Categories
мэдээ цаг-үе

М.Алтан-Од: Дээврээс үсрэх гэж байсан залуу гэнэт “Тэр бүсгүйтэй ярилцъя” гээд над руу заасан

Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны есөн давхар байрны дээврээс 21 настай залуу үсрэхийг завджээ. Тухайн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ахлах шинжээч, ахмад М.Алтан-Од тэр залуутай 30-40 минутын турш ярилцсанаар амийг нь аварсан байна. Ингээд түүнээс тодрууллаа.


-Та 21 настай залууг есөн давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг нь болиулсан гэсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд энэ сарын 2-нд “Тус дүүргийн XVII хорооны есөн давхар угсармал 32 дугаар байрны дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлага ирсэн юм. Хэргийн газарт очиход 21 настай М гэх залуу байшингийн дээвэр дээр гарчихсан байсан. Тэрээр “Хүмүүс ойртож, миний ойролцоо ирэх л юм бол шууд үсэрнэ, амиа хорлоно” гэж байв. Өөрөөр хэлбэл, амиа хорлохыг завдаж байсан гэсэн үг.

Тухайн үед Нийслэлийн онцгой байдал болон цагдаагийн алба хаагчид уг газрыг хамгаалалтад авсан байлаа. Ингээд алба хаагчид залууг хэрхэн тайвшруулах вэ гээд ярилцаж байтал гэнэт “Тэр бүсгүйтэй ярилцъя” гээд над руу заасан. Би байшингийн дээвэр дээр гарсан. Тэр залуутай 30-40 минутын турш ярилцсаны үр дүнд амийг нь аварсан.

-Залууд юу тохиолдсон юм бол. Юу гэж ярилцсан талаараа тодруулбал…

-М гэх залууд тулгамдсан асуудлууд байсан юм билээ. Тодруулбал, тэрээр “Залуу хүн учраас надад шийдвэрлэх ёстой, тулгамдсан асуудлууд бий. Би таныг яагаад сонгож, ярилцахаар болсон бэ гэдгийг тайлбарлая. Та ээж шиг минь санагдлаа. Ээждээ би их хайртай. Тиймээс зөвхөн би тантай л ярилцана” гэсэн юм. Би хариуд нь “Эгч нь чамд тусалъя, юу болсон юм бэ. Яагаад амиа хорлоё гэж бодов. Ийм үйлдэл хийж болохгүй, үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй шүү. Чи залуу хүн. Иймээс чиний ирээдүй хэзээ нэг өдөр гэрэлтэнэ, сайн сайхан амьдрах боломж үргэлж нээлттэй байдаг. Мөн чи ээждээ хайртай гэсэн биз дээ. Тиймээс дүү минь хайрт ээжийгээ болон чамайг гэдэг гэр бүлийнхнийгээ бодох ёстой. Чиний амь нас чухал шүү. Хоёулаа бууя. Чи надад болохгүй, бүтэхгүй байгаа асуудлынхаа талаар ярьж болно. Эгч нь сонсоод, сайтар зөвлөе” хэмээсэн.

-М гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу?

-Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат М гэх залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингээд би түүнийг тайвшруулж, дахин “Яагаад амиа хорлохоор шийдсэн юм бэ. Огтхон ч ийм үйлдэл хийж болохгүй шүү” гэсэн. Гэтэл тэрээр “Би нэг хэрэгт холбогдсон. Мөн манай найз охин надаас салъя гэсэн” хэмээн тайлбарласан. Түүний найз охиных нь дугаарыг авч байгаад залгаж, хурдан хүрээд ирээрэй гэсэн юм. Найз охиныг нь түүнтэй уулзуулж, ээжтэй нь утсаар яриулсан чинь нөхцөл байдал бүр эвгүй болж, залуу их уурлаж, үсрэхийг завдсан. Тэгэхээр нь би “тайвшир” гэсэн чинь залуу “би танаас өөр хүнтэй ярилцахгүй” гэлээ. Би аргадаж, сэтгэлийг нь арай гэж тайвшруулж, байшингийн дээврээс хамт доошоо буусан.

-Түүний найз охинтой нь та ярилцсан уу?

-Түүний найз охин нь “Хоёулаа үерхэхээ болиод, салъя” гэсэн юм билээ. Үүнээс үүдэж, мөн хэрэгт холбогдсоноосоо болж, залуу сэтгэл санааны хүнд байдалд орсон байж болзошгүй санагдсан. Ямар хэрэгт холбогдсоныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Залуу тус байшингийн гадаа гарч ирээд тайвширсан. Би түүнд “Дахин амиа хорлох талаар бодож болохгүй. Аливаа асуудлыг шийдвэрлэх зам гарц гэж байдаг юм. Миний дүү ухаантай байх хэрэгтэй. Эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Залуу хүний амь нас эх оронд нь үнэ цэнэтэй байдаг” гэх зэргээр хэлсэн. Дараа нь түүнийг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчдад хүлээлгэж өгч, найз охинтой нь хамт явуулсан. Сүүлд сонсох нь ээ, сэтгэл санаа нь гайгүй болж, хэвийн байдалд орсон гэсэн. Одоо уг хэргийг харьяа дүүргийнх нь цагдаагийн байцаагч шалгаж байгаа. Залууд сэтгэл зүйн талаас нь зөвлөгөө сайн өгч байгаа гэж дуулдсан.

-Та Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилладаг. Цагдаагийн алба хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэдэг юм уу?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа юм. Гэхдээ цэрэг, цагдаагийн байгууллагатай хамтарч үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс цагдаагийн хэлтэс бүрт манайхаас шинжээч жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийхэнтэй хамт үүрэг гүйцэтгэж, ажилладаг. Анх удаа амиа хорлохыг завдсан иргэнтэй ярилцаж, амь насыг нь аварлаа. Хэд хэдэн гэмт хэргийн газарт очиж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *