Сүүлийн үед ил биш далд өрнөөд байгаа улс төрөөс нэг тийм эвгүй байдал ажиглагдаад байна. Тиймээс ажигласнаа хүргэх энэ бичвэрийг “Монголын нууц улс төр” гэчихмээр санагдаад салдаггүй. Учир нь энэ зүгээр нэг цагийн урсгал дагасан үйл явдал огт биш. Тэр бүр болоод байхгүй улс төр. Тийм явдал нууцаар болж байна. Олон таван оршилгүй шууд хэлэхэд, Үндсэн хуулийн 32 жил явж ирсэн тогтолцоо доргилт авчихжээ. Тэр доргилтын нөлөөгөөр төрийн институциүдийн дахин хуваарилалт явах гээд байна. Тэрийг дагаад тэдний хоорондын зөрчил хурцадлаа. Энэ бүхэн анхнаасаа 1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг өөх ч биш, булчирхай ч биш тогтолцоотой хийсний гор.
Нэг. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой баулс төр
Монгол Улс парламентын засаглалтай гэх атлаа УИХ нь юу ч шийдэж чаддаггүй. Дөнгөн данган Засгийн газрыг л байгуулахад оролцдог. Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа адилхан ард түмнээс сонгогддог. Тэгж сонгогдоод УИХ-аасаа илүү эрх мэдэл хэрэгжүүлдэг. Засгийн газар шиг гүйцэтгэх эрх мэдэл ч Монголын Ерөнхийлөгчид байна. Ийм дэлхийд ганцхан хэн нь ч илүүрхэхгүй, нэг талаас ардчилсан мэт харагдах тогтолцоог 1992 онд тэр үеийнхээ нөхцөлд тохируулаад хийчихсэн байдаг. Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу гэдэг дээр 1992 оны Үндсэн хуулийн баталсан АИХ маргаж, маргаж олонхын засаглалыг сонгосон. Тэгэхдээ УИХ-ын эрх мэдлийг бусад институцид хуваачихсан. Тэгж парламентын засаглал гэдэг маань хоосон тунхаг төдий зүйл болж үлдсэн. Уул нь УИХ л ард түмнээс сонгогдож гараад Ерөнхийлөгч болон Засгийн газрыг сонгож томилж байж парламентын засаглалтай бүгд найрамдах улсын хэлбэрээ зөв олох учиртай юм. Гэвч энэ нь гажуудал үүсгэж он цаг улирч, цаг үе өөрчлөгдөх тусам улам ташуурч байна. Угтаа Монгол Улс тогтолцооны хямралд хүрээд өнөөдөр тэсэрч дэлбэрэхдээ тулж ирэв. Үүнтэй холбоотой улс төрийн дахин хуваарилалт, төрийн институциүдийн зөрчил, урвалт шарвалт хүртэл явагдаж тэр нь хурц хэлбэрт шилжлээ. Ийм дүр зураг ажиглагдаж байна. Энэ бүхнийг иргэд мэдэх эрхтэй хэрэгтэй юм. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой 11 дүгээр сарын 26-нд тохионо. Ой угтсан эвгүйдүү л үйл явдал болж байна. Иргэд хараахан мэдээгүй, улстөрчид аль хэдийнэ мэдчихээд байгаагаар Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим өөрчлөлтийг эргэн харж, дахин өөрчлөх гэсэн үйл ажиллагаа явагдаад байна. Ингэж чадах хоёр субьект байгаа нь УИХ болон Үндсэн хуулийн Цэц юм. Гэтэл энэ нь УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрын зөрчил биш. Ард нь улс төрийн, эсхүл баялгийн эрх мэдлийн төлөөх мацалт явагдаж байна.
Хоёр. Д.Амарбаясгалан ба126 ямар байр суурьтай байгаавэ?
Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2023 онд хийсэн өөрчлөлтөөр УИХ холимог тогтолцоо, 126 гишүүнтэй байхаар болсон. Анх удаа тэр дагуу УИХ бүрдсэн. Хэдийгээр иргэдэд 100 хувь таалагдаагүй ч парламентын засаглалын чадамжид хүчтэй дэм болох УИХ байгуулагдсан. Нийгмийн сегментүүдийг бөөндсөн анхны энэ УИХ-ын даргаар нам, хувийн секторт олон жил ажиллаад хоёр жилийн өмнө төрд буюу ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан сонгогдсон. Шинэ дарга, шинэ УИХ гэсэн үг. Удахгүй Монголын парламентын засаглалыг авч үлдэж чадах уу гэдэг маш том сорилттой нүүр тулна. Үндсэн хуулийн хамгийн том тунхаг “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэдгийг Үндсэн хуулийн Цэц унагаж болзошгүй нь. Гэхдээ ингэж шийдэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон 126 гишүүний байр суурь чухал. Хүлцэнгүй байж, эс үйлдлээр тэд сунгахыг дэмжиж болно. Эсхүл Үндсэн хуулийн Цэцийн санаархлыг зогсоох боломжтой. Бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрчлөх эрх мэдэл ч өнөөдөр УИХ-д байгаа. Хүсвэл, нэгдвэл шууд хэлэлцээд хийж болно. УИХ сонголтын өмнө байна.
Гурав. Цэц шулуудсан уу?
Үндсэн хуулийн Цэцэд С.Номынбаясгалан, Э.Хишигжаргал нар “Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянах эрхтэй байх ёстой” гэсэн гол утгатай мэдээллийг гаргасан. Тэр талаар хэвлэлүүд мэдээлээд байгаа. Үндсэн хуулийн Цэц бол таг. Харин УИХ бол хууль тогтоогч болохоос Үндсэн хууль тогтоогч биш гэсэн утгатай хууль зүйн эрдэмтдийн нийтлэлүүд Үндсэн хуулийн Цэцийн вэбсайтад харагдах болсон. Мөн Г.Занданшатар даргатай УИХ-ыг бууж байх үед Үндсэн хуулийн Цэцээс тус Цэцийн гишүүд болон өөр бусад зарим өндөр дээр албан тушаалынхны томилгоог УИХ-ын сонсголоор оруулдгийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ мэтчилэн УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг УИХ бол Үндсэн хуулийг тогтоогч биш гэдэг утгаар хасах процесс нэгэнт эхэлсэн байна. Харин Үндсэн хуулийн Цэц С.Номынбаясгалан, Э.Хишигжаргал нарын мэдээллийг ёсоор болгож Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрэх эрхээ олж авна. Үндсэн хуулийн Цэц ингэх нь зөв гэдэг дээр урьд нь дарга байсан Д.Одбаяр, одоогийн дарга Г.Баясгалан нарын хамт байр суурь нэг, хамт байгаа байж болзошгүйг эх сурвалжууд хэлсээр байна. Үнэхээр Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг өөрчлөх дээр шулуудчихсан уу. Үүнийг тун удахгүй бид харна.
Дөрөв. Ерөнхийлөгч үү, стратегийн орд эзэмшигчид үү?
Үндсэн хуульд 2019 онд Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, Баялгийг тэгш хуваарилж стратегийн ордуудад түшиглэсэн Үндэсний баялгийн сан байгуулна гэсэн гол өөрчлөлтүүд орсон. Эдгээрийн яг аль нь хэний эрх ашгийг зөрчөөд УИХ, эсвэл Үндсэн хуулийн Цэцээр хийлгэх байна вэ гэдэг тун оньсого шиг яригдаж байна. Аль нь вэ.
Олны ярихаас харвал одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд дахин сунгах процесс ингэж явагдаж байна гэж байгаа. УИХ-ын сонгуулийн дараахнаас МАН-аас сонгогдсон зарим гишүүн “Отгонбаяр уулзлаа, сунгах хэрэгтэй байна гэсэн, тусалж дэмжинэ гэсэн” гэж байгаа тухай яригдсан. Уржигдар АН-ын бүлгийн гишүүд Тэрэлжид уулзаж задгай ярих үед “Отгонбаяр ярьсан, дэмжээрэй, томилгоо ярьж өгч болно гэсэн” гэж ярьсан байна.
Стратегийн орд эзэмшигчдээс Үндэсний баялгийн санд ордынхоо 34 хувийг өгөх сонирхолтой компани бараг л гарахгүй. МАК, “Энержи ресурс” -аас эхлээд стратегийн ордтой компаниудад 126 биш 9 хүнтэй яриад шийдүүлэх нь амар. Тэгэхээр Үндсэн хуульд орсон өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн заалтыг өөрчлүүлэх санаачилга тэднийх байх боломжтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ыг Үндсэн хуулийн Цэцийг лоббидоход оролцохгүй байх. 2019 оны өөрчлөлт Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Хэрэв Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын аль нэг тэр өөрчлөлтийг өөрчлөх процесс явж амжилтад хүрвэл эрх ашиг нь хөндөгдөж эрх мэдлээ алдаж болох субьектийн нэг нь Ерөнхий сайд. Тэгэхээр тэр эсрэг байр суурь дээр зогсох магадлалтай.
Монголын улс төрд иймэрхүү нууц үйл явдлууд өрнөж байна. Энэ бүхний эцэст УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрын нэг нь дийлнэ. Нэг ёсондоо УИХ-ын 126 гишүүн хууль тогтоох уу, Үндсэн хуулийн 9 гишүүн хууль тогтоох уу гэдэг дээр шийдэл гарна. Энэ талаарх чихээр орсон болгоноо энд бурсангүй. Тэгэх юм бол та нарт тун хэцүү сонсогдоно. Хямарна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин өөрчлөх нь хэнд хэрэгтэй вэ. УИХ-ыг, Үндсэн хуулийн Цэцийг хэн түншээд байна вэ. УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёр ямар байр суурьтай байгаа вэ. Мөн энэ үйл явц ажил хэрэг болж биелэхэд гол үүрэг бүхий оролцогчид болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд яагаад таг чиг байна вэ. Хуульчид, эрх зүйчид, Үндсэн хууль судлаачид ямар учраас үг дуугарахгүй байгаа вэ. Эдгээрт хариулт авах юмсан, бүгдээрээ.
Ажиглагч А.Батболд