“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн саяхан боллоо. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдлаа. Танай баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудлууд шийдэгдэж байна уу?
-Шийдэгдээгүй. Үйлдвэрлэлийг дэмжих сайхан мөрийн хөтөлбөрүүд олон байна. Том сайхан зөвлөгөөн, үндэсний хороо, ажлын хэсгүүд байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын илтгэлээс харахад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл эдийн засаг тэлэгдэж, экспорт эрс нэмэгдэнэ, олон том үйлдвэрүүд байгуулагдана гэсэн сайхан үг хэлж байна лээ. Гэтэл хууль эрх зүйн орчинд саад болж буй хүндрэлүүдийн талаар үйлдвэрлэгчдийнхээ санал, шүүмжлэлийг сонсохгүй юм. Хэдэн хүн индэр дээр ярилцаж байгаад том зөвлөгөөнийг үнэгүйдүүлж байна. Зөвлөгөөн дээр Б.Нямтайшир гуай залуучуудад маш том зөвлөмж, шинэ санаа өгсөн. Баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан АМНАТ-ийн асуудлуудыг зөв шийдвэрлэхгүйгээр аж үйлдвэржилт сэргэхгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл, Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл ямар болсон байна. Та саналаа өгсөн үү?
-Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын сүүлийн таван чуулганаар хэлэлцүүлэх байсан ч боловсруулагдаж байна гэсээр өргөн бариагүй. Энэ хууль чинь Монгол Улсын хөгжлийн суурь хууль шүү дээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ оны гуравдугаар сараас явагдаж, ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, компаниуд, мэргэжилтнүүдээс 1260 орчим санал, шүүмжлэл ирсэн гэдэг. Гэвч энэ салбарт үүссэн алдаа, хүндрэлийг засахгүй маш муу боловсруулсан хуулийн төслөө хамгаалсаар дорвитой өөрчлөлт хийхгүй байна. Ерөнхий сайд хууль батлагдахаас нь өмнө санал, шүүмжлэлээ өгөөрэй гэсэн боловч ажлын хэсэг хариуцлагагүй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хувьд хэлэлцүүлгүүдийг явуулж компаниуд болон иргэд, байгууллагуудаас 600 орчим санал ирснийг Эдийн засгийн хөгжлийн яам судалж санал ирүүлсэн байгуулагуудад хариу тайлбар ирүүлсэн нь сайшаалтай. Хуулийн төслийн хувьд жижиг хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг олон асуудлыг шийдвэрлэхээр боловсруулагдсан боловч томоохон хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээсэн асуудлуудыг цогцоор нь хамт оруулсан бол илүү үр дүнтэй болох байлаа.
-Ямар асуудлуудыг хамт оруулсан бол илүү үр дүнтэй вэ?
-Хөрөнгө оруулагчид орж ирэхдээ улс төрийн тогтвортой байдал, татварын орчны судалж хөрөнгө оруулаад, ашигтай ажиллаж чадах уу гэдэг үндсэн хоёр асуудлыг судалж байж шийдвэрээ гаргадаг. Манайхан хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг татварын асуудлуудыг судлаад эрэмбэлээд ядаж тавхан хүндрэлтэй асуудлуудыг холбогдох хуулийн төслийн хамт оруулсан бол илүү үр дүнтэй. Ашигт малтмалын хуулийн төслийг хамт өргөн барьсан бол илүү ач холбогдолтой.
-Хөрөнгө оруулагчид ямар асуудлыг сонирхож хүлээж байна вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйгээс хайгуулын салбар уналтад орж, улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байгаа. Хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгдэхгүй байна. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад 20 гаруй үйлдвэр дампуураад хаалгаа барьчихлаа. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Яагаад энэ хүндрэлтэй асуудлуудаа хурдан шийдэхгүй хойшлуулаад хөгжих боломжоо алдаад байгааг ойлгохгүй юм.
-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмждэггүй юм бол?
-Мэдэхгүй. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана. Нүүрснээс хий болон бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллана. Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байна. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд ганцхан нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж, хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-өөр дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.
-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар ямар бодолтой байна вэ?
-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 60 ам.доллараар зарсан байхад, 100 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмал биржээр арилжаалахад бэлтгэл ажил маш их шаардагдана. Яагаад гэвэл эдгээр нүүрс, хүдэр, баяжмалууд биржээр бараг арилжаалагддаггүй онцлогтой. Бэлтгэл ажлууд сайн хангагдсан гэдэгт итгэж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй.
-Ямар ашигт малтмалыг баяжуулж, боловсруулж өндөр ашиг олох боломжтой вэ?
-Манайх жоншны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог томоохон тоглогч болох боломжтой. Жоншны хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр экспортолсоор байна. Жоншийг баяжуулаад бүтээгдэхүүн болговол 10-80 дахин их үнэлгээтэй бүтээгдэхүүн болгох төсөлтэй залуучууд байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход бас л давхар АМНАТ саад болж байгаа. Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчдээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж, экспортлогч компаниудынхаа өрсөлдөх чадварыг бууруулж, тэд төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Төмрийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний ангиллыг нэн яаралтай шинэчлэх ёстой. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх боломжоор хангаж ажиллаасай.