадаг багатай, нийгэмд хүрэхдээ ч зөв байх байсан.

Цаашилбал, гишүүд өөрийн итгэл үнэмшлээр ажиллахаас илүү сонгуулийг мөнгө олох арга хэрэгсэл болгох байдал газар авсныг нуух юун. Анхан, дунд шатны намын байгууллага нь итгэл үнэмшлээрээ намын үйл ажиллагаанд оролцохгүй, мөнгө хардаг болоод ирэхээр улс төрийн үйл ажиллагаа маш өндөр зардалтай болчихож байгаа юм. Түүнээс болж гадагш хийх улс төрд биш, дотоод өрсөлдөөнд, дотооддоо таалагдах үйл ажиллагаанд хамаг хүч энерги, мөнгө хөрөнгөө барчихаж байгаа хэрэг. Ийм байхад сонгуульд ялахад хэцүү. Нам бол ердөө л хүмүүсийн нэгдэл. Нэгдэл байхын тулд өөрийн гэсэн дүрэм журамтай байна. Тэр дүрмийг хатуу мөрдөж, хэрэгжүүлж чадахгүй бол үл ойлголцол үүсч, мөн л хүч тамираа барна.

-АН-ын доторх эдгээр асуудал хэзээнээс үүсч хуримтлагдсан гэж Та харж байна вэ?

-Шинээр үүссэн зүйл биш. 30 жилийн туршид бага багаар хуримтлагдсан асуудал болов уу. Би 2010 онд Японоос эх орондоо ирээд АН-д элсэн орж байлаа. Тухайн үеийн намын дарга Н.Алтанхуяг байсан. Төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-г ер хуралдуулдаггүй. Аймаг, дүүргийн намын дарга нар нь өөрийг нь дэмждэг хамаатан садан, ойрын хүмүүсээр намын хороогоо дүүргэж, тэрүүхэндээ вант улс болчихдог. Шинээр намд орох гэсэн сайхан сайхан залуучуудыг халгаадаггүй. Анхан шатанд яваад очиход өөдөөс жигшмээр юм ярьдаг. Энэ бүхэн хуримтлагдсаар сүүлийн хоёр сонгуульд дүнгээ тавиулсан хэрэг.

-Та 2010 онд АН-д элсэн оржээ. 1990-ээд оноос АН-ыг байгуулалцаж явсан хууччуул нь үндсэндээ намаас шахагдаж, холдсон байгаа. УБХны 80-90 хувь нь залуучууд гэж байгаа. Өнгөрсөн оны сонгуульд нэр дэвшигчдийн 70 орчим хувь нь мөн л залуучууд гэдэг. Залуучууд АН-д цус, хүч сэлбэсэн гэж харагдаж байгаа мөртлөө АН нэг л учраа олохгүй байх шиг байх юм. Ямар учиртай юм бол?

-Миний хувьд 2012 онд орон нутгийн сонгуулиар дүүргийн ИТХ-д, 2016 оноос хойш Нийслэлийн ИТХ-д дараалан сонгогдож, ажиллаж байна. 2016 болон2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ хоорондхараад байхад миний болон надаас жаахан дээш үеийн чадварлаг залууст УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж бараг хаалттай байсан. Аймаг, дүүргийн нам дээр очиж хаалга мөргөсөн залуус цөөнгүй бий. Ардчилсан намд элсэж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцоод явъя гээд ирсэн ардчилсан үзэлтэй, мэдлэг чадвартай залуучуудыг манай нам үргээсэн, алдсан. Тэдний зарим нь ХҮН нам руу явцгаасан. Тэд одоо АН-ын саналыг хуваагаад явдаг болж. Дэмжигчдийн маань тодорхой нэг хэсэг нь одоо тэднийг дэмжээд явж байна.

-Тэгээд цаашид яах ёстой билээ?

-Би өөдрөг хүн. Ямар ч улс төрийн нам, байгууллагын амьдралд унаж босох явдал байх. АН уналтын цаг үеийг давах болно. Одоо уналт нь ёроолдоо туллаа. Энүүнээс цааш унах газар байхгүй. Одоо өсөж өндийх, босох цаг руу орно. Яаж гэвэл, нэгдүгээрт: үзэл баримтлал, бодлогын ялгаагаа зоригтой тод гарган тавьж, өөрийн өнгөөр гэрэлтдэг болох хэрэгтэй. Манайхан хоорондоо жийлцээд байдгийн цаад шалтгаан нь үзэл баримтлалаар ялгаатай хүмүүс механикаар нэгдсэнд байгаа юм. Баруун төвийн зарчим дээрээ хатуу зогсох хүмүүс намдаа үлдэх, үзэл баримтлалдаа эргэлзэж, будилаад байгаа хүмүүс өөрийгөө эргэж нэг сайн тунгаан бодох, шаардлагатай бол ижил сүргээ олохоор явах хэрэгтэй. 2018 онд АН үзэл баримтлалаа шинэчлэн боловсруулаад Дээд шүүхэд бүртгүүлсэн. Миний хувьд үүнийг их сайн болсон гэж боддог. Хувь хүний эрх чөлөөг дээдлэх, өмчийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих нь манай үндсэн онцлог.Үндэсний, нийтийн эрх ашиг гэдгээр халхавч хийгээд хувь хүний эрх чөлөө рүү, хувийн амьдрал руу ордог, өмч рүү халддаг, төр нь халамжлагчийн дүрд орж, төсөв мөнгө нь данхайж, дарга нараас хараат нийгэм бий болгох гээд байдгийн эсрэг бид хатуу зогсох ёстой. Тэгж байж АН дэмжигчдийнхээ өмнө ойлгомжтой болно. Ялангуяа биднийг дэмжих сегмент бол бизнесменүүд. Баялаг бүтээж буй, хэдэн хүнийг цалинжуулаад чирч авч яваа хүмүүс бол яалт ч үгүй АН-ыг дэмжих үндсэн суурь. Хоёрдугаарт: Өнөөдрийг хүртэлх алдаа оноон дээр дүгнэлт хийж, дүрмийн зарим өөрчлөлт хийх шаардлагатай. Жишээ нь Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо зэрэг намын доторх чухал бүтцүүдийг Намын даргаас хараат бус болгох, Улс төрийн зөвлөлийг аймаг, дүүргүүдийн төлөөлөл нэртэй “суурин төлөөлөгчид” биш, намын доторх жинхэнэ лидерүүдийн цугларалт болгож, тэндээс хамтын шийдвэр гардаг болгох, намын даргын эрх мэдлийг задлах, гадна байгаа ардчилсан үзэлтэй хүмүүсийг татаж авахын тулд хаалга үүдээ сайн нээж өгөх гэх мэт. Гуравдугаарт: Баталсан дүрмээ ягштал биелүүлэх соёлыг хэвшүүлэх, дотоод ардчиллыг хангуулах. Нэг дарга гарч ирээд дүрмийг янз бүрээр тайлбарладаг, дүрмээс давсан журам гаргаад түрэмгийлж явдгийг болиулах. Дөрөвдүгээрт: Цахим нам болж, улс төрийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, технологийн хялбар шийдлээр дотоод сонгуулиудад мөнгөний наймаа явах боломжийг нь хаах, гишүүд намын үйл ажиллагаанд хялбар оролцдог, зарлал мэдээлэл найдвартай түгдэг болгох.

-Одоогийн байдлаар АН хоёр толгойтой, хоёр тамгатай болоод байна. Яаж энэ төвөгтэй байдлаас гарах вэ. Асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

-АН айхавтар зовлонд уначихсан зүйл байхгүй. Хэтэрхий дэвэргээд байна л даа. Жаахан ойлголтын зөрүү байх нь байгаа, нэг талдаа гарах нь ердөө цаг хугацааны асуудал. Товчхон тайлбарлахад УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа хариуцлага хүлээж намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлага дүрэм ёсоор огцорсон. Мөн л дүрэм ёсоор сунгаагаар шинэ намын даргаа сонгуулиас хойш 90 хоногийн дотор тодруулж, их хурал хийх ёстой байсан. Тэр ажлыг Ц.Туваанд түр хариуцуулж өгсөн. Ер нь УИХ-ын сонгуулиас хойш намын хууччуул гэдрэг болж, залуучууд юу хийх нь вэ, харъя, боломж олгоё гэсэн байдалтай хэдэн сар явах шиг боллоо. Орон нутгийн сонгуулиар дан залуучууд менежмэнт хийсэн. Сүхбаатар дүүрэг зэрэг хэдхэн аймаг, дүүргийг эс тооцвол. Бидний залуус намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, их хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсан. Гэхдээ тэр хоорондоо процедурын олон алдаа гаргасан. Алдаанаас болж шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Ингээд л өнөөдрийн асуудал үүссэн хэрэг. Гэхдээ одоо маш тодорхой хэлэх зүйл бол нэгэнт шинэ дүрэм бүртгэгдээгүй учир хуучин дүрэм маань хүчин төгөлдөр. Дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэ албан ёсны бүртгэлтэй намын дарга, энэ хүн сунгааг зохион байгуулж, шинэ даргатай болгочихоод явах үүрэгтэй. Өөр юм хийж болохгүй. Харин миний гол санаа тавьж байгаа зүйл бол намын даргын сунгааг шударгаар, нээлттэй ил тод, олон талын хяналт, оролцоог хангасан байдлаар явуулах ёстой гэдэг асуудал. Тэгж байж л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер гарч ирнэ. Мөн заавал гишүүдийн 50 дээр нэмэх 1 саналаар даргаа сонгох ёстой. 10 гаруй хүн нэр дэвшээд саналаа хуваахад нийт гишүүдийн 20-хон хувийн санал авсан хүн намын дарга болчих эрсдэлтэй юм. Тийм хүн эв нэгдлийг хангаж чадахгүй. Сунгааг явуулахдаа муйхар башир арга хэрэглэж, нэг хэсгийг нь цавчих, хөөж туух байдлаар зохион байгуулбал түүний гор нь дараа дараагийн сонгуулиудаар гарч, дахиад л ялагдал хүлээнэ. Ийм явдал намын дээд, дунд, анхан гээд бүх шатанд гарч байлаа. Тийм алдааг давтахгүй байх хэрэгтэй.

-АН-д фракц байна уу?

-Фракц байхгүй болсон гэж хэлж болно. Гэхдээ улс төрд олон жил явсан хүмүүсийн нөхөрлөл, угшил гэж байгаа. Угшлаа дагаад хоорондоо уулзацгаадаг л байх. Тэдгээрийг фракц гэж хэлэхгүй. Учир нь шийдвэр гаргах түвшинд фракцын төлөөллүүд бодитой оролцдог тогтолцоо байхгүй болсон. Хэдий нэг нам байлаа ч, бодлогын ялгаа, ач холбогдлын эрэмбэ дарааны ялгаа бий. Мөн улс төрийн клуб, фракцаар дамжиж лидерүүд төрөн гардаг. Өнөөдөр манай намын Улс төрийн зөвлөл аймаг, орон нутгийн буюу засаг захиргааны нэгжийн дагуу төлөөллөөс бүрдсэн үхмэл бүтэц болсон байна. Угтаа лидерүүдийн, фракцуудын цугларалт байх ёстой юм. Цаг үеийн асуудлаар шуурхай хэлэлцэж, байр сууриа тодорхойлж, нийгэм рүү дуу хоолой гаргаж, манлайлал үзүүлэн хүчтэй сөрөг хүчний цөм нь, уураг тархи нь болж ажиллах ёстой юм.

-Нийгэм сөрөг хүчнийг үгүйлж байна. Сөрөг хүчний орон зайг хэрхэн дүүргэх вэ?

Одоо манайх хуучин дүрмээр сунгаагаа яаралтай явуулж, намын албан ёсны даргаа сонгож авах шаардлагатай байна.АН-ын УИХ дахь бүлэг бас сул байна. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгчийн дохиураар ажиллаж байгаагаас болоод эрүүл, хүчтэй байж чадахгүй байна. Намын дотоод зохион байгуулалт цэгцэрч, нийгэм, цаг үеийн асуудлууд дээр баримтлах бодлого, чиглэлээ тодорхойлж, УИХ болон орон нутгийн хурал дахь бүлгүүдтэйгээ уялдаатай ажиллаад ирэхээр тэр орон зайгаа эзэлж авах болов уу.

-АН цэгцэрч, сэхнэ гэдэгт итгэж байна уу?

-Бүрэн итгэлтэй байна. АН-д давуу тал бий. Монголчуудын үндэсний сэргэн мандалт, эрх чөлөөний үзэл санаан дээр суурилж, мэндэлсэн нам. МАН бол оросуудын заавар моделоор импортлогдсон, Сталинч арга барилтай, тийм гентэй нам. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын зоримог шийдэл гаргасан, хийж бүтээсэн бүхэн Монголын баялаг болоод явж байна. Манай намын мянга мянган гишүүд, дэмжигчид ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулаад ирсэн. АН бол нэг хоёр сонгуульд ялагдаад, хоёр тамгатай, хоёр даргатай болоод хэвлэл сайтуудаар нүдүүлэнгүүт унтарч алга болдог нам биш. Магадгүй, ардчиллын төлөө амь биеэ зориулж явсан ахмадууд маань “яав даа” гэж гомдож, гонсойж байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүсийн оюун санаа, итгэл үнэмшил шингэсэн нам учраас АН хэзээ ч үгүй болохгүй. Бид алдаанаасаа суралцаад босоод ирэх болно. АН-ын сэргэн босохыг нийгмийн зүгээс хүлээж, хүсч байна. Өнөөдрийн Монголд байгаа бүх нам ам уралдан халамж ярьж байна. АН тэднээс ялгаатай учраас, улс төрийн хүрээнд эзлэх орон зай нь хүртэл онцгой.

-АН-ын үзэл баримтлал, хувь хүний эрх чөлөө гэсэн үгнүүдийг Та олонтаа хэллээ. Эрх чөлөө гэснээс Монголд ардчилал эрх чөлөөг авч ирэлцсэн, Монголын ардчиллыг эх барилцаж явсан АН-ын лидерүүд эрхээ хасуулж, торны цаана сууж байна. Залуу улстөрчийн хувьд Танд юу бодогдох бол?

-Бид эрх зүйт нийгэмд амьдарч байгаа учраас шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж шүүн хэлэлцэх нь зохимжгүй. Харин шүүх шударгаар шүүж чадаж байна уу үгүй үү, шүүхийн бие даасан байдал ямар вэ гэдгийг бол дүгнэж ярих боломжтой. Өнгөрсөн хугацаанд шүүхийн хараат бус байдал хойшоо ухарсан. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд шүүгчдийг хэзээ ч ажлаас нь чөлөөлөх боломжтой болсон. Үүнээс болж шүүгчид улс төрийн барьцаанд орж, улс төрийн хараат болсон. Тийм цаг үе дор манай ардчиллын лидерүүдийг шоронд барьж хорьсон. Би бол шударга шүүхээр шүүж, ял оноолоо гэж итгэхгүй байна. Хэзээ нэгэн цагт энэ хүмүүс цагаатах нь тодорхой. Саяхан шүүхийн багц хуулийн өөрчлөлт батлагдлаа. Энэ хуулийн тухайд би өмнө бий болсон ухралт, алдаа дутагдлыг засаж чадсан гэж үзэж байна.

-АН-ын дарга ямар хүн байвал зохилтой вэ?

АН-ын дарга хүн намын дүрмийн манаач, дотоод ардчиллыг сахиулагч, үзэл баримтлалдаа үнэнч, хүнийхээ хувьд өндөр ёс зүйтэй хүн байвал зохилтой.

-АН-ын нэр хүндийг хэрхэн өсгөх вэ?

-АН-ын нэр хүндийг унагаах ажлыг эрх баригчид зохион байгуулалттайгаар он удаан жил хийж ирсэн. Одоо ч хийсээр байна. Хусавч арилдаггүй хөө цацаж АН-ыг харлуулж чадсан. АН-ын нэр хүндийг дагаад ардчиллын нэр хүнд унаж, ардчиллыг үгүйсгэх, дургүйлхэх хандлага бий болж байгаа нь туйлын харамсалтай. Энэ утгаараа АН, ардчилал хоёр нэг юмны салшгүй хоёр тал юм. АН-д нааштай, эерэг хандлага авч ирэхийн тулд шинэ төрх, шинэ нүүр царайг бий болгох цаг нэгэнт болжээ. Энэ нь ганц нэг хүн биш, багаараа шинэ төрхийг бий болгохыг би хэлээд байна л даа. Хууччуул хэрэггүй гэсэн үг бас биш. Би бол намынхаа лидерүүдийг хайрлаж, хүндэлж явдаг хүн. Залуу гэж нас зааж буй хэрэг бас биш. Бид хамтдаа шинэ дүр төрхийг бий болгохыг зорьж байна. Мэдээж намын даргын эзлэх хувь хэмжээ их боловч багаар шинэ имиж, шинэ дүр төрхийг бий болгохыг нийгэм биднээс хүсэн хүлээж байна. Нам дотор эрүүл өрсөлдөөнийг дэмжих, фракц бүлэглэлүүдийг клубийн хэмжээнд ажиллуулах тухайд санал нэгдэж буй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

Баярлалаа. Ардчилсан нам улс төрийн амаргүй цаг үеийг туулж байна. Магадгүй үзэл санаа, үзэл баримтлалынхаа дор нэгдэх, нэгэн үе солигдох процесс явагдаж байна. Хэдийгээр Монголын ардчилал 30 нас хүрлээ гэж бид бахархаж байгаа ч, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үргэлж тордон усалж, хамгаалж байхгүй бол ямар амархан нурж унах боломжтойг сүүлийн жилүүдийн торгон ирэн дунд өрнөж байгаа үйл явдлууд бидэнд харууллаа. Ардчиллынхаа ололтыг хамгаалах, монгол хүнийг халамж горьдсон үхээнц тэжээвэр амьтан болгох биш, бие даасан, өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн болсон, бүтээлч, хүчирхэг монгол хүн болгох, улмаар Монгол эх орноо үндэсний онцлогтой, эдийн засгийн өндөр өсөлттэй орон болгох гэсэн Ардчилсан намын бодлогыг дэмжээрэй, хэрэв үзэл санаа нэгтэй байдаг бол шинээр дахин төрж буй энэ цаг үеийн боломжийг ашиглаж бидэнтэй нэгдээрэй, үүд хаалгаа цэлийтэл нээхийн төлөө ажиллах болно гэж хэлмээр байна.

Ч.КУЛАНДА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *