Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт болж байна DNN.mn

Монголын номын санчдыг мэргэшүүлэх сургалт арванхоёрдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

2023 оны мэргэшүүлэх энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Америкийн монгол судлалын төвтэй хамтран шинээр нээгдсэн танхимд зохион байгуулж байна.

Сургалтад 20 байгууллагын 35 номын санч хамрагдаж, сургалтын туслах багшаар МУБИС-ийн судлаач номын санч Д.Цолмон оролцож байна.

Монгол мэдлэгийг дэлхийтэй холбох, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийн каталогт нэгтгэхэд олон улсын программ хангамж зайлшгүй хэрэгтэй  билээ. Тиймээс АНУ-ын монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлэгээр хоёр дахь жилдээ АНУ-ын Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн номын санч доктор М.Саруул-Эрдэнийг урьж олон улсын MARC формат, RDA стандартаар номоо каталогжуулах хичээлийг шат дараатай заалгаж байгаа юм.

Сургалтыг нээж МУБИС-ийн захирал доктор профессор Ж.Батбаатар, Америкийн монгол судлалын төвийн суурин захирал Айзак Харт нар үг хэлж номын санчдад ажлын амжилт хүслээ.

2022 оны хичээлээр үндсэн каталогжуулалтын стандарт, нэрийн баталгаажуулсан бүртгэл үүсгэх талаар заасан бол энэ жилийн сургалтаар стандарт бус хэвлэлтэй ном буюу хуйлмал, ороомог, үдээстэй ном, хоёр талаасаа хэвлэлтэй ном, хайрцагтай ном гэх мэт өвөрмөц хэвлэлттэй номын каталогжуулалтыг зааж хамгийн гол нь каталогжуулалтын гарын авлага гаргах зорилготой юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын санг 2021 онд БСШУЯ-наас Шилдэг номын сангаар шалгаруулсан ба тус номын сан нь олон улсын программ нэвтрүүлэх, программ хангамж, каталогжуулалтаар арга зүйн зөвлөгөөг бусад номын сангуудад өгч ажилладаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *