Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд анх НҮБ-д элсэх өргөдөл гаргасан ч 1961 онд гишүүнээр элсчээ. Энэ хүртэл манай улс 15 жилийн турш НҮБ-д хандан уйгагүй санал хүргүүлснийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаараа 13 удаа ямар нэгэн хэлбэрээр хэлэлцсэн байдаг. Үүний эцэст 1961 онд 101 дэх орноор бүртгэж авчээ. Тусгаар Монгол Улсын түүхийг сөхвөл манай улс 1921 оны долдугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирснээр 11-ний өдөр Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс болон Ардын хувьсгалын ялалтыг анх зарласан түүхтэй. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан түүхтэй. Энэ мөчөөс эхлэн тэмцсэн хамгийн гол асуудал нь тусгаар тогтнолоо бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх байсан юм.
Үүнд хойд, урд хоёр хөршийн нөлөө их байв. Хятад улс гэхэд л манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй 25 жил болсны эцэст ЗХУ шахалт үзүүлж байж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийдвэрлүүлсэн. Тэгвэл ЗХУ 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн ч 1924 оны тавдугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд “Монгол бол Хятадын салшгүй хэсэг” гэж бичсэн нь 1946 он хүртэл хүчин төгөлдөр байсаар иржээ. Энэ нөхцөлд Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулах нь хамгийн чухал алхам байсан бөгөөд НҮБ-д элссэнээр энэ хүсэл биелсэн юм.
Монголын хүсэлтийг хэлэлцсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1961 оны 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаас гаргасан 1630 дахь тогтоолд “1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв” хэмээн бичсэн байдаг.
НҮБ-д элсэхээс өмнө манай улс зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байв. НҮБ-ын гишүүн болсноор дэлхийн бусад улс оронтой дипломат харилцаа тогтоох боломж нээгджээ. Харин өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс НҮБ-д элсэн орсон 1961 оны түүхт хуралдаанд Монголын талаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүлэн Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгч оролцсон юм. Энэ түүхт үйл явдалд улсаа төлөөлж оролцсон албан ёсны төлөөлөгчдийн хамт хөндлөнгийн ажиглагчаар гэрч болж оролцсон нэгэн эрхмийн тухай домог мэт зүйлүүд яригддаг. Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Бүрэн Эрхт Тусгаар улс хэмээн тунхаглан зарлахад ажиглагчийн суудлаас Ази төрхтэй, нүүрэндээ ов тов бор цоохор мэнгэтэй хижээл насны нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан хэмээн түүх, сурвалжид дурдагддаг энэ хүн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Дилов хутагт Башлуугийн Жамсранжав байсан гэдэг.
Түүхч, судлаачид Дилов хутагт Жамсранжавыг их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд эх орноосоо оргон харь газар очсон мөн зарим нь тусгай даалгавар өвөртлөн явсан хэмээн түүх сурвалжид бичсэн байдаг. Дилов хутагт харьд газар Өвөрмонголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам гэсэн хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж, 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилж байсан бөгөөд 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн үндэстний байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа юм.
Монгол Улс НҮБ-д элсэн орсноор өөрийн дуу хоолойг дэлхийн улс орнуудад хүргэж, олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож, хамгийн гол нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn