Categories
мэдээ цаг-үе

Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхтэй зарчим”-ын сургааль

Зохиолч, соён гийгүүлэгч Лодонгийн Түдэв гуайг танихгүй монгол хүн нэгээхэн ч үгүй. Хөдөлмөрчийн туйл болохоор хөдөлмөрийн баатар, авьяастны дээд учир ардын уран зохиолч болсон хүн гэх мэтээр бичих түүнд үнэн балчирдана. Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж, Нобелийн шагналд Монголоос анх нэр дэвшиж байсан түүнд магтаал шиг хэрэггүй зүйл байхгүй. Оюутан ахуйд Очирбатын Дашбалбар багш маань аугаа гэхэд багадах эл эрхмийг баруун дөрвөн зам дээр байрлах С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд урихад тэр хавийн “Гурван эрдэнэ”, Дорно дахины гүн ухааны сургуулийнхан гээд бараг мянгаад оюутан хурлын танхимд багтахгүй шахам цуглаж байсныг санаж байна. Хожим харин азтай тохиолоор эрдмийн оргилд гарсан мэргэдийн дээд сайн оюутаас өдрийн хугас үгийг нь сонсох завшаан тохиосон юм. Тэр өдөр бол 2006 оны аравдугаар сарын 19-ний пүрэв гараг байж. Ажиллаж байсан “Улаанбаатар таймс” сонины хойморт дэлхийн шилдэг зуун зохиолчийн нэг Л.Түдэв гуай уригдсан юм л даа. Их сэтгэгч тэрбээр өнөө цагийн өнгө төрхийн талаар сэтгэл оюуны ертөнцдөө буулгаснаа бид бүхэнд тэгэхэд илэн далангүй нээн гаргаж байсан билээ. Л.Түдэв абугай тэр өдөр ерөнхий эрхлэгч Жүмпэрэлийн Саруулбуянд нэгэн содон сонирхолтой зүйлийг эрхэмлэн гардуулсан нь Оросын их зохиолч Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал байлаа.

Захидлыг зүгээр ч нэг өгчихсөнгүй. Идэвхтэй зарчмыг номлосон захидлын утга өнөө цагт хуучраагүйгээр үл барам дахин сэргээн харах цаг болсныг тэрээр сануулж, Горькийн захидлын орос, монголоор эмхэтгэсэн нугалбарын ард “Ж.Саруулбуянд. Таны эрхлэн гаргаж буй “Улаанбаатар таймс” сонины нагац ах “Известия Улан-Батор хото” сонинд 1925 оны хавар буюу өдгөөгөөс 80 жилийн тэртээ Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал хэвлэгдсэний дурсгалд мөнхүү захидлыг өргөн барив. Л.Түдэв” гэж гарын үсгээ зуран гүн хүндэтгэлтэйгээр өгсөн бүлгээ. Дараа нь тэрээр соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт шог зураач Цэвэгийн Байды, ерөнхий эрхлэгчийн орлогч Н.Ариунтуяа, сэтгүүлч Г.Идэрхангай, яруу найрагч Г.Сонинбаяр нарт идэвхтэй зарчмаар замнаж ирсэн монголчууд өнөөдөр яагаад идэвхгүй зарчим баримтлах болов оо гэсэн сэхээрэлт санаагаа тайлбарлаж, мөхөс миний бие тэмдэглэж авчээ. Л.Түдэв гуай “Тэртээ алс Итали орноос Максим Горький наян жилийн өмнө монголчуудын захидалд хариу өгөхдөө “идэвхтэй зарчмыг номлох” зөвлөгөө өгсөн билээ. Бас дээр нь нэмж “номой чөлөөг хүсэх биш харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг” орчуулж, бичиж байхыг их зохиолч Максим Горький зөвлөж билээ. Энэ бол зөвхөн Монголд ч биш бүх нийтийн зарчим юм.

Монголын сэхээтнүүд тэр зөвлөгөөг үйл ажиллагааныхаа удирдлага болгож далан жил дагаж мөрдсөн нь оноогүй биш оносоон. Ямар ч гэсэн далан жил буюу бие хүний нэгэн насны нүүрэн дээр монгол хүн газраас сансарт хүртэл цойлсон. Мориноосоо моторт хөлгийн жолоонд шилжиж, эмээлээсээ аэрплаанд суусан. Үнсэн самбараа цахим дэлгэцээр сольсон. Өөхөн дэнгээ өндөр хүчдэлээр сольсон. Өргөө гэрээ өнөр айл болгосон. Өвчин эмгэгээсээ өргөн түмнээр салсаан.

Зах, дэлгүүр, буудал, баар гэдэг “идэвхгүй зарчмын салбар”-ууд ноёрхлоо

Түдэв гуай ширээн дээр буй цэвэр ус авч хоолой чийглэнгээ цааш хүүрнэв. “Гэвч өнөөдрийн Монгол ямар байна? Замаас хадуурлаа гэж ахас ихсээ өөчлөөд замын дундаас буцаж эргээд зах зээл рүү очсон. “Бараан зах” гэж хуучин нийслэлд байсан нь үгүй болсонд халаглаж “бараан зах” байгуулахаар ганзагын наймаанд гарцгаасан. Ганзагалж багтахгүй болохоор нь чингэлгийн наймаанд шилжсэн. Ахмад үеийнхний буянаар чингэлэг тээх төмөр замтай байгаадаа аз болсон. Нийслэл хот маань мухлаг, ТҮЦ, баарын, дэн буудал, мөрийтэй тоглоом, хятад ший яанзны төв болж улмаар Гоголийнхоор бол “Сорочины яармаг”, Лу Синийхээр бол “Ганжуурын яармаг” хойд дүрээрээ залрах нь тэр. Энэхүү дурдсан зах, дэлгүүр, буудал, баар гэдэг нь “идэвхгүй зарчмын салбар”. Хэн нэгний, ихэвчлэн гадаадын бэлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хямдавтар аваад (голдуу илүүдэл бүтээгдэхүүн) үнэ нэмж эх орон нэгтэндээ худалдаалж мөнгө олох, эсвэл явуулын хүнд түр орогнол, ор дэр олгож мөнгө олох, үгүй бол саваагүйчүүдэд архи, дарс зарж халаасыг нь хоослох “ажилтайн” хувьд “идэвхгүй зарчмын аж ахуй” юм. Ийм маягийн амьдралыг ахмад үе маань “зах зээлийнх” гээд яг онож хэлсэн нь өрнөдийн “рыночная экономикиа” гэдэгтэй дүйж очмогц л бэлэнчлээд л тэр нэр томьёог Монголын түшмэдүүд үг дуугүй, бодлого эргэлзээгүй авч хэрэглэснээрээ “социализм”, “коммунизм” гэдэг нэр томьёог “өргөж” авсантай арга барил нь ихэр юм. “Одоо манайх ямар нийгэм байгуулж байна” гэж сонгогчид нэр дэвшигчээс асуухад тэд нэгэн дуугаар зах зээлийн, эдийн засгийн нийгэм гэж хариулцгаадаг. Гэтэл, “Үндсэн хууль”-д нь “…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулна…” гээд бичээд тунхаглачихсан байдаг” гээд бидэн рүү нухацтай харж байсныг санаж байна.

Хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй үндэстэн болох арчаагүй тавиланд унах вий

Бид Л.Түдэв гуайг урихдаа зөвхөн өөрийнх нь тааллын сэдвээр сонсоно гэсэн болохоор үнэндээ уран бүтээл болоод өөрийнх нь тухай лавлаж чадаагүй. Тэрээр цааш нь “Зах зээлийн харилцаа хэзээ ч хүмүүнлэг байж чадаагүйг тийм харилцаа өндөрт гарсан гэдэг барууны орнууд хоёр зуугаад жилийнхээ түүхэн сургамжаар ил тод харуулчихаад байгаа. Гадаадын илүүдэл, өргөн хэрэгцээний аль ч бүтээгдэхүүн манайд уул нутгийнхаасаа заавал өндөр үнээр зарагдаж байгааг нуултгүй. Үүнийгээ өмгөөлөх бамбай ч бэлэн бий. Газар нутаг хол, тээврийн зардал өндөр, татвар ихтэй гээд элдэв шалтаг заагаад худалдан авагчийн амыг таглаж орхино. Хамгийн наад захын эмийн зүйл гэхэд л уул газраа таван доллар, манайд ирэхээрээ хоёр гурав нугалаад 15-20 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бүхнийг үл өгүүлэн давтан өгүүлэхэд манай нийслэл хотын сүүлийн 15 жилд шинэчлэгдсэн гээд байгаа бүх л гоёл чимэг, гуанз, дэлгүүр, баар цэнгээний газар, зочид буудал, зах зээл, банк хүртэл цөм л үйлдвэрлэгч салбар биш “идэвхгүй зарчмын аж ахуй” шүү дээ. Мөнгө хүүлдэг, хүүдийлдэг талаа л “идэвхтэй” гэж тодорхойлохгүй бол өөр тодотгол эдгээрт байхгүй. “Идэвхгүй зарчмын энэ салбарууд” “идэвхтэй зарчмын” бүтээн байгуулагч салбарыг аажмаар залгиж байгаа нь илэрхий. “Үйлчилгээний нийгэм”, “Хэрэглээний эдийн засаг” гэж номын үг хаялаа ч гэсэн энэ нь үнийг хөнгөлөх үйтэн хуар болж чадахгүй. Хүний бэлтгэсэн хоол хүнс идэж, харийн үйлдвэрийн хувцас өмсөн гоёж, хувь хүн нэгэн насыг элээх болно. Гэвч, нийгэм тэгэх гэвэл нэг л өдөр “хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй” үндэстэн болох арчаагүй тавиланд унах болно. “Тэд хэрэглэж амтшиг, бид хийж хожноо” гэдэг дотор ухаантны холын бодлогын золиос болохгүйн тулд оруулах (импорт) шуналыг “гаргах” (экспортлох) бодлогоор залуурдах, “идэвхгүй зарчмын” салбарыг “идэвхтэй зарчмын” салбараар хөтлөх хэрэгтэй болжээ” гээд санаа алдсан сан.

Эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар…

Монгол Улсад “идэвхгүй зарчмын бодлоготнууд” төр барьсаар байна. Өөрөөр хэлбэл “идэвхгүй зарчмын өвчин” толгойд нь архагшин ужгирчээ. “Идэвхгүй зарчим” дээр маань ноёлжээ. Үүний илрэл нь манай төр засгийн эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар өнөөг хүрлээ. Тэр гурван зээрд нь гадаадаас авах зээл, тусламж, хандив гурав юм. Зээл авах гэдэг нь бэлэнчлэх сэтгэлгээний үндсэн илрэл, тусламж гуйх нь бүүр ч идэвхгүй, алгаа тосон арчаагүйдэх, хандив гуйх нь мөн л нэг тэрэгний өрөөсөн дугуй юм. “Идэвхгүй зарчмын” энэ гурван аргыг огт хэрэглэхгүй явдаг улс орон ховор. Гэхдээ манайх шиг алга тосож авсан юмандаа эзэн болж, ажил хэрэг бүтээж чаддаггүй “бүхлээр” нь гулигуулчихдаг улс орон бас ховор оо. 1991 оноос хойш манайхны авсан гадаад зээл нэг тэрбум ам.доллараас хэтрээд дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувиас давчихаад байгаа нь “төрийн түгшүүр зарлах” хэмжээнд хүрчээ гэсэн үг шүү дээ. (Эл тоо баримт 2006 оных гэдгийг анхаарна биз. Л.Б) Зээл авах үед сайхан мэт санагдавч авсан тэр мөчөөсөө эхлээд нэр нь өөрчлөгдөн “өр” болдгийг мөнгө зээлж, зээлдүүлж үзсэн хэн бугай ч мэдэх зүйл. Тэр бүхнийг харгалзахгүйгээр Монголын төр засгийн мэдэлтнүүд улсынхаа нэр, ард түмний нэр бариад л жил тутам 330 саяас доошгүй ам.долларыг донор (өглөгч) орнуудаас зээлсээр ирлээ. Тэтгэвэр тусламж хүссэн иргэдээ “бэлэнчлэх” сэтгэлгээтэй гэж зандарчихаад УИХ-ын танхим, Засгийн газар, яам тамгын өндөр сэнтийд гэдийсхийн суугчид өөрсдөө “бэлэнчлэх” сэтгэлгээний бүх төрөл зүйлээр “шүдээ хүртэл зэвсэглэчихээд” хэнэггүй царайлсаар он цагийг элээж байгаа нь монгол эмгэнэл юм даа. “Идэвхгүй зарчмын” дэд хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулалт, элдэв гоё нэртэй төслүүд юм. Хэчнээн ч төсөл Монголд “хэрэгжив” дээ. Даанч тэдгээрийн “үр хүүхэд” гэж тоймтой юм харагдахгүй байгаа нь “хусран байдас” гэж нэрлэхэд төслүүдийн нэлээд хэсэгт зохихоор болжээ.

“Түшмэдийн цомхотгол” хийж, цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ

Толгойд маань “идэвхгүй зарчим”, “бэлэнчлэх сэтгэлгээ” нэгэнт бугшчихсан болохоор гар хөл ер нь доод тал маань мөн л энэ өвчнөөр өвчилж орхижээ. Нийгмийн бүүр доод давхарт бол “идэвхгүй зарчмын” илрэл нь хөдөлмөрийн бус орлогоор амьдрах тусгай сургууль болон хувирчээ. Түшмэдүүд авлига авна. Өгөхгүй бол хүнд суртал гаргана, боож, хавчина, сунжруулна, дарамтална. Манайдаа ахадсан олон яамд байхад тэдний хэрэгжүүлэх агентлагууд гэж бас нэг давхардсан илүүдсэн дээлтнүүд мөн л цөөнгүй байна. Тэднийг ажилтай бас “авлигатай” байлгахын тулд аливаа ажил эрхлэх гэсэн иргэдэд зөвшөөрөл, магадлал олгох “эрхээр” хангаж өгсөн тогтолцоо нэгэнт архагшин буй болсон. Цахим засаглал байгуулах бололцоо бүрдэж байхад ч гэсэн ядаж сонгуулийн үеэр иргэдээ толгой дараалсан тооцоог нь санах байгууламжид хийчих идэвх алга. Хамгийн хашир томоосоо эхлээд намууд ч гэсэн гишүүдийнхээ цахим бүртгэл хийж хөтөлдөггүй мөртлөө хандив авах эрхээ хуульчлаад авчихсан сууж байдаг. Олон мянган түшмэд долоо хоногт дөрөвхөн өдөр алдаг оног ажиллаж тав дахь өдөр “Баасан эгчийнд” айлчлаад зургаа, долоо дахьд нь найрлаад нэг дэх юм уу даваа гаригийн үдээс өмнө “шараа тайлах” арга бодоод сууж байдаг нь нуултгүй болсон зүйл. Тиймээс “түшмэдийн цомхотгол” хийж цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ.

Хогийн асуудал эрхэлсэн яамтай болъё

Хэрэглээний, бэлэнчилгээний хэвшил тогтож буй нийслэлд хогийн асуудал эрхэлсэн яам шинээр хэрэгтэй байна. Хогийн сайд хүртэл барууны оронд байдаг гэдэг. Хогийг алт мөнгө болгох ажил эрхлэх юм бол тэр харин “идэвхгүй биш идэвхтэй зарчмын” яам болох юм даа. Ядуурсан зарим хүмүүсийн, ялангуяа хөдөөнөөс нийслэлд ирэгсдийн “идэвхгүй зарчмын сэтгэлгээ” хотын хог дээр “ажиллахад” аргагүй хүргэж байна. Бэлэн хог түүж, лааз, шил мэтийн юмаар хэдэн төгрөг олоод өдрийн хоолоо залгуулахад буруу юм юу байхав. Харин хогчдын хүчийг нэгтгээд зохион байгуулалтад оруулах, зориулалтын хувцас хунар, тоног төхөөрөмжөөр хангаад, хог ангилах сургалт явуулаад тусгай цэгт хог хүлээн авч, тэр дор нь ажлын хөлс өртгийг бэлнээр өгдөг байгууллага буй болгоогүй нь нийгмийн хамгаалал манайд ямар байгаа, хүмүүнлэг сэтгэлгээн дээрээ хичнээн ядуурсныг л гэрчилж буй хэрэг. Хог ухагчид бол бас ч хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл хулгай дээрэм хийдэг, залилан мэхлэх аргаар бусдыг шулдаг, тонодог этгээдүүд манай нийслэлд улам олширч арга мэх нь улам нарийсаж нийгмийг айдас түгшүүрт живүүлэхэд хүрч буй нь хөнгөн бузар аргаар хөлжих гэсэн “идэвхгүй зарчмын” бас нэгэн гажиг юм. Ажилгүйдлийг арилгах тухай амлалт уриалга өгчихөөд юу ч хийдэггүй “үгээр идэвхийлж, үйлдлээр үл идэвхийлэгч” засаглалын хомсдолын бас нэг гай нь энэ юм.

Түдэв гуай ийн үнэт сургаалиа айлдсаны дараа бидний асуултад хариулж билээ. “Та хэрэглэж сурах яахав, хийж л суръя гэдэг хүн” гэхэд “Хэрэглэхээсээ илүү хийж бүтээх сэтгэлгээг хөгжүүлмээр. Манайх газар нутаг томтой, нүүдлийн мал аж ахуйн орон. Өмнөд Монгол БНХАУ-ын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн дааж байна. Тэгэхэд манайх гаднаас жилд 900 тн хуурай сүү оруулж ирж, ард түмнийхээ халаасыг тэмтэрч байгаа нь нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээний бэлэн загвар биш үү. Монгол зөвхөн малынхаа эвэр, туурай зэрэг түүхий эдийг гадаадад гаргахад л баяжна” гэсэн бол “Хэрвээ та Ерөнхийлөгч болсон бол юу хийж хэрэгжүүлэх байв” гэсэн асуултад “Би “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” гэсэн зүйлийг гол мөрийн хөтөлбөрөө болгож байсан. Үүнийг л манайд хэрэгжүүлбэл хөгжих замдаа орно. Орост захын нэг эмгэн л хэдэн зөгий тэжээж байдаг. Гарлага, зарлага гараад байх юм байхгүй. Энэ чинь л өрхийн үйлдвэрлэл” гэж аман дээр атын тавхай тавьж байсан.

Түдэв гуай цааш нь “Цагтаа бид эх орондоо үгүй ядахнаа гутлаа хийдэг байлаа. Гэхдээ гадны технологи, гадны санаа бодлыг зээлдэж байсан учраас уналтад ороод хийж чаддаг юмаа хийж чадахаа больсон нь дэндүү гунигтай. Гутал, хадаас мэт ойр зуурын зүйлээ хийгээд сурчихвал хөгжил тэр. Гутал гэснээс гудамжинд алхаад явж байхад алхаар тогшиж байгаа юм шиг тог тогхийсэн чимээ гарахаар харахад л сүрхий сүрхий өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүй явж байх. Монгол бүсгүйчүүлд европын урт хөлтнүүд өмсөхөөр зориулагдсан зүйл бие махбодийн хувьд ч яаж таарахав дээ. Хүн харахад их сайхан ганган хүн болох гэж байгаа юм биз дээ. Гэтэл ийм өндөр өсгийт өмссөнөөр бөөр муудаж байна. Сав нь гажиж, үргүй болох тохиолдол ч байна. Нуруу нугасаар дамжсан доргионд тархи, төв мэдрэлийн тогтолцоо ч гэмтдэг. Мэдэхгүйн харгайгаар насаараа гэмших зовнилын үрийг тарьж байна” гэж ярьж байсан нь өнөө ч чихнээ сонсогдох шиг болном. Тэр өдөр Л.Түдэв гуай бидэнтэй санааныхаа уг дахь бүхнээ уудлан ярихдаа нийслэлийг Хархоринд шилжүүлэх хэрэгтэй гээд Бразили улс нийслэлээ Сан-Паулогоос Рио-Де-Женейро руу нүүлгэсэн жишээг дурдан, дэд бүтцээ хөгжүүлчихвэл аялал жуулчлал дагаад мөнгө аяндаа урсаад ороод ирнэ гэх мэтээр удаан хүүрнэлдэж билээ.

Монголын Бүрэн эрхт төлөөлөгч Эрдэнэ Батхаанд

Хүндэт Эрдэнэ Батхаан

Таныг нэн сонирхолтой захидал илгээсэнд үнэн зүрхнээс Танд талархана. Монголын сэхээтний гүйцэтгэхээр тавьсан зорилго хэдий их бөгөөд хэцүүг Та надад тодорхой мэдрүүлж өгөв. Та, мөн Таны нөхөд зориг төгөлдөр байхыг үнэн зүрхнээс хүсэн ерөөе. Та нарын чухал их хэрэг үүсгэсэндээ итгэх итгэл тань насан туршид бат орштугай. Монголын сэхээтэн Та нарын эрэлхэг шийдэмгий эхэлсэн ажлаас илүү чухал бөгөөд хэцүү ажил ертөнц дээр байхгүй. “Манай хүч төдий л их биш” гэж Та бичиж байна. Энэ бол Та нарыг зовоох ёсгүй. Учир нь хүчний тоо чухал биш, чанар чухал шүү. Хэдэн арван шийдэмгий хүний хүчээр оросын үй түмэн номой тариачид шинэ амьдралд дэвшиж буйг Та нар бэлхнээ мэдэх биз.

Оросын уран зохиолыг монгол хэлэнд орчуулахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэж Та нар асууж байна. Энэ асуултад Та нарыг хангаж чадахуйц яв цаваар би хариулж чадна гэж үү дээ? Гэвч Монголын тухай миний уншсан номыг баримталж, монгол хүний сэтгэлийн тухай миний бодоход Таны ард түмэнд идэвхтэй зарчмын номлол ялангуяа тус бололтой. Бүх олон ястанд хүртээх зохистой сайн сайхан юм гэж Европт юу байдаг болбоос тэр цөм аж амьдралаа идэвхтэй зохиодгийн ачаар бүтжээ. “Хүсэл бол зовлонгийн үүсэл” гэж бурхан номложээ. Европ бол чухамхүү нэгэнт олдсон зүйлээс ямагт дээр сайныг олохын тул тохиолдох зовлонгоос огт айдаггүй байсан учраас, шинжлэл, урлаг, техникийн талаар дэлхий дахины бусад улсаас ихэд урагш дэвшжээ.

Европ бол өөрийн ард түмний шударга чөлөөг эрмэлзэх сэтгэлийг өрнүүлж чадсан юм. Гагц үүний тул түүний олон гэм нүглийг бид уучилж болно. Монголын ард түмнийг Европын байдал ба түүний олон түмний одоо цагийн хүсэлтэй танилцуулахаар европ зүгийн номоос идэвхтэй зарчим ухааны шургуу дүрийг илт үзүүлсэн бөгөөд номой чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг шилж орчуулбаас зохих болов уу гэж би санаж байна. Шинжлэх ухааны хүмүүс: Пастер, Фарадей юм уу, Франклин, Гарибальди гэх мэтийн хүмүүсийн намтар их ашигтай байх болов уу гэж би бодож байна. Тиймэрхүү намтар бол хүмүүжүүлэх талаар уран зохиолоос дутуугүй чухал юм.

Уран зохиолоос бол эрх чөлөө, шударга үзлийг удирдлага болгодог хүний баатарлаг үйлсийг хамгийн хурц тод харуулсныг нь сонгож авах хэрэгтэй. Энэ талаар хамгийн илүү тохиромжтой номыг одоогоор нэрлэхэд над хэцүү байна. Гэхдээ Та нар хүсвэл би бодож байгаад тиймэрхүү номын жагсаалтыг гаргаж өгье. Одоогоор Таны захидалд хариу бичихийг яаравчлан Танд ба Таны нөхдөд сэтгэлээр сэтгэлээр сэргэлэн, өөртөө итгэлтэй байхыг дахин хүсэн ерөөе.

М.Горький

7 replies on “Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхтэй зарчим”-ын сургааль”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *