АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
-АН-ын шинэчлэлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан өгсөн ярилцлагадаа “АН анх буусан буурин дээрээ буух ёстой” гэсэн байна лээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Анх ардчилсан хүчин 90-ээд онд гарч ирэхдээ юуг зорьж, эрмэлзэж гарч ирсэн билээ, тэднийг дэмжсэн хүмүүсийн хүлээлт юу байсан билээ. АН бол ардчилсан хүчний таван нам нэгдэж байгуулагдсан нам болохын хувьд ардчиллынхны нийтлэг үнэт зүйлийг тээж явах ёстой нам. Өнөөдөр тэр үнэт зүйл дээрээ хатуу зогсож чадаж байна уу? Өнгө төрх нь бусдаасаа ялгарч чадаж байна уу. Гучин жил ардчилалд саналаа өгсөөр ирсэн дэмжигчдийн маань нэлээд хэсэг нь энэ асуултад “үгүй” гэж хариулдаг болчихлоо. Амлалтын уралдаан, популизмын уралдаанд ороод барууны нам юм уу, зүүний нам юм уу, тогтсон үзэл баримтлалтай нам юм уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Иргэд, сонгогчдын урам хугарсан.
Ц.Элбэгдорж гуай АН анхныхаа үзэл санаа, зорилго тэмүүлэл ямар байсан тэр буурин дээрээ эргээд очъё гэж хэлсэн болов уу. Хэрэв тийм утгаар хэлсэн бол би санал нэг байна.Нэгэнтээ Ерөнхийлөгч асан хүний хэлсэн үгийг эш татсан учир Ерөнхий сайд С.Баяр гуайн хэлсэн үгийг эш татмаар санагдаж байна. Тэрээр “Монгол төрийн хоёр баганын нэг нь АН. Харамсалтай нь АН тэр үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй байна” гэж жиргэсэн. Зүгээр ч нэг хэлчихээгүй үг. Өрсөлдөгч МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан хүн Монгол төр бүтэн байхын тулд АН хүчтэй байх ёстой гэж хэлж байна шүү дээ. Үнэхээр олон нийтийн зүгээс АН-ыг шинэчлэгдээсэй гэх хүлээлт их байна.
-Анхны үзэл санаан дээрээ эргэж очно гэхээр яг юуг хэлж байна вэ?
-1990 онд ардчилсан хувьсгал өрнөхдөө нийтлэг хоёр хүсэл тэмүүлэл дээр тулгуурласан. Нэг нь Америк, Герман, Япон гэх мэт барууны капиталист орнуудын хөгжлийн загвар буюу хувийн өмч, хүний эрхийг хамгаалсан чөлөөт эдийн засаг. Нөгөө нь үндэсний сэргэн мандлын үзэл санаа. Тухайн үед Чингис хаан, монгол бичиг, үндэсний зан заншил, түүх, шашин, соёл уламжлалаараа бахархах үзэл асар хүчтэй давлагаалж байсан. Социализмын үед хориотой байсан Р.Чойномын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндсэрхэг үзэл шингэсэн шүлгүүдийг хэнээс ч айж ичихгүйгээр уншиж, алдаршуулах боломжтой болох жишээний.
Одоо бид 30 жилийн өмнө юуг зорьж байв гэдгээ дахин санаж, эдийн засгийн бодлогын хувьд либерал, нийгэм соёлын хувьд консерватив тэр үзэл баримтлал дээрээ баттай зогсдог болох хэрэгтэй. Ингээд хэлэхээр зарим хүмүүс “За тэр гадаад нэр томьёо, зүүн, баруун нь яах вэ, монгол маягийн өөрийн хөгжлийн загвар хэрэгтэй” гэдэг. Тийм ээ, Монгол бол Монголоороо л хөгжинө. Гэхдээ тэр загвар маань аливаа асуудлыг төр зохицуулдаг, халамж, нийгмийн хамгааллын бодлогыг түлхүү тавьдаг загвар байх юм уу, эсвэл хувийн хэвшил, иргэний нийгмийн санаачилгад илүүтэй тулгуурласан, хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай амьдрахыг түлхүү шаарддаг загвар байх юм уу, энэ хоёрын аль нэг тал руу хэлбийж таарна. Төрийн оролцоо их байх ёстой гэх тусам зүүний, төрийн оролцоо бага байх ёстой гэх тусам барууны болж таарна. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлалын дор нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Сандал ширээ, албан тушаалын төлөө нэгдсэн хүмүүсийн нэгдэл биш. Бодлогынхоо ялгааг, өнгө төрх, онцлогоо тод гаргаж байхгүй бол эрх мэдлийн төлөө үхэлдсэн хэдэн өлөн нөхдүүд л болж харагдана. Ард түмэн сохор биш.
-АН өнөөдрийг хүртэл ямар замаар явчихсан юм бэ?
-90-ээд оны анхны чөлөөт сонгуулийн тэр үеэс намуудын өрсөлдөөн хэт хүч тэнцвэргүй байдалд эхэлсэн. МАН буюу тухайн үеийн МАХН нь орон даяар салбартай, бааз суурьтай, боловсон хүчний нөөцтэй байлаа. Социализмын үед зөвхөн засаг захиргааны нэгж дэх салбаруудаар тогтохгүй, бүх байгууллагад намын үүр байсан гээд бодохоор үнэндээ аварга бүтэц. Энэ аварга амьтантай өрсөлдөхийн тулд адилхан л орон даяар салбар нэгжүүдтэй, нүсэр бүтэцтэй болох шаардлага гарсан. Түүнийг тогтоон барьж ажиллуулахын тулд их хэмжээний мөнгө хэрэгтэй, ажиллагаа хэрэгтэй. Ингээд л үзэл баримтлал чухал, гэхдээ мөнгө ч бас чухал, сайн муу бүх л арга мэх чухал гэдэг юм руу орчихож байгаа юм.Мөн МА(Х)Н гэдэг том бул чулууг унагаж л байвал үзэл баримтлал нь баруун байна уу, зүүн байна уу хамаагүй болж, сөрөг хүчин бүгд л нэгдсэн. 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулахад дотор нь социал демократууд, консервативууд, либертариуд, үндэсний социалистууд гээд бүгд холилдсон. АН-ын фракц хоорондын зодолдоон гээд л ярьдаг байлаа шүү дээ. Үнэндээ бол хөөрхий яалт ч үгүй итгэл үнэмшлийн ялгаанаас болоод бодлогын зөрөлдөөн, зөрчилдөөн тасрахгүй байсан хэрэг. Эрх ашгийн зөрчилдөөн бол ашиг сонирхлыг нь зохицуулбал алга болно. Итгэл үнэмшлийн зөрчилдөөн бол хэзээ ч арилахгүй. Сүүлийн жилүүдэд цаг үеийн асуудлаар намын илэрхийлж буй байр суурь, явуулж буй бодлого ч ойлгомжгүй болж эхэлсэн.
-Таны хэлээд байгаа асуудлыг шийдэхийн тулд намын дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу?
-С.Эрдэнэ даргын үед АН үзэл баримтлалаа тодотгон баталж, “баруун төвийн нам” гэдгээ зарласан. Энэ баримт бичиг их сайн болсон. Одоо харин цаасан дээр байгаа энэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж, институтын хувьд түүнийгээ хатуу мөрдөх хөшүүргийг дүрэмд тусгах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд намын дарга, удирдах түвшний хүмүүс дураараа мэдэгдэл хийх, сюрприз барих явдал их гарч байлаа шүү дээ.
Ер нь намын даргын эрх мэдлийг задалж, хамтын удирдлагын зарчмыг дүрэмд суулгаж өгөх нэн шаардлагатай. Намын даргад эрх мэдэл хэт төвлөрснөөс болж тэр хүний хувийн байр суурь, үг үйлдэл нь намын байр суурь болж, холион бантан болж байна. Өмнө нь сайн муу ч гэсэн хэдэн фракцын толгой, лидерүүд хамт сууж байгаад, хэрэлдэж байгаад ч хамаагүй дундаасаа шийдэл гаргадаг байсан. Хамтын удирдлагын зарчим алдагдсанаас болоод лидерүүд тодорч гарахаа байсан.
-Өмнөх дүрмийн шинэчлэлээр намын даргаа намын бүх гишүүдийн саналаар сонгодог болсон. Таны бодлоор үүнийг хадгалаад аваад явах нь зөв үү, буруу юу. Танай намын зарим хүн “энэ нь намын лидерүүдийг бүдгэрүүлж байна” гэж тайлбарласан.
-Сонгуулийн ялагдлаас болоод өмнөх бүх шинэчлэлийг үгүйсгэх нь учир дутагдалтай юм. Нөгөө тийш хэт савлах вий. Сунгаа буюу бүх гишүүдийн оролцоотойгоор шат шатны намын дарга, удирдлагыг сонгох зарчимд сайн тал бий. Гишүүдээ идэвхжүүлдэг, нийгэмд намын болон лидерүүдийн сурталчилгаа давхар явагддаг, намын хороод гишүүдээ хэтэрхий хайрцаглаж, жижиг жижиг “вант улсууд” болохоос сэргийлдэг зэрэг дэвшилтэт сайн талтай. Сунгаанаас болж нам шат шатандаа хагарч бутарсан гэдэг сөрөг үр дагаврыг ярих хүн олон байгаа, үнэний хувьтай ч зохион байгуулалтаар засч сайжруулж болно. Бүх шатны сонгуулийг биш юм аа гэхэд ядаж зарим сонгуульт албаны тухайд бүх гишүүдийн санал хураалтыг үлдээмээр байгаа юм. Нэг тийшээ савласнаа нөгөө тийшээгээ хэт савлаад байхаар институтын хувьд тогтвортой байдал алдагдана. Тоглоомын дүрмээ 180 градус огцом эргүүлээд байхаар цаашид яаж явах билээ.
-2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээлээ. Таныхаар ялагдлын гол шалтгаан юу вэ?
-Олон асуудал хуримтлагдсаар УИХ-ын сонгуульд ялагдсан л даа. Орон нутгийн сонгуулийн тухайд бол алдсан үнэлгээгээ сэргээх, рейтингээ өсгөх цаг хугацаа байсангүй. Үүнээс гадна МАХН, ШИНЭ намтай хамтарсан явдал, зарим популист гэж харагдахуйц бодлого, шийдэл танилцуулсан явдал намын үнэлгээ унахад нөлөөлсөн байж болзошгүй. Нийслэлд АН-ын дэмжигчдийн нэг хэсэг нь ХҮ нам руу саналаа шилжүүлсэн нь хүнд туслаа. Сонгуулийн ялалт, ялагдал аравхан санал, зуухан саналын наана цаана шийдэгддэг шүү дээ. Гэтэл хэдэн зуугаар нь, мянгаар нь санал хуваачихаар ташраараа унаад өгч байгаа юм. Харин хөдөө орон нутагт есөн аймагт ялалт байгуулсан явдал бол амжилт. Тэр дундаа “улаан” аймгуудад ялалт байгууллаа. Монголын ард түмэн АН-д найдлага тавьсаар байгаа юм байна. Хонгилын үзүүрт тод гэрэл харагдаж байна.
-Намд үе солигдох асуудал яригдах боллоо. Та үүнд ямар байр суурьтай байха. Танай намын зарим гишүүд “Ах нар одоо болно, зөвлөөд яваач ээ” гэсэн байр суурьтай байна…
-Хууччуулаа хэтэрхий хажиглах болсныг би буруу гэж боддог. Ардчилсан намын үзэл баримтлалыг дэмждэг, дүрмийг нь хүлээн зөвшөөрсөн бол хэдэн настай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Фракц муухай гээд л байсан. Тэгээд одоо насаараа, хүйсээрээ фракцалдаг болвол бүр том ухралт. 70-аад оныхон, 80-аад оныхон гэдгээрээ фракцлаад явна гэвэл энэ нам дуусаа. Шинэ залуу манлайлагчид, лидерүүд гарч ирэх ёстой юу гэвэл гарч ирэх ёстой.Гэхдээ тэр хүмүүс хууччуулаа хайр найргүй шордож, хөөж тууж биш, хамтран ажиллах, өөрийнхөө хүчээр өрсөлдөж, суралцаж гарч ирэх ёстой. Тэгвэл өнөөдрийг хүртэл яагаад ингэж чадаагүй юм гэдэг асуулт гарч ирэх байх. Өрсөлдөөн хэрэгтэй ч, тунг нь тааруулах, дараа үеийнхээ лидерүүдийг бодлогоор гаргаж ирдэг байх ёстой байсан. Үүнийг тайлбарлая.
Улс төрийн нам гэдэг нийгэм дэх манлайлагчид, нөлөөлөгчид, салбар салбарын лидерүүдийг өөртөө татаж, тэднийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулж, улс төрийн лидерүүдийг тэндээс төрүүлэн гаргаж байж рейтинг нь өсч, байр сууриа бэхжүүлдэг. Манай намын хувьд энэ бодлого үнэхээр дутуу дулимаг явж иржээ. Өндөр мэдлэг, чадвартай, тодорхой сегментэд нөлөөтэй ирээдүйтэй хүн намын үйл ажиллагаанд оролцъё гээд ирэхээр аль нэг намын хороонд элсэж орохоос авахуулаад хаалттай, дээшээгээ улс төрийн карьер өсөөд явъя гэхээр зэрлэг маягийн өрсөлдөөнд орж явахаас аргагүй болдог. Хор найруулна, хайрцаглана, яриа хөөрөө хийнэ, мөнгө төгрөг болно гэх мэт ийм арга зальд суралцах шаардлага гарна. Нийгэмд гадагшаа дуу хоолой болоод, үйл ажиллагаа явуулахдаа анхаарал, цаг заваа зориулж байх ёстой хүн чинь намын дотоод өрсөлдөөн, “зодоон” дунд хамаг хүч тамираа барах болчихдог. Ядаж байхад намын дарга нь дүрмийг өөртөө ашигтайгаар тайлбарлаад, өөрчлөөд явчих учир тоглоомын дүрэм нь ойлгомжгүй, ой ширэнгийн хууль үйлчлэх маягтай. Үүнээс халшраад ардчилсан үзэлтэй, ирээдүйтэй сайхан залуус нүүр буруулсаар ирсэн. АН ч дотоод өрсөлдөөнд хамаг санхүү, хүчээ бардаг нам болчихож байгаа юм. Тиймээс үүнийг бодлогоор зохицуулах, хаалга үүд нь нээлттэй нам болоход анхаарах ёстой. Дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэгт энэ санаа хүчтэй яригдаж байгаа.
-2016 оноос өнөөг хүртэл АН ялагдал хүлээлээ. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ АН-д орсон таны үеийн залуучуудад цаг хугацаа хайран биш үү. Таны үеийнхний хэрэгжүүлэхийг хүссэн зүйлүүд нь цаасан дээр үлдэж цаг хугацаа өнгөрч байна шүү дээ…
-Мэдээж манай намд байгаа олон сайхан залуусыг харахад олон удаагийн ялагдал хүлээж, тэр залуусын боломж потенциалыг ашиглаж чадахгүй, карьерийг нь гацаагаад байгаа нь хайран санагддаг. Гэхдээ яг надад өөрт бол гайгүй ээ. Ингээд өөрийнхөө итгэл үнэмшлийг дагаад, улс төр оролдмор аядаад, ажиллаад зориод явж байгаа маань өөрөө амьдралын утга учир юм даа. Харин ялагдах үед төрдөг нэг харуусал бол, манай нам ялбал ийм бодлого хэрэгжүүлнэ, ийм ажил хийж чадна гэж байсан зүйлүүд унах явдал байдаг. Нийслэлд АН ганцхан удаа буюу 2012-2016 онд засагласан. Энэ үед “Хот нүүрээ угаасан юм шиг боллоо” гэж ярьдаг байсан. АН бол ажил хийж чаддаг нам. Одоогийн эрх баригчид манайхнаас юм асууж байх хэрэгтэй, бидний дэвшүүлж буй зөв санал санаачилгуудыг тусгадаг баймаар байна. Цөөнх боллоо гээд бид гараа хумхиад суухгүй ээ. Иргэдээ төлөөлнө, нүд чих нь болно, хяналтаа тавина, ардчиллынхаа манаачийг хийнэ, намаа шинэчилнэ. 2024 онд Ардчилсан нам хавтгай ялалт байгуулна гэдэгт би лав бүрэн итгэдэг.
Р.ХИШИГЖАРГАЛ