Categories
мэдээ цаг-үе

М.Халиунбат: Шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх

“Петровис” компанийн гүйцэтгэх захирал асан, “Торгоны зам сан”-гийн захирал М.Халиунбаттай ярилцлаа.


-“Петровис”, “МТ”, “Тэс Петролиум” зэрэг нефть импортлогчид шатахуун өгөхөө болилоо. Өгч байгаа шатахуун түгээх станцууд картаар олгож байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Шалтгаан нь ойлгомжтой шүү дээ. Ердөө л улс төрчид. Нийгэмд таалагдах гэсэн улс төрчдийн л хийдэг ажил юм. Энэ байдал аль 2008 оноос л эхлэлтэй. Намайг байх үед ч тэр “Шинэ жил болж байна үнээ нэмж болохгүй” гэнэ. Шинэ жил дуусангуут “Цагаан сар болох гэж байна, үнэ нэмж болохгүй” гэдэг. Шатахуун түгээнэ гэдэг худалдааны бизнес. Алдагдалтай ажиллаад байвал мөнгөн хөрөнгө нь багасна. Мөнгөн хөрөнгө багасвал түүхий эдээ бага хэмжээгэээр л худалдаж авна. Татаж авч байгаа хэмжээ нь сар тутам улам багасаад л байдаг. Ингэж явсаар л шатахуун тасалдахад хүргэдэг. Энэ удаад шатахууны үнийг аравдугаар сараас хойш барьсан юм билээ. Түүнээс хойш алдагдалтай ажилласан учир өнөөдөр нийлүүлэлтийн хомсдол үүсч байгаа юм.

-Гэхдээ Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас 40-өөд хоногийн нөөцтэй гэж мэдээлсэн. Тийм байтал шатахуун импортлогчид зохиомол хомсдол үүсгээд байна гэх хүмүүс цөөнгүй байна. Үнэхээр хомсдол үүссэн юм уу?

-Би их том түүхийн ард гарсан хүн шүү дээ. Намайг “Петровис” компанийн гүйцэтгэх захирал байхад 17 тэрбум төгрөгийн торгууль ШӨХТГ-аас тавьсан юм. Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнгээр торгууль тавьсан. Ерөнхий сайд хүртэл Засгийн газрын тогтоол гаргаж нөхөр М.Халиунбатыг шийтгэхийг Хууль зүйн сайдад даалгаж байлаа. Тухайн үед нөхдүүд яг өнөөдрийнх шиг нөөцтэй хэрнээ үгсэн хуйвалдаж хязгаарлалт хийсэн гэх үндэслэлээр торгууль тавьсан юм. Тэдний хувьд 2011 оны нэгдүгээр сарын нөхцөл байдлыг ярихдаа 2010 оны аравдугаар сарын 31-ний нөөцийг авч ярьсан. Ингэж л шийдвэр гаргаж байлаа. Тэгэхээр хэзээний ямар нөөцийн тоог ашиглаж байна вэ гэдэг нь чухал. Одоо яригдаж байгаа 40 хоногийн нөөц нь хэзээний ч тоо юм. Нөөцийн мэдээллийг Засгийн газрын агентлагууд хэрхэн авдаг вэ гэдэг нь ч сонирхолтой. Миний мэдэхийн компаниуд руу бичиг илгээдэг. Компаниуд хариуд нь үзэмж байдлаар л мэдээллээ явуулдаг. Энэ байдал өөрчлөгдсөн гэж бодохгүй байна.

Мөн “Хилээр орж ирж байхад нь бид бүртгэж байгаа шүү дээ” гэж хэлдэг юм. Яг үнэндээ хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнийг манай Монгол Улс бүрэн бүртгэж чаддаггүй. Тэр дундаа манай баруун хил цоорхой шанага шиг л болсон. Чанаргүй шатахуун орж ирэх нь ч бүр гаарсан. Нөхцөл байдал нь тийм байхад ямар тоо баримт гаргаад байгаа нь ойлгомжгүй.

Нөгөөтэйгүүр шатахуун импортлох тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй компани бий. Эдгээрийн 90 гаруй хувь нь шатахуунаа борлуулахгүй байгаа юм билээ. Тэгэхээр үлдсэн хэдэн компаниуд дээр нь ачаалал үүснэ шүү дээ. Ачаалал их үүсэхээр нөөц нь хурдан шавхагдаж таарна. Нөөцтэй байж зарахгүй байна гэж иргэд бухимдаад байна. Уг нь чадлаараа л зарж байгаа болов уу. Гэсэн ч тэр дороо л дуусчихаад байх шиг байна. Үүнээс үзэхэд нөөц гэх ойлголт харьцангуй ойлголт. Үүнийг зөв тодорхойлох хэрэгтэй.

-Роснефтийг оруулж ирэх хэрэгтэй. Шатахуун импортлогчдыг дахин нэмье гэж яриад байгаа. Энэ хэр үр дүнтэй шийдэл юм бэ?

-Роснефть Монголын зах зээлийг судалж үзсэн шүү дээ. Гэсэн ч станцаа байгуулаагүй л гараад явчихсан. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй байх. Хуулиар хориотой ч ямар нэгэн цоорхой байгаа учраас л орж ирж сонирхсон байж таараа. Монгол орон даяар 1100, нийслэлд 140-өөд шатахуун түгээх станц байдаг. Хангалттай шүү дээ. Үүний хаагуур нь яаж багтаж орж ирээд барих юм бэ. Шатахуун импортлогчдод айгаад ч байх юм алга. Гэхдээ жинхэнэ утгаараа монофоль бий болох нь гарцаагүй. Мөн хүмүүс төрийн мэдлийн шатахуун импортлогч компанитай болъё гэж байнга л хэлдэг юм. Алхам алхмаар бүхнийг төрд авснаар нэг л өдөр Венесуэл шиг болно. Идэх хоол битгий хэл ариун цэврийн цаас ч үгүй болсон л гэдэг юм.

Ямартай ч шатахуун импортлогчдыг нэмээд үзэх хэрэгтэй. Ер нь стандартад нийцэж байгаа бол дуртай нь л шатахуун оруулж ирдэг байсан шүү дээ. Харин импортын тусгай зөвшөөрөл гээчийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оруулж ирсэн юмдаг. Намайг энэ салбарт ажиллаж байх үед буюу 2011, 2012 онд хоёр удаагийн хямрал болсон. Хоёулаа улстөрийн шалтгаантай. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр орон нутгийн сонгууль болсон юм. Тиймдээ ч найман сараас эхлэн шатахууны үнийг нэмж болохгүй гэсэн л дээ. Гурван сарын турш үнэ барьсан учир нефть тасархаас өөр аргагүйд хүрсэн. Бүр яг сонгуулийнх нь өдөр 92 бензин тасарчихсан. Эрх баригчид санаатайгаар сонгуульд нөлөөлөх гэж ийм зүйл хийлээ гэж хардсан л даа. Н.Алтанхуяг шатахуун импортлогчдын үйл ажиллагааг зогсооё гэсэн огцом мэдэгдэл ч хийсэн юм. Харин үйл ажиллагааг зогсоох гэтэл тусгай зөвшөөрөл гэх зүйл бидэнд байгаагүй. Тиймдээ ч хураах зүйлтэй болгоё гээд импортын тусгай зөвшөөрлийг бий болгосон. Энэ бол цэвэр улстөрийн шийдэл байсан гэж боддог.

-Импортлогчид ОХУ-аас яг хэдэн төгрөгөөр шатахуунаа худалдаж авдаг юм бэ. Төрөөс татварын хувьд ихээр хөнгөлдөг байх аа?

-Шатахуун импортлогчдын татварыг тэглэсэн гэж ярьдаг. Үгүй шүү дээ. 2008 оны Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд онцгой албан татвар гээчийг бодож олсон. Онцгой албан татвар буураад бизнес эрхлэгчдийн ашгийг нэмээд байгаа зүйл байхгүй. Тэр нь гадаад зах зээл дээр үнэ өсөх, ам.долларын ханш нэмэгдэх үед онцгой албан татвараараа зохицуулалт л хийдэг юм. Харамсалтай нь энэ механизм заримдаа ажилладаггүй. Гадаад зах зээлд нефтийн үнэ, долларын ханш маш их савалсан үед, эсвэл төрөөс шатахууны үнийг барьчихсан тохиолдолд үнийн зөрүү хуримтлагдсаар байгаад том дүнд хүрдэг. Энэ шокыг онцгой албан татварын хэмжээ зохицуулж чаддаггүй. Одоо ч гэсэн яг л ийм зүйл болчихоод байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн 92 бензинд гаалийн татвар 81 мянга, онцгой албан татварт 210 мянга, замын татварт 25700 төгрөг тус тус төлж байна. Нэг тонн тутмаас 317 мянган төгрөг татварт төлж байна. Энэ нь 30 гаруй хувь нь гэсэн үг. Дээрээс нь нэг литр тутмаас 148 төгрөг НӨАТ-д төлдөг. Татварыг бол хангалттай авч байгаа. Үүнийг л бууруулах гэлээ гэж шатахуун импортлогчдыг харддаг юм л даа.

-Шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд багагүй ашигтай ажилладаг гэдэг. Энэ үнэн үү?

– Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг татаас гэж ойлгодог. Угтаа татаас биш юм аа. 2012 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт манай компани анхнаасаа орохгүй гэсэн байр суурьтай байсан. Ганцаараа ч оролгүй үлдсэн. Тухайн үед эдийн засаг огцом шоконд ороод ам.доллар ч олдохоо байсан. Харин хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчдод гурван сарын хугацаатай долларын зээл өгсөн юм. Энэ нь шатахуун импортлогчдын бизнест том дэмжлэг болсон нь ойлгомжтой. Аажмаар эдийн шокноос гарахад нь тусалсан. Өрсөлдөөн ширүүн учраас манай компани ч хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь бусад импортлогчид долларын зээлийн тусламжтай бизнесээ хэвийн үргэлжлүүлж эхэлсэн юм. Манайх хагас жилийн хугацаанд явж үзсэн ч тун хүнд байдалд орсон. Алдагдал ч талийсан гэхэд болно. Ингээд “Петровис”-ийн 2500 ажилтанг бодохоос өөр аргагүйд хүрсэн л дээ. Бусад компанийн очиж ажиллахгүй байгаа сум орон нутагт ч “Петровис” байж л байдаг. Түүнийхээ төлөө ч дээрх хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрсэн. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд энэ бол татаас биш. Зүгээр л зээл. Бүх компаниуд ч энэ зээлээ төлсөн.

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шатахууны үнийг барьж чадахгүй” болсон талаар хэлсэн. Энэ нь шатахуун импортлогчдод өдөөлт боллоо гэж иргэд харж байна. Энэ тухайд?

– Тэр өндөр дээрээс нийт ард иргэдийн таалахгүй байгаа зүйлийг хэлнэ гэдэг мундаг л байна шүү дээ. Анх удаа зах зээлийн харилцаанд тууштай байх ёстой талаар хэлсэн Ерөнхий сайд байлаа.

-Нефтийн үйлдвэр барих нь шатахуун импортлогчдод ашиггүй гэлцдэг. Үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Харддаг, хийрхдэг хүмүүс л нефтийн үйлдвэр барих нь шатахуун импортлогчдод ашиггүй гэж боддог. Шатахуун импортлогчид түгээдэг, борлуулдаг л суваг. “Номин”, “И март” шиг л дэлгүүр шүү дээ. Шатахуун түгээдэг л дэлгүүр байхгүй юу. Тэдэнд Роснефть эсвэл Монголын нефтийн үйлдвэр байна уу огт хамаагүй. Намайг ажилаа хүлээж авч байхад Монгол Улс зөвхөн Роснефть компаниас шатахуунаа импортолдог байлаа. Тэгэхэд би дэлхийн 16 улсаас нефтийн бүтээгдэхүүн импортолдог болгосон. Тэгэхэд Роснефтийн Монголын зах зээлд эзлэх хувь 40-өөд хувь хүртлээ буурсан байдаг. Үүнээс үзэхэд хэний бүтээгдэхүүн зарах нь тийм ч том асуудал биш гэдгийг харж болно байх. Гол нь бараа бүтээгдэхүүн тогтмол орж ирэн зарагдаж байх нь л чухал. Тэгэхээр үйлдвэр барих нь бидэнд муу зүйл биш ээ. Бидэнд дахиад нэг нийлүүлэгч нэмэгдэж байна л гэсэн үг.

-Одоогийн үүсээд буй шатахууны хомсдол, үнийн өөрчлөлт, оочер дараалал хэдийг хүртэл үргэлжлэх бол?

-Гаднаас нийлүүлж байгаа үнэ, ам.долларын ханш буурсан тохиолдолд л тогтворжино. Мэдээж бүхий л татваруудаа тэглэх байх л даа. Тэглээ ч төдийлөн үр дүн гарахгүй болов уу. Өдий болтол үнээ нэмэгдүүлэхгүй барьчихсан болохоор эцсийн дүндээ эерэг үр дүн муутай л байна байх.

-Ер нь олон улсын жишигт энэ байдлаас хэрхэн гарсан байдаг юм бэ. Гарц, шийдэл нь юу байна?

– Иргэд төр засагт болох, болохгүй шаардлага тавихаа больмоор байна. Зах зээлийн харилцааг нураах шаардлага тавихаа болих нь юу юунаас чухал. Би зах зээлийг нэг зүйл дээр хатуу өмөөрнө. Монгол Улсын эдийн засаг 1990 онд тухайн үеийн ханшаараа долоон зуун сая доллартай тэнцэх хэмжээний байсан. Өнөөдөр муу ч сайн ч 11 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд оччихсон байна. Энэ хэн нэгэн улстөрчийн гавьяа биш. Энэ цэвэр чөлөөт зах зээлийн гавьяа. Үүнийг хэн нэгэн хэзээ ч өмчилж чадахгүй. Гэтэл үүнийг бодохгүйгээр бүх зүйлийг төрийн мэдэлд оруулж, хуучин үерүүгээ л очих гээд байна. Үүнийгээ болиогүй цагт дээрх байдал үргэлжилсээр л байх болно.

Миний олж мэдсэн бяцхан туршлагаар шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх. Манайхтай адил нефтийн нөөц байхгүй, 100 хувь импортоос хамааралтай Герман, Польш зэрэг улсуудын түүхийг судалсан. Тухайн үеийн Газрын тосны газар, Уул уурхайн яамны хүмүүстэй хамт европын орнуудаар явж туршлагыг судалсан л даа. Ердөөсөө нөөц л чухал юм билээ. Герман улс л гэхэд хоёр жилийн хэрэгцээтэйгээ тэнцэхүйц нөөцтэй. Тэрхүү нөөц нь үнийн савалгаа, нийлүүлэлтийн огцом тасалдал зэрэгт аврал нь болдог. Аажуухнаар үнийг нэмэх боломжийг өгдөг байх нь. Герман улс нөөцийн холбоо гэж байгуулсан. Тэр нь төрөөс огт хамааралгүй. Төрийн зүгээс зөвхөн санхүүгийн баталгаа гаргаж өгдөг. Санхүүгийн баталгааг нөөцийн холбоо ашиглан олон улсаас маш бага хүүтэй зээл авчихдаг. Тэрхүү зээлээрээ хоёр жилийнхээ нөөцийг бий болгодог. Зээлийн хүү, шатахуун хадгалах хөлс, хорогдол зэргийг литр тутамд нэгээс хоёр төгрөг нэмж борлуулан гаргаж авдаг. Нөөц байгаа учир зээлээ төлөхгүй байх боломжтой. Энэ нь аль алиндаа их эвтэйхэн хувилбар.

Уг нь үүнийг аль хэдийнэ бид хэрэгжүүлчихсэн байх ёстой. Гэтэл манайд Засгийн газар солигдлоо л бол дор нь ажиллаж байсан бүх хүн солигддог. Надтай хамт туршлага судалж явсан хүмүүсээс нэг нь ч тухайн салбартаа ажиллахгүй байна. Тэгэхээр төр засаг үүнийг мэдэж байгаа гэж хэлж болохгүй болчихоод байна. Манай шатахуун импортлогчдын хувьд чадлаараа нөөцөлдөг. Гэхдээ их хэмжээгээр нөөцлөнө гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй. Хамгийн ихдээ хоёр сарын л нөөцтэй байх шиг байна.

-Үнэ чөлөөлөх нь зөв үү?

-Үнэ чөлөөлнө гэдэг нь төр оролцохоо болихыг л хэлж байгаа юм. Зах зээлийнхээ жамаараа л явна гэсэн үг. Угтаа зах зээлийн жамаараа явсан бол аравдугаар сараас эхлэн бага, багаар өссөөр байгаад өдийд нэмэгдчихсэн л байгаа. Хүмүүс хэлдэг л дээ “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байна. Гэтэл манай импортлогчид буулгахгүй л байх юм” гэдэг. Үнэхээр зах зээлийн жамаараа явсан бол бууж л таараа. Гэтэл буух үед нь төрөөс онцгой албан татвартаа авчихсан юм шүү дээ. Төр оролцдоггүй байсан бол, онцгой албан татвар өндөр тавиагүй бол шатахууны үнэ маш бага болох байсан. Бүр мянган төгрөгтэй ч ойртох байсан. Иргэд төрийн оролцоо хэрэггүй юм байна гэдэг энэ бодит үнэнийг л ойлгох хэрэгтэй байна. Бид 1990 онд Үндсэн хуулиараа зах зээлийн харилцаанд шилжинэ гээд зарлачихсан шүү дээ. Зах зээлийн харилцаанд орсон бол үүнийгээ л дагах хэрэгтэй. Тултал нь явж үзэх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *