Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

М.Чимэддорж: Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мега төслүүдийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр байгуулах зорилготой нь илт байна DNN.mn

Эдийн засагч, судлаач, АН-ын УТЗ-ийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-Төсвийн хуулийг дагалдаж олон хууль орж ирлээ. Энэ дунд тендерийн хууль олны анхаарлыг татаж байгаа. Хуульд ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Худалдан авах ажиллагааны хууль бол хамгийн олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон. 2005, 2023 онд хоёр удаа шинэчилсэн найруулгаар батлагдсан хууль. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үргэлж дордуулж ирсэн. Түүнийг дагаад авилга гаарч байсан түүхтэй. Учир нь улстөрчдийн хувийн ашиг сонирхлын үүднээс өрсөлдөөнийг хязгаарлах, нээлттэй сонгон шалгаруулалтаас татгалзах, шууд гэрээ байгуулах өөрчлөлт хийж ирсэн. Үүнийг нь дагаад авилга гаарч, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулж байсан гашуун түүхтэй. Жишээлбэл, 2007 онд эрчим хүч, замын төслүүд нь дотоодын компаниудын хүчин чадалтай дүйх хэмжээнд, эсвэл түүнээс илүү гарсан тохиолдолд нээлттэй тендер зарлахгүйгээр, шууд гэрээ байгуулдаг заалт оруулж ирсэн. Үүний дараа тендерийн баримт бичиг боловсруулахад суурь болгож ашигладаг жишиг үнийг өөрчлөх шийдвэрүүд гарч цахилгаан дамжуулах агаарын шугам барих, зам, гүүр барих төсөвт өртөг огцом өссөн. Уг өөрчлөлт хүчингүй болох хүртэлх хугацаанд олон тэрбумын гэрээнүүд байгуулагдаж, төр дагасан тендерийн компаниуд үүссэн. Энэ бол нэг л жишээ нь. Улстөрчид, төр дагасан тендерийн компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийх боломжийг үргэлж эрэлхийлж ирсэн. 2017 онд Худалдан авах ажиллагааны хуулийн улсын нууцад хамаарах худалдан авалтын гэрээ байгуулдаг заалтыг ашиглахын тулд Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулан Засгийн газрын шийдвэрээр улсын нууцад хамруулах, байгууллагууд ТЕГ-ын саналыг үндэслэн нууцад авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Энэ бол ардчиллын түүхэн дэх хамгийн том хулгайн цоорхойг нээсэн. Үүнд нь оффтэйк гэгдэх олон их наядын дүнтэй нүүрсээр төлбөр төлөх гэрээнүүд, газрын тос дамжуулах, баяжуулах үйлдвэр барих, төмөр зам, авто зам баригдах гэрээнүүд байгуулагдсан. Үүний нэг л жишээ болох ногоон автобусны талаар шуугиж байсан нь саяхан. Гэтэл ногоон автобус бол зөвхөн олон нийтэд ил болсон хэсэг нь. Товчхондоо мөсөн уулын орой. Цаана нь олон их наядын гэрээ одоо хүртэл нууц хэвээрээ байна. Цаашдаа төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөхгүй бол энэ хулгай дараатай хэвээрээ үлдэнэ. Энэ хуулиар төрийн өмчийн компаниудын удирдах зөвлөлийн шийдвэр, гэрээ хүртэл нууцад хамаарч байгаа. Хамгийн сүүлд Цар тахлын хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй шууд гэрээ байгуулах, төрийн өмчийн компаниудад бүрэн эрхт төлөөлөгч томилон шууд худалдан авах гэрээ байгуулах гэх мэтээр олон нийтийн хяналтаас гадуур олон их наядын гэрээнүүд байгуулагдсан.

-Өмнөх ийм муу жишээнүүд байхад шууд гэрээ байгуулахаар дахин хуулийн төсөл орж ирж байхад УИХ-ын гишүүд дэмжих үү?

-Мэдээж тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болгондоо шалтаг тайлбартай, шинэ нэр томъёотой оруулж ирдэг. Шинэ юм шиг харагдуулдаг хуучин технологи л доо. Энэ удаад ч ялгаагүй чадавхид суурилсан хэлэлцээрийн арга гэсэн шинэ нэр томъёотой, шууд гэрээ байгуулдаг хуучин аргаа л оруулж ирж байж. Худалдан авах ажиллагааны хуулийн 36’ гэсэн бүтэн бүлэг оруулж ирж байна. Тоймловол чадавхитай гэж өөрсдөө үзсэн хоёр компанид урилга явуулаад хэлэлцээ хийж аль нэгтэй нь гэрээ байгуулж болно. Хэвлэл мэдээлэлд зарыг нь нийтлэхгүй, компаниуд өрсөлдөх боломжгүй, аль нь илүү чанартай, аль нь бага үнэтэй тендер санал болгож байгаа нь ч хамаагүй гэсэн үг. Энэ бол хаалттай хаалганы ард тохиролцоно гэсэн үг.

-Хуульд ийм заалт оруулах шаардлага, нөхцөл нь юу байв?

-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөвлөгөө” гэж нэрлээд буй. Энд дурдагдаад буй “хурдтай” гэдэг үгийн ард тендер шалгаруулах процесс удаан, маргаантай байна гэсэн тайлбар хийгээд байгаа. Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, авилгаас ангид ажиллах нь засгийн газрын үүрэг. Засгийн газар ажлаа хийхээс төвөгшөөж хуульд өөрчлөлт оруулаад байх нь зүйд нийцэхгүй. Үүнээс гадна цар хүрээ, төсөвт өртөг нь том, хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр бол шууд гэрээ байгуулдаг болгох зохицуулалт оруулж ирээд байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанд тусгасан мега төслүүдийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр байгуулах зорилготой нь илт байгаа.

-Эдгээр нь ямар төслүүд байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 гаруй томоохон төслүүдийг тусгасан, эдгээрийн дийлэнх нь их наядаар хэмжигдэх төсөвтэй. Нийлбэр дүнгээрээ 40 их наядын төслүүд бий. Эдгээр төслүүдийн олонхи нь эдийн засгийн үр ашигтай эсэх, улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай эсэх асуудлаар урьдчилсан судалгаа хийгдээгүй. Тодорхой хэлбэл, зардал, үр ашгийн шинжилгээ, нийгэм-эдийн засгийн өгөөжийн судалгаа хийгдээгүй төслүүд байгаа. Тухайлбал, Богд уулыг тойруулан дэд бүтэц барих томоохон төслүүд бол Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудлаа шийдэхийн оронд хоосон газарт дэд бүтэц барих, засгийн газраа өөр газар барих зорилготой. Гэтэл бид хотдоо дэд бүтэц байгуулж, утаа түгжрэлгүй болох нь эхний зорилт байх ёстой.

-Яагаад ийм төслүүдийг оруулж ирэх болов?

-Улс орны хөгжлийн талаас нь харвал бизнесийн орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалт татах замаар тэргүүлэх салбаруудаа хөгжүүлэх ёстой. Тэгж байж эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь бүрдэнэ. Мэдээж улсын төсвөөс тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хөрөнгө оруулалт хийж таарна. Гэхдээ төсвийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг бодлого бол юуны өмнө зардал, өгөөж хоёрыг харьцуулсан шинжилгээнд үндэслэх ёстой юм. Одоогийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төслүүдийг сайтар ажиглавал үр ашиг нь чухал биш байжээ гэж дүгнэхээр байна. Харин ч энэ ямар нэг эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүлгийн эрх ашигт нийцүүлсэн төслүүд байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байна. Бид ер нь цаашдаа гадна, дотны ашиг сонирхол бүхий бүлэглэлээс төсвөө хамгаалдаг тогтолцоогоо бэхжүүлэхгүй бол улс орны эдийн засгийн боломж, нөөцийг үр ашиггүй төслүүдэд зарцуулдаг болох нь. Энэ бол байгалийн баялагтай хэрнээ хөгжлийн боломжоо үгүй хийсэн, улс орноо сүйрүүлсэн улс орнуудын явсан зам мөр. Худалдан авах ажиллагааны хуулиас гадна төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдах хуулиар оруулж ирж байгаа нь зүйд нийцэхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол төсвийн хуулийн эх хууль. Өөрөөр хэлбэл, төсвийн хууль нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын дотор батлагдах хуультай. Гэтэл төсвийн тодотголоо дагуулж эх хуулийг нь оруулж ирж байгаа нь зүйд нийцэхгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийг ч мөн дагалдах хуулиар оруулж ирж хэлэлцэж болохгүй. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа бол наад зах нь Хууль тогтоомжийн хуулийн дагуу өргөн бариад хэлэлцэх ёстой. Товчхондоо гуя дагуулж өгдөг хүзүү биш.

-Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад илүү олон өрсөлдөгч оролцоно гэсэн баталгаа бий юу?

-Нээлттэй сонгон шалгаруулалтын хамгийн гол зүйл бол тухайн тендерийг сонирхогч бүх талуудад мэдээлэл өгөхөөс эхэлнэ. Тийм ч учраас боломжит бүх сувгаар, цахим системээс гадна өдөр тутмын сонин хэвлэлээр дамжуулан мэдээлдэг байх ёстой. Тендерийн зар байнга мэдээлдэг сувгууд тогтвортой байвал компаниуд ч байнга мэдээлэлтэй байх сувгаа сонгож ашиглаж, тэр хэрээр өрсөлдөгчдийн тоо нэмэгдэнэ.

-Эдгээр хуулиуд батлагдвал ямар үр дагавартай вэ?

-Мэдээж авилга гаарна, төр давамгайлсан эдийн засгийн орчин үүснэ. Хэтдээ ардчилал үгүй болно. Эдийн засгийн агуулгаар нь хэлье. Энэ бол Монголын эдийн засагт байгаа төрийн оролцооны масштабыг өөрчилнө. Хэд хэдэн төсвийн жил дамжих олон арван их наядын гэрээ гэдэг бол авилга, крони бизнесийн мөн чанарыг өөрчилнө. Авилга төрийн үйл ажиллагааг дагаж явдаг үзэгдэл байсан бол төрийн үйл ажиллагаа нь өөрөө төлөвлөгдсөн, системчлэгдсэн авилгын нэг хэсэг болж хувирна. Хоёрдугаарт, ийм хэмжээний гэрээ шууд байгуулагдана гэдэг бол ардчиллын эмзэг институциудыг ч устгах аюултай. Төсөөлөөд үз, хэвлэл мэдээллийн салбарт, улс төрийн намуудад, иргэний нийгмийн байгууллагуудад олон зуун тэрбумаар хэмжигдэх авилгын эх үүсвэртэй мөнгө орж ирвэл ардчилал үлдэх үү. Нөгөө талаар, УИХ-ын хөрөнгө оруулалтын шийдвэр 2-3 их наяд төгрөгийн хооронд яригддаг. УИХ хоёр сар шахам хэлэлцэж шийдвэр гаргадаг. Гэтэл 40, 50 их наядын гэрээнүүдийн талаар ярьж байна. Нэг төрийн өмчит компанийн захирлын гарын үсэг зурах гэрээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээтэй дүйнэ. Үүний ард улсын эдийн засаг эрүүл байх уу. Өр, зээл хэд болох вэ. Эцэст нь хэлэхэд хөгжил гэдэг энд тэнд том цемент цутгахыг хэлдэггүй юм. Хөгжил бол цогц үйл явц. Ардчилсан институциудээ бэхжүүлж, ил тод төртэй болж, хувийн хэвшлээ ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж байж ирдэг зүйл. Төр уурхай ухаад, олсон мөнгөөрөө цемент цутгаад байвал хэдхэн жилийн дотор Венесуэль болно. Бид одоо яг тэр зам дээр гарчихсан, үйл явц нь улам хурдасч байна.

 

Л.Нямдолгор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *