Categories
мэдээ цаг-үе

М.Даваасүрэн: Шарктанк гарснаас хойш сүлжээ дэлгүүрүүд захиалга өгч байна

Шинэ хэмээх тодотголтой “Монгол tv”-ээр гарч буй Шарктанк нэвтрүүлэг үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байгаа эрэлт ихтэй контент болчихоод байна. Монголд бор зүрхээрээ бизнес эрхэлж яваа хүмүүсийн зовлон жаргалыг бодитоор нь мэдрүүлж, шүүн тунгаах боломжийг иргэдэд олгож байгаа энэ нэвтрүүлгийн нэгэн оролцогчтой уулзаж, ярилцсан юм. Түүнийг М.Даваасүрэн гэдэг. Тэрбээр “Мойлонгуа” компанийн захирал. Шар тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийж туршиж яваа залуу бизнес эрхлэгч эмэгтэй ажээ.


-Шарктанк нэвтрүүлэгт яагаад орохоор болсон бэ?

-Бизнесээ дөнгөж эхэлж байсан үе л дээ. Бүтээгдэхүүнээ хүмүүст яаж таниулах вэ гэж бодож байтал нэвтрүүлгийн зар зурагтаар гарч эхэлсэн. Тэгээд бүртгүүлэхээр шийдсэн юм.

-Эхлээд эргэлзэж байв уу?

-Огт эргэлзээгүй. Энэ бол надад олдсон боломж гэж харж байлаа.

-Нэвтрүүлэгт орох процесс яаж өрнөсөн бэ?

-Эхлээд утсаар мэдээллээ өгч, бүртгүүлсэн. Дараа нь сонгон шалгаруулалтад орсон.

-Яаж сонгон шалгаруулсан бэ?

-“Монгол ТВ”-гийн захирал Ч.Номин урьдчилсан шалгаруулалтыг явуулсан.

-Нэвтрүүлэгт орохын тулд хураамж, мөнгөн төлбөр төлсөн болов уу?

-Тийм зүйл байгаагүй.

-Шарктанк нэвтрүүлгийн бичлэгийг эрт хийгээд дуусчихсан юм байна, тийм үү?

-Өнгөрсөн наймдугаар сард бүх дугаарыг бичээд дуусчихсан. Одоо цацаж байгаа байх.

-Өөрөө хөрөнгө оруулалт авч чадаагүй гарсан байх аа?

-Тэгсэн. Гэхдээ Л.Чинбат шарк цаашид дэмжиж, зөвлөгөө өгөх тал дээр хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Тиймээс өөрийнхөө хувьд ямар ч байсан том хөрөнгө оруулалт авчихлаа гэж бодож байгаа.

-Л.Чинбат шарктай түүнээс хойш холбогдсон уу?

-Холбогдоогүй байна.

-Сая нэвтрүүлэг гарснаас хойш хөрөнгө оруулах саналтай хүмүүс хандаж байна уу?

-Хэд хэдэн хүн хамтарч ажиллах санал тавьж байна.

-Худалдан авагч нэмэгдэх хандлага байна уу?

-Байна. Манайх бүтээгдэхүүнээ Гүүд Прайс дэлгүүрээр худалддаг. Өнөө өглөө (өчигдөр) очиход хүмүүс манайхыг их асууж сураглаж хайж байгаатай таарсан шүү.

-Анхнаасаа ийм л маркетинг хийх гэж Шарктанкид орсон байх…

-Ер нь бол тэгсэн. Бүтээгдэхүүнээ танилцуулах боломж юм байна гэж харсан л даа.

-Шар тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийх санаа анх яаж төрсөн бэ?

-Дөрвөн жилийн өмнө youtubе-ээс органик бүтээгдэхүүн хийдэг бичлэгүүдийг үзэж байгаад энэ санаа төрсөн. Олон түүхий эд хэрэггүй, Монголд элбэг байдаг түүхий эд ашиглаж хийх боломжтой юм байна гэж бодсон. Манайх шар тос ихээр хэрэглэдэг байсан юм. Тиймээс л энэ санаа орж ирсэн. Хамгийн анх шар тосыг оливийн тостой хольж, уруул өнгөлөгч гаргаж үзсэн юм. Ойр тойрныхон маань хэрэглээд маш их үнэлсэн, тэдэнд таалагдсан. Давхар өөр ажил хийдэг байсан учраас энэ ажил руу гардаж орж амжихгүй явсаар 2017 онд бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргасан. Тэр хүртэл судалгааны ажил их хийж, бэлтгэлээ базаасан даа.

-Ямар судалгаа хийсэн бэ?

-Гаднынхан ийм төрлийн бүтээгдэхүүнийг яаж хийдэг арга технологийг интернэтээс судалсан.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол технологи нь юу вэ?

-Шар тосыг нэмэлт дайвар тоснуудтай хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жишээ нь зөгийн лавыг найрлаганд нь ашигладаг.

-Үйлдвэрлэлээ хаана явуулдаг вэ?

-Голомт хотхонд нэг өрөө байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор өөрөө бүх ажлаа гардан хийж байна. Хажуугаар нь, ойр дотны найз, нөхөд, гэр бүлийнхэн маань тусалдаг.

-Өдөрт хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-500-1000 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа цаашид нэмэх хэрэгтэй байгаа.

-Ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

-Айхтар тоног төхөөрөмж гэх юм байхгүй. Гар аргаар үйлдвэрлэл явуулдаг. Тусгай хэвээр бүтээгдэхүүнээ хэвлэдэг.

-Гүүд Прайсаас өөр ямар сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ худалдах гэж байгаа вэ?

-Ази фарм, хорооллын И-март салбар дэлгүүрүүдтэй хамтарч ажиллахаар ярьж байна. Шарктанк нэвтрүүлэг цацагдсанаас хойш зарим дэлгүүрүүд өөрсдөө холбогдож, бүтээгдэхүүнийг борлуулах санал тавьж байна.

-Бүтээгдэхүүний сав баглаа боодлоо хаана хийлгэдэг вэ?

-Төмөр болон хуванцар саваа урд хөршид захиалдаг. Бусад бүх ажлыг Монголдоо хийдэг.

-Цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Мойлигийн нэр төрлөө нэмэгдүүлж, гоо сайхны цогц бүтээгдэхүүн гаргах зорилго өвөртөлж байна. Монгол бүтээгдэхүүн гэхээр л арьсанд шингэхгүй, зууралдсан юм байж болохгүй. Тиймээс чанартай бүтээгдэхүүн гаргахын төлөө туршилтууд хийж байгаа.

-Мойли гэдэг нэрийг яагаад өгсөн юм бэ?

-Монгол, ойл, интернэшнл буюу Монгол тосыг олон улсад гаргах гэсэн утгаар энэ нэрийг өгсөн юм.

-Монголд бизнес эрхлэхийн жаргал зовлонг эхнээс нь амсч байна уу?

-Амсалгүй яахав. Бүтээгдэхүүний сурталчилгаа хийхээс эхлээд бэрхшээл их байна. Дээрээс нь сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулахад төвөгтэй асуудал гардаг. Сүлжээ дэлгүүрүүдэд санал тавихад хариу өгөх гэж их удна. Зарим нь манайх ийм бүтээгдэхүүн тавихгүй. Тавилаа гэхэд энд л өрнө гэх зэргээр өөрсдийнхөөрөө шийдэж, тулгадаг. Яалт ч үгүй монопол болчихсон юм билээ. Шарк танк гарснаас хойш харин дэлгүүрүүд өөрсдөө захиалгаа өгч байна.

Я.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *