Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар бид энэ удаагийн парламентдаа 126 гишүүн сонгосон. Холимог тогтолцоогоор явагдсан сонгуулийн үр дүнд бүрэлдсэн шинэ парламент өөрөө олон онцлогтой. Тэр дундаа энэ удаагийн Их хуралд хоёр нийгэм дамнуулан Монгол Улсын улс төр, эдийн засаг, урлаг соёл, нийгэмд өөрийн гэсэн том орон зайтай явж ирсэн хүмүүсийн удам угсаа, үр хүүхэд чамгүй олон сонгогдсон юм. Өндөр хөгжилтэй орнууд, барууны улсуудын парламентын жишиг ч гэсэн ийм л байдаг. Аль тэртээ 1900-гаад оноос үүсэлтэй Лордуудын парламентад удам дамжсан эрхмүүд өдгөө ч сууж л байгаа. Харин 126 гишүүнтэй болсноор манай улсын парламентад энэхүү байдлын эхлэл тавигдаж байна уу гэж үзэж болохоор байгаа юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Жасрай гуайн зээ охин А.Ариунзаяа МАН-ын жагсаалтаар гишүүн болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, төр, нийгмийн зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Жадамбаа агсны хүү Ж.Энхбаяр, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, БНМАУ-ын сайд асан Д.Салдан агсны охин С.Одонтуяа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үеэл дүү Б.Пүрэвдорж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдоржийн охин Р.Уянгахишиг, УИХ-ын дэд дарга асан П.Батхүү агсны дүү П.Батчимэг, Эдийн засаг хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга зэрэг улстөрч удамтай хүмүүс хэд хэд байна.
Тэгвэл Монгол Улсын Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Ч.Лодойдамбын зээ охин Л.Энхнасан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны зээ хүү С.Лүндэг, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дуламын хүү Д.Бум-Очир, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны хүү Б.Баярбаатар, гавьяат хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатарын хүү С.Эрдэнэболд, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын төрсөн дүү Д.Жаргалсайхан гээд нийгэм, соёлын салбарын алдар цуутай хүмүүсийн удам угсаа шинэ бүрэлдсэн парламентад ард түмнээ төлөөлөн сууж байна.
Мөн МАК компанийн үүсгэн байгуулагч, гавьяат уурхайн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Гацуурт компанийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбатын охин Ч.Номин, Их засаг их сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Н.Ням-Осорын хүү Н.Учрал, Өсөх зоос компанийн эзэн Ч.Чинбатын охин Ч.Ундрам гээд бизнесийн салбарт өөрийн гэсэн нэр, мөртэй яваа эрхмүүдийн хүүхдүүд ч ард түмнийхээ итгэлийг хүлээн энэ парламентад сонгогдон ажиллаж байна.
Мэдээж бүх хүмүүсийг тэр бүр сайн мэдэх боломжгүй учраас зарим нэгнийг нь орхигдуулсан байж мэднэ. Гэвч ард түмний эдгээр сонголтууд зүгээр нэг тохиолдлын зүйл биш. Монголчууд эртнээс нааш “Сайн хүний үр, Сүүт гүүний унага” хэмээн удам угсааг нь хэлэлцэн ярилцдаг. Тийм ч учраас эдгээр гишүүдийг түмнээ төлөөлөн төр барилцаж чадна хэмээн итгэж сонгосон хэрэг. Гэхдээ сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэгийн үлгэрээр нэг удаа сонгогдсон байж болно. Харин нэгэнт сонгогдоод гарч ирсэн учраас өөрийнхөө хэн гэдгээ, ямар хэмжээний эрдэм мэдлэг боловсролтой болохоо, эх орон элгэн садныхаа төлөө хэрхэн сэтгэлтэй ажиллахаа харуулах л хэрэгтэй. Мэдээж улс төрийн хувьд туршлага дутаж мэднэ. Гэвч өөрсдийн гаргасан шийдвэр, ард түмний сонголтод буцах эрх байхгүй учраас энэ дөрвөн жилд өөрсдийгөө харуулж, ажиллах ёстой болж байна.
Т.ДАРХАН
One reply on “Монголын нийгэмд нөлөөтэй хүмүүсийн үр хүүхэд бөөнөөрөө сонгогдсон шинэ парламент DNN.mn”
Hamgiin ehniih es tootsood ariin hed bj boloh busad ni mongoliig zalgij bga hed Uchralaas busad