Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр “Төрийн дууллаа эгшиглүүлж чадсандаа маш их баяртай байна. Бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Хүндийн өргөлтийн спортыг үзэж, дэмжиж, ойлгож, хайрладаг бүх хүнд баярлалаа. Энэ биеийг минь төрүүлж, өдий зэрэгтэй болгосон аав ээждээ баярлалаа. Энэ амжилтийн минь хамгийн гол тулгуур болсон Хосбаяр багшдаа, хүндийн өргөлтийн холбооны хамт олонд маш их баярлалаа.
Үзэгч байхгүй бол спорт байхгүй. Тиймээс биднийг үзэж, дэмжиж, хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа. Илүү олон амжилтыг гаргаж, дахин дахин баярлуулна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг Узбекстан улсын Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн ДАШТ-д 87 кг-ын жинд огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг, нийлбэрээр 250 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр хүндийн өргөлтийн Монгол Улсын анхны дэлхийн аварга тамирчин болон эх орондоо ирж байна.