Categories
гадаад мэдээ

Лондонд террорист халдлага болж, хүний амь үрэгджээ

ЗурагИх Британийн нийслэл Лондон хотын Лондоны гүүрний явган хүний зам дээр нэгэн тээврийн хэрэгсэл хүмүүсийг дайрч мөргөсний улмаас нэг бус тооны хүн амиа алджээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн 22:00 цагийн үед болсон байна. Гүүрнээс холгүй орших худалдааны төв орчимд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүсийг шархдуулсан гэх дуудлага ирснээс нэг цаг хүрэхгүй хугацааны дараа энэ хэргийн талаарх мэдээлэл цагдаа нарт иржээ. Уг хоёр хэргийг “террорист халдлага” гэж цагдаа нар үзэж байна.

Шархадсан 20 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ халдлагуудыг “аймшигт хэрэг” гэж тодорхойллоо. Тус улсын Засгийн газар эдгээр хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр яаралтай хуралдаан хийх аж.

Нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, сэжигтнүүд хэргийн газраас оргон зугтсан бололтой.

Ойр орчимд нь түүхэн дурсгалтай олон байшин барилга байдаг учир Лондоны гүүр нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.

Их Британид сүүлийн саруудад нэг бус удаа террорист халдлага болсон билээ. Тухайлбал өнгөрсөн сард Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн поп дуучин Арена Грандын тоглолтын дараа амиа золислогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдсэн юм. Мөн энэ оны гуравдугаар сард Лондон хотын төвд нэгэн этгээд цагдааг хутгалан хөнөөж, дараа нь автомашинаар таван явган зорчигчийг дайран хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тус улсад ирэх долоо хоногийн пүрэв гарагт парламентын сонгууль болох юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *