Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Манай улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны нээлт боллоо. УИХ-ын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, маргааш буюу наймдугаар сарын 26-нд чуулган хуралдахаар түр хойшлов.

УИХ-ын дарга М.Энхболд:

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр хоёроос гурван удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрлэгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. Энэ оны долоодугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг хүрчээ. Бодит байдал дээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурлаа. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дарааллан буурсаар энэоны эхний зургаан сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагдсаныг харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагуудын зүгээс зарим гадаадын хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, цагдан хорих, Монгол Улсаас гадагш зорчихыг хориглох зэрэг шат дараалал бүхий арга хэмжээг авах болсон нь хөрөнгө оруулагч нар хөрөнгөө эргүүлэн татах, Монгол Улсыг баталгаатай хөрөнгө оруулагч биш гэж үзэх хандлагыг бий болгосон байна.

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Мүүдис, Стандарт энд пүүрс, Фитч Рэйтинг зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд бууруулсаар байгаа нь нууц биш болсон. Швейцарьт төвтэй Менежментийн Хөгжлийн Олон улсын институтээс гаргадаг дэлхийн өрсөлдөх чадварын энэ жилийн судалгааны тайланд дэлхийн янз бүрийн 61 улс орныг эдийн засгийн 340 орчим шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Монгол Улс макро эдийн засгийн үзүүлэлтээр 59-д, Төрөөс өрсөлдөөнийг дэмждэг байдлаар 55-д, хувийн салбар хэр үр ашигтай байгаагаар 58-д, хувийн салбарын хэрэгцээ шаардлагыг боловсон хүчин, шинжлэх ухаан технологийн нөөцөөр хангаж байгаа байдлаар 60 дугаар байрт орсон байна.

Нийт үзүүлэлтээр 2015 оны байдлаар судалгаанд хамрагдсан 61 улсаас Монгол Улс 57 дугаар байранд байсан бол 2016 онд 60 дугаар байранд оржээ. Харин манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудыг уг тайланд бас тусгажээ.

Нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихлээ. Бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрчээ. Харин тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.

Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

Нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй. Төсвийн алдагдлыг бууруулах, хуульд заасан тусгай шаардлагыг ханган биелүүлэхтэй холбогдон 2016 оны төсөвт цаг алдалгүй тодотгол хийх шаардлага бий болж байгаа юм. Түүнчлэн, 2017 оны төсвийн төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болох 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл зэрэг хуульд заасан боловч өмнөх УИХ-аар хэлэлцэлгүй орхисон асуудлыг ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ирэх 10 дугаар сард зарлан хуралдуулахаар УИХ-аас шийдвэрлэсэн боловч орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахад шаардлагатай төсвийг батлах, техник хэрэгсэл хэрэглэн сонгууль явуулах шийдвэрийг энэ ээлжит бус чуулганаар мөн гаргах зайлшгүй шаардлагатай болжээ.

Улсын Их Хурлаар хэлэлцэх хуульд заасан хугацаа нь хэтэрсэн, түүнчлэн хуулийн хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн дүгнэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс батлан хамгаалахын бодлогод нийцүүлэн өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *