Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Клечески: Монголд хуулийн хэрэгжилт сул, тогтворгүй, авлига, хүнд суртал өндөр байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг буцаах гол шалтгаан болж байна DNN.mn

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческитэй ярилцлаа.


-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар байна вэ?

-Миний хувьд Монголд ирээд гурван жил болж байна. Ер нь бол хоёр орны харилцааны хувьд маш сайхан жил тохиож байна гэж бодож байгаа. Ирээд хагас жил ч болоогүй байх тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Тэрээр тухайн үед Вашингтон хотод ажлын айлчлал хийж, хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцааг эхлүүлсэн. Энэ бол хоёр улсын хоорондох бодлогын баримт бичиг. Тэр утгаараа өндөр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр энэ жил Монгол Улсын хувьд Япон улстай харилцаа тогтоосны 50 жил, ОХУ-тай харилцаа тогтоосны 100 жилийн ой тус тус болж байгаа нь онцлог. Манай улсын хувьд Монгол Улсыг тусгаар тогтнолоо мөнхөд хадгалж яваасай гэсэн бодолтой байдаг. Тэр ч утгаараа уг асуудалд олон талын дэмжлэг үзүүлж явах сонирхолтой. Тусгаар тогтнол гэдэг бол ямар ч улсын ард түмэнд хамгийн эрхэм үнэт зүйл байдаг. Монгол Улс бол хоёр том гүрний дунд байдаг. Тэр Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг би хоёр томоохон хүчин зүйл дээр тогтож, хамгаалагдаж байна гэж үздэг. Нэгдүгээрт, ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцоо. Хоёрдугаарт, чөлөөт эдийн засаг, зах зээл гэж ойлгодог. Ардчилал, чөлөөт зах зээл гэдэг өргөн хүрээтэй, нөгөө талаараа маш төвөгтэй ойлголт. Үүнийг зарим хүмүүс эмх замбараагүй байдал маягаар төсөөлж хардаг. Гэхдээ л ардчилал бол дэлхий дээрх хамгийн шилдэг тогтолцоо. Ардчилалд сайн зүйлүүд маш олон бий. Наад зах нь таны эрх чөлөө. Та чөлөөтэй хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг тань ардчилал бий болгодог. Хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх гэдэг бол ардчиллын амин сүнс болсон үнэт зүйл. Манай улсын хувьд Монгол Улсыг тууштай дэмжих бодлого явуулж байгаа. Монгол Улс бидний хувьд чухал гурав дахь хөрш улс хэвээрээ байгаа гэдгийг онцлон хэлье.

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэлээ. Америк бол ардчиллын үлгэр жишээ болсон улс. Тэр утгаараа хэвлэлийн эрх чөлөөний ашиг тусыг та юу гэж ойлгодог вэ?

-Энэ бол нийгмийн супер хүч гэж хэлмээр байна. Манай улсын хувьд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг маш их хүндэлдэг. Тэр утгаараа хэвлэл мэдээлэл хүчтэй байдаг. Хүчтэй байдгийн хэрээр эрх баригчид болон төр засгийн үйл ажиллагаанд бодитой хяналтыг тавьж, бүр шаардлага тавьж ажиллуулдаг. Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлснээрээ тухайн улсын төр засгийн бодлого, үйл ажиллагаа зөв, шударга, нээлтт Тиймээс манайд хэвлэл, мэдээллийн хүч, тэр дундаа эрэн сурвалжлах чигийн сэтгүүл зүй маш үсрэнгүй хөгжсөн байдаг. Манайд бол хэн ч хэвлэлдээ муугаа үзүүлчихгүй, эсвэл муугаар гарчихгүй юмсан гэж хичээдэг. Тэр утгаараа аливаа ажил үүргээ чин шударгаар биелүүлж, төрийн үйлчилгээ ч гэх үү бүх зүйл бүх шатандаа шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримталдаг. Энэ бол улс хөгжих суурь хүчин зүйлүүдийн нэг.

-Дэлхий дахинд амаргүй үеийг туулж байна. Цар тахал одоо ч дуусаагүй байна. Үүний хажуугаар Украин, Оросын хооронд мөргөлдөөн, дайны байдал бий боллоо. Үүнийг та хэрхэн харж байна?

-Олон улсад хүндрэлтэй нөхцөл байдал бий болгож байгаа шалтгаанууд цөөнгүй байна. Монгол Улсын хувьд ковидын нөхцөл байдлыг маш амжилттай давж чадсан цөөн улсуудын нэг. Тийм учраас хэдүүлээ маскгүй ингээд уулзаж байгаад би баяртай байна. Манай улс ч тэр, Монгол Улс ч ялгаагүй амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг би сайн ойлгож байна. Өмнөд хил хаалттай, орж ирэх бараа таваарын урсгал төдийлөн сайн биш байна. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа нь ойлгомжтой. Хойд талдаа ОХУ нь нэг улсыг эзлэн түрэмгийлж байна. Энэ бол хоёр талын мөргөлдөөн биш, дайн биш. Энэ бол ОХУ-ын шууд эзлэн түрэмгийлэлт гэж би хэлнэ. Тусгаар тогтносон нэг улс нөгөө тусгаар улс руугаа шууд халдаж байгаа нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд санаа зовсон асуудлын нэг болоод байна. Бидний харж байгаагаар энэ асуудалд гурван үндэслэл байна. Нэгдүгээрт ОХУ ийм зүйл болно гэдгээ эртнээс төлөвлөж. Хоёрдугаарт, ямар ч шалтгаангүй байхад шууд дайрсан. Дайрсаар байгаа. В.Путин ерөнхийлөгчийн гаргаж тавьж байгаа нэг шалтгаан бол Украиныг нацистуудаас цэвэрлэх. Тэгэхээр энэ бол шалтгаан биш. Украин шиг ардчилсан оронд ийм шалтгаан тавьж, дайрч байгааг бид шууд буруушааж байгаа юм. Олон улсын хэвлэл мэдээлэл, байр суурь нэг л зүйлийг хэлж байгаа. ОХУ-ын энэхүү үйлдэл бол цэргийн дээрэм. Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь хурдан зогсоохын тулд манай улс болон олон улсын зүгээс төрөл бүрийн хориг арга хэмжээг авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ дайныг цааш үргэлжлэхэд улам хүндрэлтэй болгох арга хэмжээнүүдийг авч байгаа гэсэн үг. Эдийн засгийн болон бусад төрлийн хориг тавихаас өөр арга байхгүй. Удахгүй дайн дуусна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын хувьд ОХУ-т тавьж байгаа хоригоос үүдэлтэй хүндрэлүүд Монголд бага байгаасай, бусад оронд бага нөлөөлөөсэй гэдэг утгаараа бодлоготой хориг тавьж байгаа.

-Манай улсын иргэдийн хувьд Америк руу очиж суралцах, аялах, ажиллаж, хөдөлмөрлөх, цаашлаад амьдрах их сонирхолтой байдаг. Тэр утгаараа Америкийн виз авах гэж нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг. Энэхүү визийн асуудлыг хялбаршуулах, түргэн шуурхай болгох асуудлыг шийдвэрлэх үү. Энэ асуудлаар ямар ажил хийгдэхээр байна вэ?

-Визийн нөхцөл байдал яг одоогийн байдлаар маш их ачаалалтай байна. Энэхүү ачаалал ковидын нөхцөл байдлаас болсон. Түүнээс биш өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Яг одоо монголчууд виз захиалахаар онлайнаар цаг авлаа гэхэд 2023 оны сүүлээр цаг гарч ирж байгаа. Хэрвээ иргэд хэдүй 2023 оны сүүлээр сул цаг байгаа ч тэр цагаа авчихаад төвөгшөөхгүй хүлээж чадвал визэнд орно. Гэхдээ бидний зүгээс аль болох энэ цаг хугацааг наашлуулах, илүү өргөн бүрэлдэхүүнтэй ярилцлагын цагаа нэмэгдүүлж ажиллана. Ямартаа ч одоогийн нөхцөл байдалд визний дараалал их үүссэн байгаа. Дахин хэлэхэд, энэ бол ямар нэгэн улс төрийн шалтгаан, эсвэл хоёр орны харилцаанаас болоогүй шүү. Энэ бол цэвэр цар тахлын нөлөөллөөс үүссэн асуудал. Цаашид энэ асуудал дээр түлхүү анхаарч ажиллах болно. Цахим визний тухайд байж болох л асуудал. Гэхдээ Америкийн Нэгдсэн улсаас бусад бүх оронд суугаа Элчин сайдын яам дээр энэ асуудал нэгэн зэрэг явагдаж байж болох асуудал. Тэр утгаараа одоогоор энэхүү ажлыг эхлүүлэх боломжгүй байна.

-Манай улсын хувьд хөрөнгө оруулагчид эдийн засагт их чухал нөлөө үзүүлдэг. Тэр утгаараа хөрөнгө оруулагчид ээлтэй, хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримтлахыг хичээдэг. Таны хувьд манай улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэхэд ямар асуудал хүндрэл учруулж байна вэ?

-Маш сайн асуулт байна. Манай улсын хувьд Элчин сайдын яамнаас суугаа орныхоо хөрөнгө оруулагчдын орчин гэдэг тайланг гаргаж өгдөг, жил бүр. Энэхүү тайланг бэлдэхдээ Америк болон Монголын бизнесийн хүрээнийхэнтэй болон албаны хүмүүстэй уулзаж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр гаргадаг. Тэр үеэрээ Монголд бизнес хийх ямар хүндрэл байна, тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ гэдгийг харилцан ярилцдаг. Үүнийгээ тусгай баг гаргаж, мөн дээр нь холбогдох судалгаануудыг хийж, энэ бүх зүйлээ нэгтгэж дүгнээд энэхүү тайланг гаргадаг байгаа. Үүнийгээ бид англи, монгол хоёр хэлээр бэлтгэн гаргадаг. Энэхүү тайлангаар хэд хэдэн зүйл тодорхой болдог. Нэгдүгээрт, хууль дээдлэх зарчим, хүн бүрд хууль тэгш үйлчлэх зарчим сул байна. Хоёрдугаарт, авлига хэт өндөр байна. Гуравдугаарт, бүх шатны хүнд суртал их байна гэж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирээд хуулийн хэрэгжилт сул, тогтворгүй, авлига, хүнд суртал хэмээх гурван асуудалтай нүүр тулдаг гэсэн үг. Тиймээс Америк ч гэлтгүй аль ч улсын иргэд, аж ахуйн нэгж, компаниуд хүндрэлгүй, хуулиа тэгш мөрддөг, авлига хээл хахуульгүй, хүнд сурталгүй газар очихыг бодно шүү дээ. Тэд дэлхий даяар хаана хамгийн төвөг багатай, ашигтай орчин, газар байна, тийшээ л явна. Тиймээс Монгол Улсын хувьд нэн яаралтай эдгээр гурван асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэсэн үг. Энэ асуудлыг бид төр засгийн түвшинд харилцан хэлэлцээд, санал бодлоо тусгаад явдаг. Монгол Улсын хувьд авлига гэдэг зүйл өндөр байна. Үүнийг хувь хүнтэй ч юмуу аль нэг байгууллага, эсвэл авсан өгсөн иргэдтэй тэмцэх маягаар шийдэх боломжгүй юм аа. Энэ өөрөө тогтолцооны асуудал. Системийн асуудал. Тиймээс хөрс суурь гэж ярьдаг тэр тогтолцоо, системийг шинээр бүрдүүлэх, илүү сайжруулах, өөрчлөх асуудлыг хийж байж, авлигаас сална. Салсан цагт хөрөнгө оруулагчид болон бусад үйл ажиллагаа саадгүй явахад тустай.

-Манай улсын хувьд Америк руу, бусад гуравдагч хөрш улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох их сонирхолтой байдаг ч санаснаараа экспорт хийж чаддаггүй. Сүүлийн жилүүдэд танай улстай хийх бараа бүтээгдэхүүний урсгал ямар байгаа вэ. Нөгөөтэйгүүр танайх манай улсаас голлож ямар бүтээгдэхүүн импортолж авч байна вэ. Үүнийгээ өргөжүүлэх ямар боломж байна гэж та хардаг вэ?

-Сүүлийн жилүүдэд Америк, Монголын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа. Бодит тоон үзүүлэлт хэлбэл 30 хувиар нэмэгдсэн байна. Миний мэдэж байгаагаар Монгол Улсаас ноолууран бараа, бүтээгдэхүүнүүд манай улсад голлож борлуулагддаг. Мөн гоо сайхны бараа бүтээгдэхүүн орж ирдэг гэж сонссон. Манай улс руу шүү дээ. Нөгөөтэйгүүр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд бусад бараа бүтээгдэхүүнийг харилцан адил нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хоёр орны хооронд хөгжиж болох, хөгжсөөр ч байгаа нэг салбар бол мэдээлэл, технологийн салбар гэдгийг онцлон хэлье.

-Манай улсын хувьд цар тахлын шар түвшинд шилжсэн. Тэр утгаараа аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Америк руу шууд нислэг үйлдэх боломж байгаа юу. Та энэ асуудлаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Аялал жуулчлалын салбар гэдэг аливаа улсын ашиг орлого олох томоохон чухал салбарын нэг. Сүүлийн хоёр жил мэдээж ковид цар тахлын нөлөөллөөс болоод аялал жуулчлалын салбар таг зогссон. Харин энэ жилийн тухайд тодорхой хэмжээгээр нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Мэдээж хоёр улсын хоорондох аялал жуулчлалыг бодитоор хөгжүүлье гэвэл нэн тэргүүнд шууд нислэгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монголоос Америк руу Америкаас Монгол руу, иргэд, жуулчид шууд нисдэг болох учиртай. Тэр утгаараа шууд нислэгийн асуудлаар бид аль аль талдаа ярилцаж байна. Манай улсын хувьд шууд нислэг үйлдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлье. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хамгийн түрүүнд шаардлагатай хоёр том асуудлыг, алхмыг хийх ёстой. Нэгдүгээрт, манай улсад тээврийн аюулгүй байдлын алба гэж байдаг. Энэхүү алба олон улсын нисэх буудлын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлага тавин ажилладаг. Тэгэхээр Монгол Улс шууд нислэг хийхээсээ өмнө энэхүү албаны шаардлагыг хангасан байх учиртай. Хоёрдугаарт, нээлттэй агаарын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх шаардлагатай. Тиймээс эдгээр алхмуудыг авч хэрэгжүүлсний дараа шууд нислэг үйлдэх асуудлыг ярина гэсэн үг. Шууд нислэг байхгүй учраас жуулчид, иргэд улс дамжин нисч байна. Тэр утгаараа зардал мөнгө, цаг зав гээд олон бэрхшээл тулгарч байгаа. Хэрэв шууд нислэгтэй болчихвол олон давуу талыг бий болгох нь ойлгомжтой.

-Элчин сайд гэдэг тухайн суугаа орондоо өөрийн иргэдийн эрх ашгийг нэн түрүүнд хамгаалан, хангаж байдаг үүрэгтэй. Тэр утгаараа Монгол Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа америк иргэдийн эрх ашиг хөндөгдсөн, тулгамдсан асуудал байдаг уу?

-Ер нь бол манай улсын иргэдэд томоохон хүндрэлтэй асуудал байхгүй. Адилхан хүний амьдрал учраас жижиг, наанатай цаанатай асуудал үүсдэг. Гэхдээ түүнийг нь тухай бүрд нь шийдээд явж ирсэн. Яг тулгамдаад байгаа том асуудал одоогоор алга байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *