Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол: Нийтийн ашиг сонирхол сурвалжилсан редакторыг баривчилж, сайтыг нь хаажээ DNN.mn

Анх 1926 онд Парист Тhe Federation Internationale des Journalistes буюу Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (FIJ) нэртэйгээр байгуулагдаж, 1946 онд Олон Улсын Сэтгүүлчдийн Байгууллага (IOJ) нэртэй болсон ч хүйтэн дайны улмаас зүүн Европын гишүүдээ алдсан учир 1952 онд Брюссельд дахин байгуулагдаж, НҮБ-ын хүрээнд дэлхийн 140 гаруй орны 187 эвсэл, холбоодын 600,000 хэвлэл мэдээллийн мэргэжлийн ажилтнуудыг нэгтгэж буй Олон улсын сэтгүүлчдийн холбоо(IFJ)- ны сайтад энэ сарын 11-нд хэвлэгдсэн “Mongolia: Editor arrested and website targeted for reporting in the public interest” буюу“ Монгол: Нийтийн ашиг сонирхол сурвалжилсан редакторыг баривчилж, сайтыг нь хаажээ” нэртэй нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


Монголын мэдээллийн Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-нд баривчлагдав. Олон улсын сэтгүүлчдийн холбоо болон түүний Монгол дахь салбар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо сэтгүүлчийг нэн даруй суллахыг уриалж, энэ явдлыг цахим хэвлэлийг хааж, “амыг нь хаах” гэсэн оролдлого гэж шүүмжилсэн байна. Өнөрцэцэгийг арванхоёрдугаар сарын 4-нд баривчлах үйлдлийн гэрч нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь zarig.mn редакцын ажилтангууд болсон байна. Монгол Улсад өндөр настантай холбоотой шүүх хурлыг удаашруулж, сунгаж байгаа нь хүнлэг бус үйлдэл хэмээн хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтэлсэн редакторыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар шүүхийг үл хүндэтгэсэн, “Худал мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд энэ сарын 1-4-нд болсон шүүх хурал Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжжээ. Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Өнөрцэцэгийг Монгол Улсаас гарахыг хязгаарлах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах саналыг мөн баталсан байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монгол Улсын хууль, захиргааны байгууллага Монгол Улсад zarig.mn сайт руу нэвтрэх эрхийг хааж, zarig. mn сайтыг хууль бус домайн нэрийн жагсаалтад оруулсан” гэж мэдээлсэн байна. Түүний цахим порталын ажлыг хаасантай холбогдуулан Өнөрцэцэг, Зариг.мн сайтын сэтгүүлчид энэ сарын 1-нд Сүхбаатарын гэх төв талбайд суулт хийсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсний дараа zarig.mn сайтыг 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дахин нээсэн гэж мэдээлэв.

Олон нийтийн сүлжээний идэвхтэнүүд “Манай улсын хууль сахиулах байгууллага, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг ашиглан сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх боломжийг хязгаарлах зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагчаар татаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худал мэдээлэл тараасан гэж хариуцлага хүлээлгэх тухай хуулийн 13.14 дүгээр зүйл хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш олон сэтгүүлч гэмт хэрэгт холбогдсон” гэж мэдээлжээ. Монголын хэвлэлүүд Өнөрцэцэгээс гадна asu.mnийн Уранчимэг, tas.mn-ийн А.Баярмаа болон сэтгүүлч Ж.Баттуул нарын 10 орчим сэтгүүлч шалгагдаж байгаа талаар мэдээлж байна.

Монголын Сэтгүүлчдийн Холбоо “Монгол Улсад zarig. mn сайт руу нэвтрэх эрхийг хааж байгаа нь мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний зарчим, хэм хэмжээг илт зөрчиж байна. Удирдаж буй хүний эсрэг мөрдөн байцаалтын явцад Редакцийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдээлэл авах эрхэд халдаж байна” гэж мэдэгдэв.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо “Монголын эрх баригчдад хандан Өнөрцэцэгийг нэн даруй суллаж, Монголд сэтгүүлчдэд ажлаа саадгүй явуулах боломжийг олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэхийг уриалж байна” гэж мэдэгдэв.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *