Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Даваасүрэн: Төр санхүүжилтээ өгөөгүйгээс болоод төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 145 аж ахуйн нэгж дампуурах нь ээ DNN.mn

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгж дампуурахдаа тулаад байгаа болон улс орны өнөөгийн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн талаар “Ган хийц” ХК-ийн захирал Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол орны хөгжил зогслоо. Буруу явж байна гэж олон хүн ярьдаг. Хөгжлийн асуудал гацаанд орчихоод урагшлахгүй байгааг хүн болгон мэддэг. Таны бодлоор энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Монгол оронд өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсалыг хүн болгон дэмжиж байсан. АН, МоАХ улс орны нийгэм, эдийн засгийн харилцааг өөрчилнө, монгол хүн, монгол орноо хөгжүүлнэ гэсэн уриа дэвшүүлж байхад ард түмэн дэмжсэн. Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч тайван замаар улс төрийн эргэлт хийх боломжийг нь тавьж өгсөн. Монголын ард түмэн сайхан ирээдүйд хүрнэ гэсэн нэг зорилго итгэлтэй байсан . Гэтэл нийгмийн харилцаа солигдож эхэлсэн тэр л цагаас үе үеийн Засгийн газрууд эдийн засгийн том том алдаанууд гаргасан. Энэ дотроос хамгийн том алдаа бол социализмын үед бүтээн байгуулсан бүх үйлдвэр аж ахуйнуудыг хувьчлал нэрээр тараасан. Тухайн үед банкнаас зээл авах боломжтой хүмүүс нь үндэсний үйлдвэрүүдийг авч нураасан. Ингээд хүн болгон ганзагын наймаа руу орсон. Монгол орны нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөж дэлхийн эдийн засаг руу ороход урдаа барих нэг ч үйлдвэрийн бүтээгдэхүүнгүй болчихсон байв. Үйлдвэр албан байгууллагуудын хувьцаа үнэгүйдэж 100 төгрөгийн ханштай байсан бол нэг төгрөг болтлоо унасан. Үйлдвэр хувьчилж авсан эзэд нь тоног төхөөрөмжийг нь бүгдийг нь урд хөрш рүүгээ төмрийн хогонд ачуулсан. Үр дүнд н ь 210 мянган ажилчин анги ажлын байргүй болж гудамжинд гарсан. Энэ бүхнийг эргээд бодохоор 30 жил өнгөрчээ. Туулж ирсэн хугацаанд ард түмний гуравны хоёр нь ядуурчихсан, гуравны нэг нь өртэй болчихсон байна. Төрийн өр бол ард түмний өр. Төр хувьчлал эхэлж байсан үед 20 дугаар тогтоол гаргаж мөнгөний ханш унагалгүй үйлдвэрүүдээ төрөөс дэмжээд санхүүгийн болон техник технологийн дэмжлэг үзүүлээд явсан бол бид ингэтлээ доройтохгүй үйлдвэрлэгч орон байх байлаа. Ганзагын наймаа хийгээд улс орон хөгждөггүй гэдгийг Монгол Улс бодитоор нь бичиж үлдээсэн түүхийн гунигт он -жилүүд байлаа.

-Хувийн хэвшлээ дэмжээгүй зөнд нь орхисноос улс орны эдийн засаг нурсан гэж та хэлэх гээд байна аа даа?

-Тэгж ойлгож болно. Социализмын үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдэд эдийн засгийн болон технологийн шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлсэн бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдтэй байх байсан. Импортлогч биш экспортлогч орон байх байсан. Өөрийнхөө үйлдвэрээр жишээ авахад, зах зээлийн хүнд үед “Ган хийц” ХК-ийн ажилсаг хамт олон үйлдвэрээ авч үлдэхийн төлөө нэг зорилготой зүтгэсний үр дүнд 1985 онд байгуулагдсан Төмөр хийцийн үйлдвэрийг тэр чигээр нь авч үлдэж чадсан. Энэ цагаас хойш манай компани дэргэдээ барилга угсралтын “Ган хийц констракшн” ХХК, “Ган хийц сэндвич” хавтангийн үйлдвэр, цахилгааны хүчитгэсэн бетон тулгуурын үйлдвэр, зүүн бүсийн хөгжлийн төв Дорнод аймагт төмөр замын бетон дэрний “Дорнод Ган хийц” ХХК, цахилгааны хүчитгэсэн бетон тулгуурын үйлдвэр, барилгын материалын парк зэрэг есөн үйлдвэрийг байгуулж, гадаадаа савдаг байсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гадагш гарч буй мөнгөний урсгалын нэгээхэн хэсгийг зогсоож, үндэсний үйлдвэрлэгч болчихоод байна. Энэ хугацаанд төр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байсан түүх байхгүй. Төр хувийн хэвшилдээ туслалгүй 30 жил болжээ.

-Монгол Улсыг хөгжүүлье гэвэл төр ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бизнесмэн хүний хувьд бодож явдаг вэ?

-Монгол хүн монгол ухаанаар Монголоо хөгжүүлнэ. Их Монгол Улс байгуулагдсан цагаас хойш сэргэн мандаж, доройтож байсан он жилүүдийг эргээд харахад бид юун дээр алдаж онож явсан юм бэ гэх бодол аргагүй төрөх юм. Бид эв нэгдэлтэй байхдаа эдийн засгийн биеэ даасан эрх чөлөөтэй, гадны хүнээс асуухгүй монгол ухаанаар улс орноо удирдаж байсан түүхтэй. XXI зуун гарсаар Монгол Улсыг удирдах чадварлаг удирдагч аргагүй дутагдаж байна. XXI зуунаас XXII зуунд Монгол Eлсыг баян, түмэн олон нь аз жаргалтай болгож хөгжүүлэхэд зөвхөн монгол ухаан хэрэгтэй юм байна.Эзэн Чингис түүний үр хүүхэд, ач, зээ, гуч нарын дэлхийг удирдаж байсан 400 гаруй жилийн түүхийг эргээд нэг удаа харж монгол хүний оюуныг нэг чилээх хэрэгтэй.Өнөөдрөөс эхлээд капитализм, социализм гэж гадаад улс орныг дагаж салбадай шиг байхгүй улс орноо хөгжүүлэх монгол ухааныг уралдуулан эдийн засгийг удирдах монгол онолыг гаргаад ажиллацгаая. Хүн бүр мөрдөх таван зарчим байх ёстой.

Үүнд, монгол хүн эрүүл байх. Монгол хүн боловсролтой байх. Монгол хүн баян, аз жаргалтай байх. Дэлхийн улс оронтой эв найрамдалтай энх тайвнаар зэрэгцэн оршиж харилцан тусалж ажиллаж амьдрах бүхий л арга замыг мөрдөж ажилладаг байх. Монгол хүн Монгол болон гадаад улс орны хуулийг дээдэлдэг байх гэсэн таван зарчмыг хуульчлан хүн бүр мөрдөж ажиллах хууль эрх зүйн актыг боловсруулан ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн УИХ-ын 76 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа дээрх таван зарчим дээр тулгуурлан өөрчлөлт оруулж батлах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс ахмад дунд,залуучуудын нэгдмэл удирдах удирдуулах аргаар улс орноо удирдаж амьдарч байжээ.

Монгол Улсыг хөгжүүлэхэд: Монгол Улс төр хэрэгтэй. Монгол эдийн засаг хэрэгтэй. Монгол гадаад бодлого хэрэгтэй. Монгол хууль хэрэгтэй. Монгол хүний хөгжил хэрэгтэй. Гадаадын хөгжлийн бодлогыг хуулбарлах хэрэггүй. Харин авдраа сайн ух, авдранд авралын од бий.

-Монголчууд эв нэгдэлгүй, хуулиа дээдэлдэггүй хэнэггүй зан нь хөгжлийн тушаа болж байна гэж ойлгож болох уу?

-Улс төрийн эв нэгдэлгүйгээс болж улс орны хөгжлийг 30 жил хойш нь татлаа. Олон намтай. Бүгд л нэг нэгнээсээ илүү гарах гэж нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж оролдоно. Энэ нь эргээд хөгжлийн тушаа болдог. Сонгуулиас сонгуулийн хоорондох ялсан намын мөрийн хөтөлбөрүүд аж ахуйн нэгжүүдээ татан унгаж, залхааж байна. Нэг нам гарч ирээд хийх гэж байсан ажил нь дөрвөн жилд дуусч амжаагүй байтал дараагийн нам гарч ирээд зогсоочихдог. Ийм маягтай хэрэгжиж байгаа дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр нь хувийн хэвшлийнхэнд дарамт болж, улс орны эдийн засгийг хохироож байна. Бид нэг улс юм бол улс орноо хөгжүүлэх нэг л бодлого, мөрийн хөтөлбөртэй байх ёстой. Үүнийг нь аль ч нам төрийн эрхэнд гарсан хэрэгжүүлдэг. Харин ямар нам нь хэрхэн хэрэгжүүлэв гэдгийг ард түмэн дүгнэж сонгуулиар дүнгээ тавьдаг байх нь хөгжлийн гарц гэж би боддог. Гэтэл бид яг эсрэгээр нь яваад байна. Монгол Улсын алсын хараа, улс орны хөгжлийн төлөө огт ажилладаггүй. Төрийн түшээ болгон өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Тойрог тордсон эрх ашгийг харж хөрөнгө мөнгийг гацааж байна. Ганц жишээ хэлэхэд, манай компани Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга барих тендерт 2010 онд ялж ажлыг нь эхлүүлсэн. Гэтэл хөрөнгө нь шийдэгдэхгүй явсаар 2022 онд л санхүүжилт хийхээр болж байна. Төрийн шийдвэр гаргах хүрээнийхний энэ хүнд суртал улс орны хөгжил, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд асар их саад болж байгааг төрийн түшээд мэддэггүй.

-Төрийн түшээдийн гаргасан тулга тойрсон шийдвэр бизнес болон улс орны хөгжилд саад болж байна гэж та үзэж байна уу?

-У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа боловсруулан УИХ-аар батлуулсан “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол зөв алхам. Гэтэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө ямар ч бүтээн байгуулалт хийхгүй байж Засгийн газраа шүүмжилж албан тушаалд очих гэсэн хүмүүс байх юм. Засгийн газраа битгий шүүмжил, битгий унага. Төр нь тогтвортой байвал бизнес гацахгүй явна. Улс орон хөгждөг юм. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Зүүнбаян -Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд дотоодын 146 аж ахуйн нэгж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед оролцох боломж бүрдсэн. Нийт урт нь 416 км төмөр замыг дотоодын аж ахуйн нэгжүүд нэг километрийг нь нэг сая 20 мянган ам.доллараар барьж дууслаа. Гэтэл Таван толгой-Гашуунсухайтын төмөр замыг солонгосчууд нэг километрийг нь 3.2 сая ам.доллараар барьж байгаад ажил нь зогссон шүү дээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид бид бүтээн байгуулалтыг хямд үнээр чанартай хийж бүтээж чадаж байна. Бид ажлаа хийчихсэн. Харамсалтай нь хийсэн ажлын төлбөр болох 203 тэрбум төгрөгийг төр аж ахуйн нэгжүүдэд өгөхгүй байна. Монголын төр санхүүжилтээ өгөөгүйгээс болоод төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 146 аж ахуйн нэгж дампуурах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болоод байна. Бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд төрийн яамдуудын ажлын уялдаа холбоо муутай, хариуцлагагүй байдлаас болоод банкнаас зээл авсан компаниуд нь барьцаа хөрөнгөө хураалгах хэмжээнд хүрлээ. Санхүүжилт гацсанаас болж дээрх аж ахуйн нэгжүүд ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй болоод байна. Энэ байдал нь компанид болон ажиллагсдад асар их хохирол учруулж буйг төрийн яамдуудын ажил хариуцсан түшмэдүүд үл тоож санхүүжилтээ шийдвэрлэж чадаагүй өнөөдрийг хүрээд байна. Тендерт орох гээд ямар нэгэн тодорхойлолт гаргуулахад өртэй гэж гарч ирж компаниудын цаашдын ажилд саад болж, муу нэрийг зүүлгэж байна. Төрийн яамдуудын эрх мэдэлтнүүд Засгийн газрын 2018 оны 117 дугаар тогтоол, 2019 оны 135 дугаар тогтоолуудаа эргэн харах хэрэгтэй. Хэрэв төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд шүүхдэх юм бол “Монголын төмөр зам” ТӨХК гэрээний дагуу аж ахуйн нэгжид өгөөгүй мөнгөний 0.1 хувийн алданги торгуулийг өдөр бүр төлөх болно. Дээрхи хувийг жилийн 365 хоногоор тооцвол 74 тэрбум төгрөгийн алдангийн өрөнд Монголын төр орно. Энэ мөнгийг хэн өгөх вэ. “Монголын төмөр зам” ТӨХК өгөх үү. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах уу гэх мэт олон асуудал байна. Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийнхээ ажлын хөлсийг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмждэггүй юм аа гэхэд татаж унагамааргүй байна

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээгээ төр биелүүлэхгүй байхад Монгол Улс үйлдвэр байгуулж, хөгжих боломж хязгаарлагдмал юм биш үү?

-Тийм биш гэж бизнесмэнүүд харж байгаа. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар улс орнуудаас зээл хайж,мөнгө гуйж хандивын тоглолт хийж явдаг ядарсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Харин эх орноо таван бүсэд хувааж, газрын доорх баялаг болон малын гаралтай түүхий эдээ түшиглэсэн үндэсний үйлдвэр хөгжүүлэх бодлогоо гарга. Тэгээд технологийн парк байгуулах олон улсын тендер зарла. Энэхүү тендерт үндэсний аж ахуйн нэгжүүд давуу эрхтэй оролцох боломж олгочих. Аль бүсэд ямар үйлдвэр хэрэгтэй байгаагаа Засгийн газар тодорхойлоод зарлачих. УИХ нь намрын чуулганаар нэн яаралтай Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа батал. Ингээд үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүддээ итгэл хүлээлгэн үйлдвэржилтийнхээ бодлогыг эхлүүлж чадвал Монгол Улсын хөгжлийн түлхэц болно гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний компаниудтай нийлж байж хамгийн сүүлийн үеийн технологитой үйлдвэрүүд байгуулагдах болно. Гагцхүү төр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Эдгээр үйлдвэрүүд тодорхой хугацааны дараа Монголд, монгол хүний мэдэлд ирэх болно. Дэлхийд танигдсан үйлдвэрүүдийг байгуулж чадсан тохиолдолд 15 жилийн дараа манай улс Азийн бар улс болно. Энэ бол Сингапурын хөгжлийн гарц. Ийм л замаар явж байж хөгжинө. Би ганцхан зүүн бүсийн хөгжлийн гарцыг энд ярья. Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах тухай УИХ-ын 32 дугаар тогтоол 2010 онд гарсан. Энэ тогтоолоо хэрэгжүүлээд Дорнод аймагт төмөр замын бүтээн байгуулалт, Сүхбаатар аймаг хүнд үйлдвэрийн, Хэнтий аймаг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Манай компани УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу бизнесээ төлөвлөж, Дорнод аймагт төмөр замын бетон дэр, цахилгааны хүчитгэсэн бетон тулгуурын үйлдвэрүүдээ байгуулсан. Гадаад руу урсах мөнгөн урсгалыг авч үлдэхийн тулд би энэ үйлдвэрүүдээ байгуулсан. Зарим хүмүүс “Даваасүрэнгийн төмөр замын бетон дэрийг хэн авах юм” гэж шоолж байсан. Гэтэл Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замыг барихдаа манай бетон дэрийг л хэрэглэлээ. Бизнесмэн хүн ингэж урдьчилан төлөвлөж алсыг харж явдаг. Гэтэл төр нь нэг гаргасан шийдвэрээ цуцалж гацааж, цагийг хий дэмий үрж байна.Засгийн газар зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замынхаа бүтээн байгуулалтыг эхлүүлэх цаг болсон. Уг чиглэлд Бичигт-Чойбалсан хүртэлх 413 км замыг шинээр барьж, Эрээнцав-Чойбалсан хүртэлх одоо байгаа 238 км замыг шинэчлэх шаардлагатай байгаа. Нийт 651 км төмөр замыг иж бүрнээр нь шийдэж байж энэ төсөл үр дүнгээ өгнө. Хэрэв ингэж зүүн бүсэд төмөр замын бүтээн байгуулалтыг хийж чадвал Орос-Монгол-Хятадыг холбосон алтан төмөр зам болно. Жилд 15-20 сая тонн ачаа дамжин өнгөрөх боломж нээгдэж байгаа юм. Хэрэв Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа баталчихвал аж ахуйн нэгжид энэ бүтээн байгуулалтаа өг. Ямар стандартын төмөр зам байхвэ гэдгээ төр тодорхой болгоод хувийн хэвшилдээ хүргүүлчих. Тэгээд ажлын явцад төр хяналтаа тавь. Хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг барьж ашиглаад тодорхой хугацааны дараа төрд эргүүлж өгнө. Энэ бол хөгжлийн гарц, шийдэл юм. Төр бүхнийг хийх гэж өөр дээрээ ачаа үүрэх хэрэггүй. Харин хувийн хэвшилдээ итгэл үзүүлж, бүтээн байгуулалт руу оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь эх орноо үйлдвэржүүлэх хамгийн шилдэг шийдэл байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *