ӨДРИЙН СОНИН.Ы 2010 ОНЫ АРХИВААС…
УИХ мөдхөн завсарлаж, наадам өндөрлөлөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж байна. Зөөлөн бороо үе үе цайран орж наран мишээж халуу дүүгэнэ. Ийнхүү Монгол нутгийн хамгийн сайхан үе монголчуудын их амралтын үе ирлээ.
Гэвч “Наадмын дараа намар” хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйцлээ. Бүр байчихаад долдугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөтлөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр” гэж ирээд л мэдэмхийрч байх юм. Яагаад гэвэл наадам өнөөдөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ дээ. Наадмын маргааш ид зун үргэлжилдэг болохоос хэзээ байтлаа намар эхлэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэтлээ үнэмшчихсэн байна.
Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн дулаан болдог. Гэхдээ цөөхөн хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хонгиноод” эхлэнэ дээ. Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.
Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Наймдугаар сарын аравдаас хойш л ажил төрөлдөө ордог юм байгаа биз. Бүтэн есөн сарын зуданд нухлуулсан малчдыг хадлангаа ав гэж шаардаад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн аж ахуйнууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хотуудын өвөлжилтийн бэлтгэлээс өөр төр засагт санаа чилээх юм огт байхгүй.
Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жирийн хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.
Хүмүүс наадмаа үзчихсэн, шинэ бөх түрүүлэхийг харчихсан тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц дугуйныхаа хагархай олгойг нөхөж аваад, эхнэр хүүхдээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аавдаа золгож, хамаатан садантайгаа уулзаж шавайгаа ханатал тарвалзахаар одож байна. Агь таанын үнэрт аргал хорголынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наадмын сонин ярьж яваад ирнэ.
Харин төр засаг хэнхэглэж өвлийн бэлтгэл гэж байхаар дээрхи сонирхлыг нь дагуулан үйлчилгээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэглэл, ус борооны мэдээ, сум суурингуудын буудаллах газар зэрэгт анхаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түүхэн газрын мэдээ, мэдээлэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.
Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахархах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэддэггүй л болохоос.
Оюун ухааны манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэзээ ч үл тайлагдах нууцуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.
Түүнээс биш уран зохиолын номонд гарсанаас болж алдаршсан шилийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх домогтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яагаад гэвэл улсын хилийн яг торгон ирмэг байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь” гэж өмөөрөх, харамлах, бас харуусах сэтгэгдэл төрдөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.
Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоёрын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Амраахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн мухар сахиж суух вэ. Энүүхэндээ гэж сонирхуулахад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туулын бургасанд зусландаа гарчихсан байна лээ шүү.