Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдэж буй концессыг бүлгийн хурлаар дэмжиж байсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн үндэслэлийг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрыг сайн ажиллуулахын төлөө шахаж шаардах ёстой. Гэхдээ ажлыг нь шахаж байна гээд Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Хэрэв муу ажиллаж буй сайд байвал сугалж аваад бусдыг нь тогтвортой ажиллуулаасай гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа авах үед улс орны эдийн засаг үнэхээр хүнд байсан. Тэрийг УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй, өр төлбөрийн хугацаа тулчихсан байсан. Хоёрдугаарт, ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн хоёр том шалгуурын дунд ажилласан шүү дээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг бодолгүйгээр улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллаж чадлаа. Унаж байсан эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, өндөр хүүтэй гадны зээлийн хүүг багасгаж чадсан нь өнөөдөр өгөөжөө өгч байна. Энэ бүхэн одоогийн Засгийн газрын гавьяа. Харин өнөөдөр нөхцөл байдал туйлын эмзэг байгаа. Тавдугаар сард бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Зургаа, долдугаар сард сонгууль гэсээр хугацаа алдсан. Одоо харин ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор улс оронтой гэрээ хэлэлцээр хийж байна. Гэрээ хэлэлцээр хийж дуусаагүй байхад засгаа солих тухай ярих утгагүй юм. Хэрэв одоогийн засгаа огцруулаад шинийг байгууллаа гэхэд шинэ удирдлагуудыг ямар хэмжээнд ажиллах нь вэ гэдгийг гадны донор орнууд хүлээзнэж таарна. Наанадаж сар, цаанадаж зургаан сарын турш ажиглана биз дээ. УИХ ч гэсэн дөнгөж байгуулагдсан Засгийн газарт учиргүй шаардлага тавиад байж чадахгүй. Өнгөрсөн намар, өвөл ихэнх гишүүн Засгийн газарт хугацаа хэрэгтэй гэж ярьж байсан шүү дээ. Одоо дахиад шинийг байгуулбал жилийн дараах өдийд бас л иймэрхүү зүйл ярьж байх нь. Уг нь бол одоогийн Засгийн газар болохгүй байгаа сайд нартаа хариуцлага тооцоод, солиод явж л байгаа.

-Засгийн газрын асуудлаас болоод МАН дотроо хоёр хуваагдчихав уу?

-Тэглээ. Нөгөө эвтэй найртай 65 гишүүн маань гарын үсэг зурсан, зураагүйгээрээ хоёр хуваагдчихсан. Уг нь манай нам нэг цөм болж байж асуудлаа шийдэх ёстой. Хоёр хуваагдаж яваад сайн зүйлд хүрэхгүй. Ардчилсан намынхантай нийлж өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах дээрээ тулчихсан явна. Ер нь бол МАН-ын Их хурал хоёрхон сарын дараа хуралдах гэж байна. Ядаж энэ үеийг хүртэл хүлээх хэрэгтэй. Их хурлаасаа даргаа сонгоод, Ерөнхий сайдаа томилчихмоор байгаа юм.

-Хэрэв Засгийн газар солигдвол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мөнгө өгөх донор орнууд амлалтаасаа татгалзана гэж байх уу?

-Ирэх оны нэгдүгээр сард 650 сая ам.долларын зээл төлнө. Тэр мөнгийг хаанаас олж өрөө төлөх юм бэ. Засгийн газар унаад, дараагийнх байгуулагдана гэсээр байтал хугацаа алдана. Гэрээ хэлэлцээр жигдрээгүй байх үед өр төлөлт хийхээр валютын ханш дээшээ өснө. Одоо 2400 байгаа ам.долларын ханш гурван мянга даваад явчих байлгүй. Үр дүнд нь ард түмэн л хохирно.

-Гишүүд иймэрхүү зүйлээ тооцоолж байгаа байлгүй дээ. Дотроо учраа ололцож чадахгүй нь уу?

-Намын удирдлагын түвшинд мэдээж хэрэг янз бүрээр л ярьж байгаа. Нэг танхимын хоёр гишүүн хоорондоо учраа олох байлгүй гэж бодож байна. Гэхдээ шийдэлд хүрсэн зүйл харагдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Одоо тэгээд чуулганаар шийдэхээс өөр аргагүй болчихлоо.

-Гарыг үсэг зурсан гишүүд Засгийн газар солигдсон ч гэлээ бодлого өөрчлөгдөхгүй гэж ярьж байгаа. Тийм юм бол солих хэрэг байгаа юм уу?

-Засгийн газрыг огцруулчихвал гарын үсэг зурсан 31 гишүүн шинэ кабинетыг бүрдүүлнэ гэх яриа бий. Ардчилсан нам тэднийг дэмжиж кноп дарах нь тодорхой. Ямар нэгэн барьцаанд орчих вий гэх болгоомжлол ч бас байна. Уг нь бүлгийн хурлаар дотоод асуудлаа нэлээн ярьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ойлголцож чадахгүй байсаар чуулгантай золгож байна. Ер нь намын жирийн гишүүд Засгийн газрыг тогтвортой байлга, тэгснээр эдийн засаг сайжирч амьдрал дээшилнэ гэсэн хандлагатай байгаа. Уг нь бол Засгийн газрыг огцруулах гол үндэслэл гэгдээд байгаа концессын асуудлыг бүлгийн хурлаар дэмжиж байсан юм шүү дээ. Хүүхдийн мөнгийг ч гэсэн өгөх ёстой гэж бүгд дуу нэгтэй ярьж байсан. Бас нэг үндэслэл нь 60 тэрбумын асуудал. Тэр бол 2014 онд ярьсан төсөөллийн бичлэг. Тэрийг эвлүүлэг байж гэдгийг прокурорын байгууллага тогтоосон гээ биз дээ. Нарийн яривал 60 тэрбумын асуудал Засгийн газарт хамаагүй.

-Намын доторх хэрүүл нэг тийш шийдэгдэх биз. Сарын дараа намрын чуулган эхлэх гэж байна. Ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцээд эцэслэж батлаагүй хуулиуд бий. Малчдын хүсэн хүлээж буй хамгийн чухал хууль болох Малын генетик нөөцийн хууль, Малын эрүүл мэндийн тухай хуулийг эцэслэн батална. Хөдөө аж ахуйн салбарыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хуулиуд. Эдийн засгийг солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн салбарыг зайлшгүй дэмжих ёстой. Яг бодит амьдрал дээр өнөөдөр экспортод гаргах гол бүтээгдэхүүн мах. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яаж савлаж болдгийг бид өнгөрсөн хэдэн жил харлаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд дэмжмээр байна.

-Хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн хуулийн төслүүд орж ирэх үү?

-Өнгөрсөн хаврын чуулганаар хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хуулиудын нэлээн сайн хэлэлцэж, баталсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байна. Эхнээсээ үр өгөөжөө өгөөд явж байна.

-УИХ-ын чуулганы танхимд хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлалцсан гишүүд хүчирхийллийн хэрэгт холбогдоод явж байна. Энэ асуудал дээр эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй байна вэ?

-Төрийн түшээ болсон хүн ингэж яригдаж байна гэдэг үнэхээр харамсалтай. Залуусын улс төр дэх өрсөлдөөнөөс үүдсэн яриа болов уу гэж таамаглаж байгаа. Гэхдээ гэм буруутай, эсэхийг хуулийн байгууллага тогтоох байлгүй. Тэр нь шийдэгдээгүй байхад юу ч гэж дуугарах билээ. Хэрэгт холбогдож нэр нь яригдаад байгаа хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулаасай гэж бодож байгаа. Хэрэв буруугүй бол нэр цэвэр ажлаа хийг л дээ. Ер нь бол төр түшилцэж байгаа хүн хүчингийн хэрэгт холбогдоно гэдэг ёсзүйгүй асуудал мөн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *