Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1313.37 мВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний салбарын өр төлбөр 2022 онд түүхэн дээд түвшинд буюу 2.1 их наяд төгрөгт хүрч, 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний яам мэдээлэв. Энэ нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дундаж тариф өртгөөр 10 хувиар хямд борлуулж байгаатай холбоотой гэж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн тайланд онцолжээ.

Хэрэв үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг аажмаар нэмэгдүүлсээр явбал 2030 он гэхэд үндсэн өртгөөр нь борлуулж, салбарын өр төлбөр 10 дахин буурах боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Ингэснээр төр зохицуулагч бус өрсөлдөөнт зах зээлд шилжих боломжтой гэж тооцоолсон байна. Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх хугацааг тооцохдоо үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээний түвшинд хүрсэн тохиолдолд буюу 2029 онд боломжтой байна гэж “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн тайланд тодотгожээ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гаргасан судалгаагаар 2022 оны байдлаар өрхийн дундаж орлогын 2.2 хувийг цахилгааны төлбөр эзэлж байгаа бол олон улсын дундаж 5.0 хувьтай харьцуулахад хоёр дахин бага байна. Мөн өрхийн цахилгааны төлбөр 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээний үнийн индексээр тооцсон жилийн инфляц 0.2 хувь, нийт эдийн засгийн салбаруудын оролцогч нарын зардал 0.5 хувиар өсөх магадлалтай аж.

Манай улс арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн өглөөний 08.00 цагийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1313.37 мВт хүрснээс 13.7 хувийг импортоор, 2.8 хувийг салхины эх үүсвэрээс, үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс хангасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *