Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяр: Таван толгойн ордоо түшиглэсэн шинэ технологийн цогцолбор байгуулах хэрэгтэй DNN.mn

Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхайн зөвлөх, Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяртай ярилцлаа.


-Та бол Монголын уул уурхайн нэртэй инженерүүдийн нэг. Таван толгойн нүүрсний уурхайн дарга байсан хүн. Шууд албан ажил ярихын өмнө эхлээд төгссөн сургууль, хаанаас ажлын гараагаа эхэлснийг тань сонирхъё?

-1980 онд тухайн үед МУИС-ийн харьяа Политехникийн сургуулийн уул уурхайн ангийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Анхны томилолтоо Хэнтий аймгийн Чандган талын нүүрсний уурхайд уулын мастерын ажлаар эхэлсэн. Гомбожав ахлагчтай Улсын чанарын бригад мундаг хамт олон хүлээж авсан. Өдий зэрэгтэй уулын инженер болоход тухайн хамт олон нөлөөлсөн

Дараа нь Түлш эрчим хүчний яамны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд чанар хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Мөн 1982 оноос Эрчим хүч геологи, уул уурхайн сайдын багт ажилласан. Сайд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай. Энд ажиллахдаа түлш эрчим хүчний салбарын шинэ техник, технологийн асуудлыг хариуцан шинэ бүтээл оновчтой санал буюу ШБОС 1984, 1986 улсын уралдаануудад салбараа сайн зохион байгуулсан амжилтаар шалгарч байсан. Нүүрсний салбараас гадна эрчим хүчний салбарын хамт олны бүтээсэн шинэ бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих зэргээр олонд хүргэж байсан. Энэ бүхэн маань инженер хүний сэтгэлгээг сайжруулахад туршлага хуримтлуулж, цаашдын ажилд маань тус дөхөм болсон гэж боддог. Ингээд 1986 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний уурхайд уурхайн даргаар томилогдсон. Орон нутгийн жижиг Таван толгой гэж хүмүүс ярьдаг. Би болохоор ууган уурхай гэж гэж хэлэх, ярих дуртай. 1966 онд байгуулагдсан манай ууган уурхай яах аргагүй мөн. Миний бие 20 жилийн ойгоо хийх жилд нь очиж байсан.

-Тухайн үед Таван толгойн уурхай ямархуу байдалтай байв. Мэдээж нүүрсээ гадагш нь экспортод гаргадаггүй байсан?

-Өмнөговь, Дорноговь, Дундговийн нүүрсний хэрэгцээг хангадаг байсан. Мэдээж экспортод нүүрс гаргаж байгаагүй. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангана. Шарын гол, Налайх, Багануур зэрэг том уурхайнууд цахилгаан станцууддаа нүүрсээ өгнө. Аймаг бүр нэг нэг уурхайтай байсан тийм л үе. Манай уурхай 40 гаруй ажилчидтай. Цогтцэций сумын харьяа Тавантолгой баг гэж байсан. Би долоон жил даргаар нь ажилласан. Хамт олонд өмчийг нь шилжүүлж байх тэр цаг мөчид ажиллаж байлаа. Би бол Таван толгойгоор овоглодог хүн. Уг ордын хайгуулын ажлыг дуусгахад манай гэр бүлийн хүн Б.Энхтуяа геологи хайгуулын ажилтан нь байсан. Манай хүн чинь Политехникийн дээд сургуулийн геологийн ангийг төгссөн. Сонирхуулахад, Цогтцэцийд байхад гурав дахь хүүхэд маань тэнд төрсөн. Өнөөдөр геологийн мэргэжил эзэмшээд Канадын Альбертын их сургуульд техникийн магистр хамгаалаад тэнд амьдарч байна. Тэгэхээр манай гэр бүл яах аргагүй ууган Таван толгой уурхайтай салшгүй холбоотой.

-Таныг Таван толгойд байхдаа 10 сая тонн нүүрс олборлох үйлдвэрийн зураг төслийг хийсэн. Даанч тэр үйлдвэр цаг үеийн нөхцөл байдлаас болоод зогссон гэж уурхайнхан ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Таван толгойн орд их онцлогтой. Коксжих нүүрсний орд шүү дээ. Тиймээс хүнд үйлдвэр, металлбургийн үйлдвэрийн түүхий эд, ган боловсруулах үйлдвэрийн түүхий эд болдог. Намайг удирдаж байх үед Таван толгойн ордыг ашиглах, нүүрсийг нь экспортод гаргах хэлэлцээрийн ажил явагдаж байсан. Миний бие тэр ажилд гар бие оролцож байснаараа бахархдаг. Жилдээ 10 сая тонн нүүрс олборлон борлуулах кокс хиймийн үйлдвэрийн зураг төслийг Ленинградын олон улсад алдартай зураг төслийн байгууллагаар хийлгэсэн. Уг төслийн багийнхан Монголд байсхийгээд ирдэг, бид хүлээж авч уулзана. Үйлдвэрээ Таван толгойд байгуулахаар ажиллаж байсан. Хэрвээ тэр үйлдвэр байгуулагдсан бол Хоёр дахь Эрдэнэт байх байлаа. Даанч 1990 онд нийгэм задраад, ЗХУ улс задраад, Сээв задраад, үндсэндээ 1992 оноос 2012 он хүртэл 20 жил энэ төсөл зогссон. 10 сая тонн нүүрс олборлон борлуулаад Солонгос руу, Хятад руу гаргах төсөл байсан.

-Сүүлд Эрдэнэс Таван толгой компани байгуулагдахад та уурхайн газрынх нь захирал байсан гэдэг байх аа?

-Тийм ээ. 2011 онд Эрдэнэс таван толгой гэж байгуулагдахад уул уурхайн газрынх нь захирлаар ажиллаж, Монгол Улсын анхны төрийн өмчит хувьцаат компанийн тулгын чулууг тавилцаж байсан. Мөн анхны сая тонн нүүрс олборлох, экспортлох уурхайг нээх ажлыг удирдан зохион байгуулж, өөрийн хувь нэмрээ оруулсан. Үндсэндээ “Эрдэнэс таван толгой” компанийн “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж, анхны хөрс хуулалт, анхны сая тонн нүүрс гаргах ажлыг зохион байгуулсан. Тэгэхэд “Эрдэнэс таван толгой” компанийн захирал нь Б.Энэбиш, уурхайн дарга нь Нацагдаш, Батсайхан гэж хүмүүс байсан. Би бол Улаанбаатар хотод уурхай хариуцсан газрын захирал нь байсан. Жил гаруй хугацаанд ажиллаад 2012 оны сонгуулийн дараа улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2012 оноос “Хүдэр-эрдэнэ” компанид 10 гаруй жил уул уурхай хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Миний үндсэн үүрэг бол уулын ажлыг технологийн горимын дагуу явуулах, энэ салбарын эрхзүйн орчинг хэрэгжүүлэх, дотоод хяналтыг зохион байгуулах, дээр нь төрийн захиргаа болон орон нутгийн байгууллагатай харилцах төлөөллийг гүйцэтгэж байгаа. Манай компани Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулсан, алтны шороон орд ашигладаг уурхай. Би өмнө нь голдуу нүүрсэнд ажиллаж байсан бол 2012 оноос хойш өнгөт металлын чиглэл рүү ажилласан. Алтаа аваад эрдэнэсийн санд тушаана. 1994 онд “Алт” хөтөлбөр байгуулагдахад манай компани анх байгуулагдаж байсан. 2012 оноос хойш нийтдээ есөн тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Монголбанкны эрдэнэсийн санд ийм хэмжээний алт олборлож борлуулсан байна. “Хүдэр-Эрдэнэ” компанийн үндсэн алтны нөөц дууссан. Үүсмэл орддоо дахин нөөц оруулаад, урьд ашиглан технологийн хаягдлаар үүссэн овоолго дээр байгаа хайргыг нь ашиглах гэж байгаа. Туул голын хайргыг ашиглахгүй гэдэг ч юм уу байгалийн хохирол гараад байгаа учраас нэгэнт ашиглачихсан хайргыг барилгын материал ашиглах зорилгоор дахин боловсруулж кварцлаг 05 зуурмагийн үндсэн түүхий эд болсон 05-ын угаасан хайрга нийлүүлэх технологийн шинэчлэлт хийгээд явж байна. Бид уурхайг хаах хаалтын менежментийнхээ хүрээнд ашигт малтмалыг иж бүрэн ашиглах гэдэг нэрэн дор технологийн инженерүүдийн хувьд ийм ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, шороон ордын хааалтын менежмэнтийн үлгэр жишээ болохуйц технологи нэвтрүүлж байна.

-Таван толгойн уурхайтай холбогдуулж дахиад асуухад, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан, одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн суурийг тавьж байсан гэх яриа бас байдаг?

-Шуудхан хэлэхэд, орон нутгийн гээд байгаа Таван толгойн уурхайд ажиллаж байхдаа бид эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан. Тодруулбал, 1990, 1991 онд Эрчим хүчний харьяа эрдэм шинжилгээний институтийнхэнтэй хамтраад анхны кокс гэдгийг гаргаж байлаа. Өнөөдөр Монголд утаагүй түлш кокс хэрэгтэй байна, шахмал түлш буруу байна гээд яриад байна. Одоогийн энэ коксжих нүүрсийг хятадууд аваад, коксын үйлдвэрт боловсруулаад утаагүй, ган боловсруулахад зориулсан өндөр чанарын кокс бэлдэж байгаа. Бид тухайн үед Хятадаас хүн авчирч кокс хийгээд Хөтөлийн эрдэс хөвөнгийн үйлдвэрт коксыг нь өгч байлаа.

Эрдэс хөвөнгийн үйлдвэр чинь одоогийн Монгол базальт. Тэд коксоо оросоос авдаг байсан. Мөн бид Төмөр замын депогийн ширмийн үйлдвэрт мөн кокс өгч байсан. Тэд ширмээ хайлуулаад мөн л оросоос өндөр үнээр коксоо авч байсан. Ингэж Таван толгойн нүүрсний уурхайд анх удаа нүүрсийг түлэх зориулалтаар биш эцсийн бүтээгдэхүүн гаргаж одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн эх суурийг тавьж байсан. Би ганцаараа энэ ажлыг хийгээгүй. Эрчим хүчний яамны харьяа институт, бусад эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд оролцож Монголд анх удаа кокс үйлдвэрлэж байсан. Хэрвээ түүнээ өргөтгөөд явсан бол өнөөдрийнх шиг шахмал түлш биш шууд утаагүй түлш гарах байсан.

-Тэгэхээр та бүхэн чинь тэртээ ерээд оны эхээр утаагүй түлш хийж байсан бус уу?

-Бид ерөөсөө л хагас боловсруулсан. Манайх өнөөдөр хагас боловсруулж гаргаагүй. Юун утаагүй түлш байхав, зүгээр сайжруулсан түлш. “Энержи ресурс”-ын баяжуулаад коксжих хэсгийг нь ялгаад 7000-гаас дээш илчлэгтэй эрчим хүчний нүрсний нунтгаараа үлдчихэж байгаа нүүрсийг нааш нь зөөш авчираад барьцалдуулагч бодистой холиод зүгээр шахмал түлш болгож байгаа. Ямар нэгэн дулааны химийн боловсруулалт байхгүй. Бидний анх сэдсэн хагас кокс чинь дулааны боловсруулалт хийсэн. Тэгэхээр мөнгөлөг цагаан кокс гарна, тэр нь утаа тортог байхгүй. Нэг хэсэг утаагүй болчлоо, утааг дийллээ гээд жигтэйхэн юм болсон доо. Тэр чинь яг жинхэнэдээ бол “Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрийн хашаан дахь нүүрс олон жил урагшаа заръя гэхээр хятадууд авахгүй, ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд улсад үнэгүй өгье гэсэн байх. Дөрөв, таван жил хадгалагдсан ямар нэгэн чийггүй хуурай нүүрсийг эхний хоёр жил ашигласан. Харин дараа нь баяжуулах үйлдвэрээс гарсан маш их чийгтэй нүүрсийг авчрахаар утаа гаралгүй яахав. Дээрээс нь Таван толгойн нүүрс чинь өөрөө нэлээн хүхэртэй. Шаталтынхаа явцад хүхрийн хийн нэгдэл үүсгэнэ. Янз бүрийн үнэр гараад байгаа чинь үүнтэй холбоотой. Таван толгойн нүүрс бол илчлэгийн хувьд маш сайн. Тиймээс бид Таван толгойгоо түшиглэж дулааны цахилгаан станц барих ёстой. Таван толгойн ордын 53 хувь нь коксжих нүүрс байгаа. 7.7 тэрбум тонн нүүрсний 3.5 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа. Тэрийг мэдээж хятадууд авна. 3.3 тэрбум тонн нүүрс нь гангийн үйлдвэрийн өндөр чанарын кокс болно. Түүнийг бас хятадууд сонирхоно. Цаана нь үлдэж байгаа гурван тэрбум тонн нүүрс чинь өндөр чанарын илчлэгтэй нүүрс үлдэж байгаа. Үүгээр цахилгаан дулаанаа үйлдвэрлэж дулааны цахилгаан станц барих ёстой. 2012 онд дулааны цахилгаан станц барих ерөнхий төлөвлөгөө гарч байсан. Өөрсдөө хөрөнгөө гаргаад барья гэдэг яриа хүртэл гарч байсан. Бүр газраа товлоод явж байсан удаа бий. Гэвч баригдаагүй.

-Яагаад баригдаагүй юм бэ. Ер нь манай усан цахилаан станцууд, дулааны цахилгаан станцууд, за тэгээд төмөр гээд стратегийн гол ажлууд яагаад ингээд гацдаг юм. Үүнийг та юу гэж харж байна?

-Би бодохдоо улс төрийн шалтгаан гэж хардаг. Намууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр намын хоорондын энэ асуудал улс орны хөгжилд асар муу. Түрүү жилд нь засаг барьж байсан намын дөрвөн жилд ярьсан юмыг дараагийн нам, шинэ засаг гарч ирээд шууд зогсоодог. Өөр юм ярьдаг. Төмөр зам хүртэл ийм шүү дээ. 2011 онд “Энержи ресурс” концессын гэрээгээр нарийн царигтай төмөр зам барьчихъя гэхэд заавал өргөн царигаар явуулна гээд 10 жил зогсоосон. Үүнийг би ганцхан Х.Баттулга гэж харахгүй байна. Эдийн засгийн сонирхол, зөрчилдөөн гэж харж байна. Манай салбарын бүхий л инженерүүд нэгэнт ийм сайн илчлэгтэй нүүрсээ олборлож байгаа юм чинь үүн дээрээ түшиглээд дулааны цахилгаан станц барья гэсэн бодолтой байгаа. Зөвлөх инженерийн хувьд зураг төсөл боловсруулсан байгууллагуудаараа дамжуулаад станцтай болохыг хэлдэг.” Энержи ресурс” 12 мвт-ын дулааны цахилгаан станц барьчихсан. Тэр бол ерөнхийдөө бага. 250 мвт-ын станц барьж байж төвийн эрчим хүчинд нэмэр болно. Манайд 15, 16 уурхай байна. Хөшөөтийн уурхай, Таван толгой, Гурвантэсийн бүлэг ордууд, “Энержи ресурс”, мөн Хөвсгөлийн Могойн голын уурхай байна. Энэ хэдээ түшиглэсэн станцууд бий болгох хэрэгтэй. Могойн голын нүүрсний уурхайн илчлэг их өндөр, тиймээс дулааны цахилгаан станц барих бүрэн бололцоотой. Тэгж байж бид бусдаас хараат бус өөрийн эрх мэдэлтэй, тусгаар улс байх болно. Ганцхан жишээ хэлэхэд, Оюу толгой компани цахилгаанаа Хятадаас авч байна. Хятадаас цахилгаанаа авахын оронд ердөө хажууханд нь 240 км-т байгаа Эрдэнэс таван толгойд станцаа бариад Оюу толгойнхоо цахилгааныг хангах учиртай. Адаглаад эрчим хүчний тэр их мөнгөний урсгал Монголдоо орно. Үүнийг шийдчих бүрэн боломжтой.

-Таны ярианаас анзаарахад утаагүй түлш гаргах бүрэн бололцоотой санагдаад байх юм?

-Нэгэнт угаах үйлдвэр бариад коксжих нүүрсийг нь экспортод өгчихлөө. Өндөр энергийн нүүрсний заримыг нь дулаан цахилгаан болгож үйлдвэрлэнэ, заримыг нь дулаан боловсруулалт хийж утаагүй түлшээ гаргаж авах ёстой. Дулаан боловсруулалт хийхэд мэдээж тодорхой хэмжээний кокс байна, түүнээс коксын давирхай гэдгээ гаргаж авна. Коксын давирхайгаас 300 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Намайг Таван толгойн уурхайн даргаар ажиллаж байхад Ерөнхий сайд Думаагийн Содном гуай байсан. Содном гуай Ардчилсан Солонгос руу гурван вагон нүүрс химийн үйлдвэрт нь явуулж байсан. Тэгж туршилт хийлгэж байсан. Тэр үед гол хэрэглэгч Солонгос гэж үзэж байсан. Оросоор дамжуулаад Ардчилсан Солонгос руу явуулна. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен хүртэл манайд ирж байсан. Таван толгой руу төмөр зам байхгүй учир, тийшээ очиж чадаагүй байдаг. Хуучин ийм л төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр одоо нүүрсээ ашиглаад, угаах үйлдвэр, баяжуулах үйлдвэрээ стандартын дагуу бариад ажил өрнөөд эхлэх юм бол нийт олборлосон нүүрсний чинь 50 хувь нь экспортод гарна. 50 хувь нь үлдээд байгаа. Түүнээ нааш нь зөөж Хятадын эрдэнэ шишний цардуулаар барьцалдуулсан болоод сайжруулсан түлш гэж өөрсдийгөө хуурахын оронд дулааны боловсруулалт хийгээд утаагүй түлшээ гаргая, утаагүй түлшний үйлдвэрээ барья. Дулааны станцаа бариад дулаан цахилгаанаа үйлдвэрлэе. Үндсэндээ Таван толгойн ордоо түшиглэн шинэ технологийн иж бүрэн цогцолбор байгуулах хэрэгтэй. Уул уурхайн инженерийн хувьд ийм бодолтой явдаг.

Биднийг удирдаж байгаа эрхмүүд бүгдээрээ л монгол хүмүүс. Гэвч Монголынхоо төлөө нэгдэж чадахгүй байгаад би харамсдаг. Нэг нь нэг бүтээн байгуулалт эхлүүлэхээр тэрний юм, энэний юм, тэр намынх, энэ намынх гээд дандаа тээг саад хийдэг. Бөөрөлжүүтийн рашааны тийшээ станц баригдаж байгаа. Миний сонссоноор Ш.Сайхансамбуугийнх гэсэн. Ер нь хэнийх байх нь хамаагүй. Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байвал болох нь тэр. Гэтэл Сайхансамбуугийнх юм чинь, Женкогийнх юм чинь гээд зогсоож болохгүй. Манай улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс ийм байдлаар бие биенээ үрсээр байгаад ирлээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Үр нөлөөг нь ард түмэн л амсаж байна. 2006 онд Цайдам нуурын Төгрөгийн орд дээр утаагүй түлш бэлдэнэ гээд Женкогийн уурхай ажлаа эхэлж байсан. Гэтэл Женко тус уурхайгаа бирж дээр зарчихсан байдаг. Уурхайгаа зарж болно утаагүй түлшнийхээ үйлдвэрийг ажилд оруулсан бол аль тэртээ 20-иод жилийн өмнө утааны асуудлыг цэгцлэх байлаа. Намуудын бүлэглэл эрх ашгаас болоод ийм ийм харамсмаар юмнууд зөндөө байх юм. Төмөр замын асуудал гэхэд юу болсныг бид бүгд мэдэж байгаа. Нарийн цариг бүдүүн цариг гээд улстөрчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс ярьсан. Эцэст нь манайх эдийн засгаараа хохирсон. Өнөөдөр хэдэн мухар төмөр зам тавьчихаад яахаа мэдэхгүй байж байна. Манайхны барьсан төмөр зам Гашуун сухайт дээр очоод Хятадын төмөр замтай яаж нийлэх юм, мэдэхгүй.

-Өнгөрсөн онд уул уурхайн салбарын 100 жилийн их ой тохиож уг ойгоор та Монгол Улсын гавьяат уурхайчин болсон. Удахгүй уурхайчдын баяр тохионо. Таны хувьд удамж дамжсан уурхайчин гэдэг. Ярианыхаа төгсгөлд аавын тань тухай асууя?

-Эрдэс баялгийн салбарт үе удам дамжиж ажилласан гэр бүлээс гаралтай гэж би өөрийгөө хэлэх дуртай, мөн үүгээрээ бахархдаг. Манай аав Цэрэндоржийн Чүлтэмжамц Төв аймгийн Лүн сумын хүн. Чойрын геологийн удирдах газар ангийн дарга, ерөнхий нягтлан бодох ажлуудыг хийж байсан. Өмнө нь Бага газрын чулуу, Зүүн Цагаан дэлийн хайлуур жоншны хайгуулын ангийн дарга байсан. Ингэж миний бие бага балчраасаа аавыгаа дагаж уул уурхай эрдэс баялгийн мэдлэг олж авсан. Аавын минь үеийн ахмадууд гэвэл Хөдөлмөрийн баатар Чойжингийн Хурц гуай байна. Геологи уул уурхай үйлдвэрийн яамны сайд байсан. Хурц сайдын харьяанд аав Чойрын геологийн экспедицийн ерөнхий нягтлан байгаад дараа нь Хар айргийн жоншны уурхайн жолооч болсон. Үүнийгээ найман хүүхдээ тэжээхийн тулд амьдралын шаардлагаар албан ажлаа жолоочоор сольсон гэж хэлдэг байв. Ингэж геологи эрдэс баялгийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гэр бүлд төрж өссөн. Ер нь геологийн ажил шинжлэх ухааны судалгааны ажил. Хэдийд үүссэн орд уу, ямар эрдэс агуулж байна гэж үздэг. Үүнээс үндэслэн ул орон цагаан тугалгыг нь, алтыг нь, жоншийг нь ашиглая гэдгээ шийдвэрлэдэг. Манайх шиг эрдэс баялаг уул уурхайгаасаа хамааралтай эдийн засагтай орон бол геологийн судалгааны ажлын үр дүнгээр хөгжлийн чиг баримжаа гарна. Миний бие уул уурхайн инженер хүн ч гэсэн геологийн судалгааны ажлыг тууштай явуулах ёстой гэж боддог. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд нь судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр Монгол Улс ирээдүйд ямар малтмал дээрээ тулгуурлаж хөгжих үү гэдгийг геологийн судалгаа хэлж өгөх учиртай. Ингээд ярианыхаа төгсгөлд хэлэхэд, жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр уурхайчдын баярын өдөр болдог. Уг өдрийг угтан орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын хөгжил дэвшлийг нуруундаа үүрч нийт уурхайчиддаа баярын мэнд хүргэе.

Ярилцсан  Н.Гантулга

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *