Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Туркменистан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

  1. “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-тМонгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм.

Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 

  1. “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм.

Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

3.“МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд өөрийн улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаас гадна хоёр улсын холбогдох байгууллагууд хооронд мэл эмнэлгийн шинжлэх ухаан, өвчний тандалт, хяналтын арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буй юм.            Түүнчлэн талууд мал аж ахуйн мэргэжилтнүүд, малын эмч, эрдэмтдийн уулзалт, мэдлэг солилцох сургалт, чадавхыг бэхжүүлэхэд харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн нь хоёр улсын мал, эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болж байна.

4.“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР-т Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөдөө, аж ахуйн сайд Чарыяр Четиев нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйг цахимжуулах, орчин үеийн инновац, технологийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, мал аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, органик газар тариаланг хөгжүүлэх, газар тариалан, тэр дундаа хүнсний аж ахуй, жимс, жимсгэний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс нь Төв азийн бүс нутагт хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг, уламжлалт хөдөө, мал аж ахуйтай Туркменистан Улстай энэ салбарт идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцох нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдах бөгөөд ийнхүү тус хэлэлцээр нь цаашид хоёр улс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн суурь баримт бичиг нь болж байна. 

  1. “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгээр талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, соёлын эд зүйл, хэвлэл, бичиг баримт солилцох замаар нөгөө талдаа өөрийн улс орон, ард түмэн, соёлоо таниулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус баримт бичиг нь эртний түүх, соёлтой хоёр улсын хувьд соёлын салбарын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, “Торгоны зам”-ыг дагасан соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн манай хоёр улсын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалын хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хэлхээ холбоог тогтооход чухал ач холбогдолтой юм.

  1. “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАНУЛСЫН СОЁЛЫН ЯАМХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Туркменистан Улсын Соёлын сайд Атагельди Шамурадов нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцох, оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцан уулзалт зохион байгуулах, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллана.

Тус баримт бичиг нь Монгол Улс, Туркменистан Улс нь түүх, соёлын дурсгалт газар, өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт цогцолбороор баялаг улс орнуудын хувьд хоёр улсын иргэддээ улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Түүнчлэн, айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Дүүрэн, Туркменистан Улсын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын дарга Мерген Гурдов нар гарын үсэг зурж, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, мэдээлэл, туршлага солилцон хамтран ажиллахаар тохиролцов. Баримт бичгийн хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоох,  тэдний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар иргэдийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *